Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан тэргүүтэй тус салбарынхан болон Гаалийн ерөнхий газрын дарга П.Дэлгэрнаран, ХХЕГ-ын Хилийн боомтын газрын дарга, хурандаа В.Намхайнямбуу нарын албаны хүмүүс өнгөрсөн баасан, бямба гарагт говийн бүсэд өрнөж буй бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцаж, хэд хэдэн асуудлыг газар дээр нь шийдвэрлэв. Засгийн газрын 14 мега төслийн нэгдүгээрт эрэмбэлэгдэж буй Гашуунсухайт- Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын төслийн бүтээн байгуулалтыг 2025 оны зургаадугаар сард эхлүүлсэн.

Монгол Улс, БНХАУ-ын хооронд 1955 оны хэлэлцээрээр байгуулсан Замын-Үүд-Эрээний төмөр замаас хойш 70 жилийн дараа баригдаж буй хоёр дахь хил холболтын төмөр замын энэхүү бүтээн байгуулалтын ажлын захиалагчаар Монголын төмөр зам ТӨХК, гүйцэтгэгчээр БНХАУ-ын Төмөр замын барилгын корпорац (“China Railway Construction Corporation” CRCC), хяналтыг хэрэгжүүлэгчээр “Тавантолгой төмөр зам” ХХК ажиллаж байна.
Гашуунсухайт–Ганцмод боомтын төмөр зам нь нийт 32.6 км урт, 1520 мм өргөн болон 1435 мм нарийн царигийн хос замтай, жилд 40 сая тонн ачаа тээвэрлэх хүчин чадал бүхий тээврийн сүлжээ болно. Үүнээс 19.5 км нь гол төмөр зам, үлдсэн хэсэгт 7–34 метрийн өндөр дан болон хос гүүрэн байгууламж, хил орчмын хяналтын цогцолбор, технологийн барилга байгууламж, дэд бүтцийн иж бүрэн цогцолбор болох юм.

Хил дамнасан төмөр замын төслийн бүтээн байгуулалтын ажлын явцын талаарх хоёр талын уулзалт хоёр улсын хил дэх дундын цэг буюу хилийн хаалттай бүсэд болов.

Сайд Б.Дэлгэрсайхан, Энэ бүтээн байгуулалтад Засгийн газраас онцгой анхаарч байна. Өнгөрсөн өвөл Хятадын тал бүтээн байгуулалтад шаардлагатай элс, хайрга, арматур, геодези, геологийн гэх мэт бэлтгэл ажлыг хангасан. Энэ жил бүтээн байгуулалтын ажил зогсолтгүй үргэлжилнэ. Бүх ажлын 70-80 хувийг гүйцэтгэнэ. 2027 оны эхэнд үлдсэн ажлаа гүйцээж, мөн оны 4-р сард туршилтын тээврийг эхлүүлэх төлөвлөлттэй.
Бүтээн байгуулалт өрнөх хилийн зурвас газрыг хоёр улсын тал хаалттай бүс болгон авч, Гадаад харилцааны яамаараа дамжуулан харилцан ноот бичиг солилцсон. Мөн хаалттай бүсэд ажиллах түр журмыг Монгол Улсын Засгийн газрын хуралдаанаар оруулж, батлууллаа. Засгийн газрын тогтоолоор батлагдсан Хаалттай бүсэд ажиллах түр журмыг гүйцэтгэгч компанийн удирдлагуудад уулзалтын үеэр гардууллаа.
Мөн гүйцэтгэгч компанийнхан үзэж, танилцсаны дагуу тэдний санал болгосон газраас нь түгээмэл тархацтай ашигт малтмал болох элс, хайрга зэргийг ашиглах асуудлыг Засгийн газрын тогтоолоор шийдсэн. Хамгийн чухал нь ажиллах хүч. Энэхүү бүтээн байгуулалтад ажиллах Хятадын 1280 ажилчны виз олговол Монголын газар нутагт ажиллах боломж бүрдэнэ. CRCC корпорацийн хүсэлтийн дагуу ажиллах хүчний визийн асуудлыг Засгийн газрын 2026 оны 3-р сарын 4-ний өдрийн хуралдаанаар шийдэж, албажуулсны дагуу Гадаадын иргэн, харьяатын газрын Өмнөговь аймаг дахь салбараас хилийн бүсэд ирж, Хятадын ажилчдад виз олгоно. Ингэснээр бүтээн байгуулалтын ажил саадгүй үргэлжилнэ гэв.

Төслийн нийт төсөвт өртөг нь 902 тэрбум төгрөг бөгөөд гүйцэтгэгч тал энэ төсвийг нэмэх саналаа манай талд тавьсан байна. Гэрээ байгуулснаас хойш зах зээл дэх мөнгөний ханшийн уналт, ажиллах хүчний хөлс болон бусад түүхий эдийн үнэ нэмэгдсэн. Тиймээс төсвийг 51 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлэх хүсэлтийг CRCC корпорациас тавьжээ. Бүтээн байгуулалтын ажлыг саадгүй явуулахын тулд шийдвэрлэх шаардлагатай асуудлуудлын нэг нь энэ болохыг Хятадын талаас онцлов.
Хариуд нь сайд Б.Дэлгэрсайхан, Энэ асуудлыг шийдэхээр Монгол Улсын Засгийн газрын ажлын хэсэг байгуулагдсан. Ажлын хэсгийг би ахалж, бүрэлдэхүүнд нь Сангийн сайд, Гадаад харилцааны сайд, Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд болон албаны бусад хүмүүс багтаж байна. Бид анхны хуралдаанаа хийсэн. Дараагийн долоо хоногт хоёр дахиа хуралдаж, Засгийн газарт танилцуулна. Монгол Улсын Тендерийн тухай хуулийн дагуу ажлын гүйцэтгэл 15 хувьд хүрвэл зөрүү зардлыг гүйцээж төлж болох зохицуулалтын дагуу шийдэхээр ярилцаж байна гэлээ.

