Өмнөговь аймгийн Гурвантэс сумаас хойш 150 километрийн зайд цаг хугацааны зогсоол мэт Хэрмэн цав алсаас харагдана. Хэдэн зуун сая жилийн өмнө царцан зогсжээ. Энэ бол халуун, хүйтний тууль, хатуу нь зөөлнөөрөө, зөөлөн нь хатуугаараа дутаж явдаг орчлонгийн буйд хязгаар.
Нүд торох зайгүй энэ орчлонгийн уудамд амьдрал буйг илтгэх мэт алсад өнчин ганц гэр торойно. Тэр бол энэ царцан зогссон олон сая жилийн цаг хугацааны манаачийн гэр. Нар салхинд гандсан хүрэн царай, аргил бүдүүн хоолой, бодлогоширсон гүн харцтай, төлөв тогтуун энэ эрхмийг Говь Гурвансайханы байгалийн цогцолборт газрын байгаль хамгаалагч Батаагийн Мөнхжаргал гэнэ.
Тэр магадгүй Монголын хамгийн том газартай хүн байх. Учир нь Монгол Улсын хамгийн том талбайг хамгаалдаг байгаль хамгаалагч болохоор тэр. Говь цөлийн бүсийн 244,948 га буюу Дархан, Эрдэнэт хотуудаас ч том газар нутгийг ганцаар сахин хамгаалдаг юм.
Зундаа нэмэх 50 хэм хүртэл халж, халуун салхи тавих үед зуухны ам онгойлгочихсон мэт шардаг цөлийн бүсийг хамгаална гэдэг хэрийн хүний тогтож ажиллах ажил биш.
Биднийг очих үед тэрээр эргүүл шалгалтаар явах замдаа унаа нь саатаж, 16 километр алхаж байж сүлжээнд хүрч, хүн амьтанд хэл дуулгасаар гэртээ ирээд байлаа. Энэ эзгүй дайдад ганцаараа болохоор хэндээ ч найдах билээ.

Ийм зүйл өдөр бүхэн л түүнд тохиолдоно. Сүүлдээ тоохоо ч байж. Байгалийн хатуу, зөөлнийг сөрөн байж, өсөж төрсөн нутгаа сахин хамгаалах хүнд хэцүү энэ ажилдаа амьдралынхаа 13 жилийг зориулжээ.
Б.Мөнхжаргал уул нь байгаль хамгаалагч биш кино жүжигчин болохыг мөрөөддөг хүү байжээ. Бичиг үсэг гадарлах болсноосоо "Элс цас", "Газар шороо", "Хошуу цагаан нутаг", "Тунгалаг Тамир" романаар амьсгалан өсжээ. Сургуулийн номын сан руу өдөр бүр харайлгана. Орой 23 цагт сумын дизель мотор унтрахад л сэхээ орон гэрийн зүг дуртай дургүй сажилна. Гэхдээ л хувь заяа гэдэг түүнийг энэ сайхан говиос нь салгаж чадсангүй.
Хоёр нийгэм солигдохын үест буюу 1989 онд цэргээс халагдаж ирсэн залуу нэгдэл нийгмийн болоод өмч хувьчлалаар авсан хэдэн малаа бараадлаа. Хэдэн малаа хариулах зуураа сумын идэвхтэн байгаль хамгаалагч болов. Ингэж явтал Хамгаалалтын захиргааныхан байгаль хамгаалагчаар ажиллаач гэх нь тэр. Б.Мөнхжаргал ч уухайн тас зөвшөөрлөө. Түүнээс хойш 13 хавар улирчээ.
Өдгөө тэрээр говь цөлийн бүсийн ховор, нэн ховор амьтан, ургамал, Нэмэгтийн их хонгил, Хэрмэн цав, Алтан уул, Бүгээн цав зэрэг палеонтологийн асар үнэт олдворууд бүхий байгалийн өвийг хариуцан хамгаалж байна.

Түүнийг хээрээр гэр, хэцээр дэр хийж явахад хэдэн ан амьтад л хань болно. Хар сүүлт зээр идэш хоолоо дагаад нүүдэллэж, өнтэй жил 200, 300-уулаа идээшилж байгааг харан баярлана. Хэрмэн цав, Зуунмод, Зулганайн голоор мазаалай хаа нэг үзэгдэх бөгөөд хүүхэд ахуй цагт нь сүрэг сүргээрээ бэлчдэг байсан хулан ховордсонд сэтгэл хөндүүр алхана.
Зулганайн голд зэрлэг гахай байсныг дам хүнээ сонсон гайхна. Эзэмшил нутагтаа эргэн нутагшаасай гэж бодно. Өдрөөс өдөрт өөрийн говь нь цөлжиж байгааг харан сэмэрнэ. Нутаг нуга, саахалт явсан айлууд цагийн эрхээр төв суурин бараадаж, их говь улам зэлүүд болж буйд харамсана.

Одоо нутгийнхан бараг тааралдахаа больжээ. Харин аялагч, жуулчид хаяагүй таарна. Найр наадам, зун намрын улиралд тэдний бараа тасрахгүй.
Зун, намрын аялал жуулчлалын эд үеэр тэрээр жуулчид отоглож, хоноглодог цэгүүдэд хяналт тавина. Гал алдаж цульхир, тоорой, жигд, хулс, зэгс моддыг маань сүйдлэх вий. Хогоо ил хаяж хөрс газрыг бохирдуулах вий гэдэгт сэтгэл чилээж эргүүлдэнэ, газар мэдэхгүй нэгэнд нь замчилж, заримд нь хань бараа болно. “Ер нь би өөрийгөө Хэрмэн цавд хамгийн олон удаа ирж очсон хүн гэж Гиннест бүртгүүлэх санаатай” гэж инээнэ.
Ажил хийж байгаа хүнд бэрхшээл мундахгүй. Утас сүлжээгүй, байхгүй зам хэцүү. Элс боргио хөрстэй газар мотоциклоор явахад бүр бэрх. Цөлийн бүсэд сар, улирал тутам эргүүл, хяналт шалгалтаар явахад энэ муу мотоцикл нь дорноо тарж ойчно.
Тиймээс жил зааж унаагаар хангахаас илүү ажиллах орчин нөхцөлд нь тохируулж унаа уншны асуудлыг шийддэг байгаасай гэж тэрээр бодож явдаг гэв.
Бас амны усаа нөөцөлж явах хамгийн чухал гэж сануулна. Ер нь алхам тутамдаа мэдсэн, сурсан, ажигласан зүйлээ залуус бидэндээ үлдээх гэж анхааруулан сануулсаар явна. “Та нарт үлдэх юм шүү дээ” гэж алсуур хэлээд байгаа мэт…
"Хоёр жилийн дараа тэтгэвэртээ гарна. Үргэлжлүүлээд идэвхтэн байгаль хамгаалагчаа хийгээд явах сан гэж боддог. Ер нь хүн чадах юмаа хийгээд явахаас өөр сайхан зүйл гэж юу байхав. Би ерөөсөө л их нутаг амьтай хүн. Сүүлийн айл нүүсэн ч энэ говиосоо холдох тухай бодож явсангүй ээ. Харин удам залгах залуу малчингүй болсон нутаг эзгүйрч байгаад л их эмзэглэж явах юм даа" хэмээн тэрээр санааширлаа.

Буурал говийн цөлийн бүсийг хамгаалах үнэ цэнтэй хэр нь нөр их ажлыг байгаль хамгаалагч Б.Мөнхжаргал ах нуруун дээрээ үүрч, тээж явна. Өвгөдийн үлдээсэн говь нутгаа ирээдүйн эздэд нь унаган төрхөөр нь, ус булаг, янгир ямаатай нь, таана хөмүүлтэй нь хүлээлгэн өгөх гэж тэрээр зүтгэж явна. Түүний ингэж зүтгэсний дүнд л бид энэ сайхан нутгийг ирээдүйд энэ чигээр нь харах болно.
Иймээс тусгай хамгаалалттай газар нутагт ажиллаж буй хүмүүсийг хууль эрх зүй, бодлого, санхүүжилт, хүний нөөц, олон нийтийн оролцоо зэрэг бүхий л түвшинд дэмжиж, бодитой анхаарал хандуулах шаардлагатай харагдана.
Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хууль шинэчлэгдчихвэл байгаль хамгаалагчдын эрх, ажиллах нөхцөл сайжрах боломж бий аж. Тэгвэл эдгээр хүмүүс эх нутгаа хамгаалах үйлсээ илүү урам зоригтойгоор гүйцэтгэсээр байх ажээ.
Өнө мөнхийн Монгол хөтөлбөрийн "Өвлөгдөн Үлдэх Газар Нутаг" төслийн хүрээнд бэлтгэв.