Хил дамнасан төмөр замын төслийн менежер Ван Сан Тао, Төслийн барилга байгууламжийн ажил харьцангуй эмх цэгцтэй, төлөвлөсний дагуу үргэлжилж байна. Байгууламжийн гол хэсгийн тулгуур багана суурилуулах ажил бүрэн дууссан. Энэ онд хийх хамгийн том ажил бол гүүрийн барилгын ажил юм. Гүүрийн тулгуур багана маш том хэмжээтэй ба цаг хугацаа их авсан ажил. Төслийн талбайд өндөр стандартын шаардлага хангасан машин механизм, тоног төхөөрөмжүүдийг ашиглаж юм. Энэхүү гүүрэн байгууламж нь Монгол, Хятад улсын “Торгоны зам”-ын түүхийг сануулах гол хэсэг болно. Мөн манай хоёр орны ард түмний найрамдлын гэрч, эдийн засгийн харилцааны түшиц болох бүтээн байгуулалт болно гэж найдаж гэв.

“Тавантолгой төмөр зам” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Х.Пүрэвжаргал, Өнгөрсөн онд бэлтгэл ажлыг сайн хангасны үндсэн дээр төслийн гүйцэтгэлийг 10 хувьд хүргэсэн. Энэ он бол бүтээн байгуулалтын оргил ачааллын буюу бүтээн байгуулалтыг 82 хувьд хүргэж, 2027 оны 4-р сард туршилтын галт тэргийг аялуулахаар төлөвлөсөн.
Төслийн хүрээнд БНХАУ-ын 1280 ажиллах хүч ажиллана. Гэрээний дагуу төслийн нийт санхүүжилтийн 30 орчим хувьд нь Монгол Улсын компаниуд ажиллана. Бидний тооцоолсноор 300-400 монгол ажилчин түр ажлын байраар хангагдана. Ажилчдын байр, цэвэрлэх байгууламж, зүтгүүр зэхэлтийн талбай зэрэг 30 гаруй байгууламж баригдана. Энэ бүх ажлыг Монгол Улсын компаниуд хийж гүйцэтгэнэ.
Бид бүхэн хоёр улсын хилийн тэг цэгт ирээд байна. БНХАУ-ын талд 34 тулгуур багана барих ёстой, бүгд баригдсан. Монгол Улсын талд 284 багана баригдахаас өнөөдрийн байдлаар хоёр багана баригдаж, нэг баганын угсралтын ажил эхлээд байна. Энэ оны 6-р сараас БНХАУ-ын талаас дам нурууны угсралтын ажлыг эхлүүлнэ.
Бидний нүдэнд тулгуур багануудын бүтээн байгуулалтын явц харагдаж байгаа бол хилийн цаана БНХАУ-ын нутаг дэвсгэрт Дам нурууны үйлдвэр, үүнтэй холбоотой дам нурууг уураар хатаах, арматур бэлтгэх талбай зэрэг олон бүтээн байгуулалт өрнөж байгаа гэлээ.

Хоёр улсыг холбосон Гашуунсухайт-Ганцмод боомтод хил холболтын төмар замын тулгуур багануудыг босгож буйг бид харж байна. Эдгээр баганын өндөр нь 7-34 метр байх бол тулгуурын тогтворжилтыг хангах зорилгоор тулгуур бүрийн дор тус бүр нэг метрийн диаметртэй, 12 ширхэг шон суурийг 35-41 метрийн газрын гүнд суулгаж, зохих бэхжүүлэлтийг хангана. Дараа нь газар дээрх арматур бэлдцийг суурилуулж, бетон цутгалтын ажлыг хийж, тулгуур багануудыг босгосон байна. Тэгэхээр газар дээр хамгийн өндөр нь 34 метр багана харагдах ч газрын гүнд 40 метр орчим, нийт 70 метр том бүтэц юм байна.
Газрын гүнд 30-40 метр өрөмдөж, шонгийн суурь суулгах энэ ажил нь маш их цаг авдаг аж. 2025 онд хийсэн гол ажил нь өрмийн ажил байсан бөгөөд Монголын талд 2382 ширхэг шон суурь өрөмдөхөөс гүйцэтгэл 60 хувьтай явна. Одоо арматураа өрөмдсөн нүхэндээ суулган, бетон цутгалтыг хийнэ. Тэгэхээр өнгөрсөн жил маш их цаг авдаг гол ажлуудаа нугалсан гэж “Тавантолгой төмөр зам” ХХК-ийн инженерүүд тайлбарлав.

Монгол Улс 2026 онд 90 сая тонн нүүрс экспортолсон. Энэхүү хил холболтын төмөр зам ашиглалтад ороход нэвтрүүлэх хүчин чадал нэмэгдэж, 160 сая тонныг экспортлох зорилго тавьжээ. Тэр дундаа Гашуунсухайт боомт нь манай улсын нүүрс экспортын гол гарц бөгөөд одоогоор жилд 40 сая тонныг экспортолж байна. Төмөр зам ашиглалтад ороход тээврийн зардал 2–2.5 дахин буурч, экспортын гарц 30 сая тонноор нэмэгдэж, тээврийн орлого 300 сая ам.доллароор өснө гэж тооцоолж буй юм.