“СЭТГЭЛГЭЭНИЙ ШИЛЭН ХАНА” БА ЗАГВАРЧЛАЛЫН ЗААГ
– Бид сэтгэлгээ болоод сэтгэлгээний хананы талаар
гүн мэдлэгтэй байж гэмээнэ
“технологийн сүүдэр”-т торлуулахгүй.
Эртнээс сэтгэгчид, философичид хүний сэтгэлгээний хязгаар, мэдлэгийн хязгаар, танин мэдэхүйн хязгаарыг хана, хайрцаг, сүүдэр, агуй, сав, шилэн лонх, хорго, өрөө гэх мэт зүйлстэй холбон зүйрлэж олон таамаглал дэвшүүлж сэтгэхүйн олон туршилтаар тайлбарлаж ирсэн. Эдгээр хэллэгүүд нь танин мэдэхүйн хязгаарыг илэрхийлэхэд хамгийн дөхөм учраас тэр.
Тухайлахад, “Кантын хайрцаг” (Kant's Box), Платоны “Агуйн ёгтлол” (Plato. Allegory of the cave), Диогений “Торх” (Diogenes barrel), Хилари Патнэмийн боловсруулсан “Шилэн хоргон дахь тархи” (Hilary Putnam. Brain in a vat), Жон Сөрлийн “Хятад өрөө” (John Searle. Chinese room), Витгенштэйний “Хайрцган доторх цох” (Ludwig Wittgenstein. Beetle in a box) гэх зэрэг.
“Кантын хайрцаг” гэхэд ухамсар, орон зай, цаг хугацаа, бодит байдлын тухай философийг тайлбарладаг философийн сургалт, хэлэлцүүлэг, сэдвийн туршилтын хүрээнд өрнөдөг сэтгэлгээний бэлгэдэл санаа, төсөөллийн жишээ ба энэ нь “хоосон хайрцгийг хоослох боломжтой юу?” хэмээх асуултыг асуудаг ба хайрцагнаас бүх зүйлийг гаргаж хаясны дараа тэнд яг юу үлдэх вэ гэж асуух замаар хоосон, зай, орон гэх ойлголтуудын философийн утга агуулгыг судалдаг. Кантын философид бидний ойлголтоор орон зай бол харагддаг зүйл биш, харин ухамсар бидэнд орон зайг өвөрмөц хэлбэрээр “олгодог” гэж үздэг онолын нэг хэсэг юм.
Харин ”Платоны агуйн ёгтлол (Allegory of the Cave)-ын тухайд агуйд хүлэгдэж хоригдсон хоригдлууд агуйн ханан дээр туссан сүүдэрт хэрхэн төөрөлдөж буйг гаргасан философийн илэрхийлэмж. Бидний мэдэрдэг ертөнц жинхэнэ үнэний зөвхөн сүүдэр төдий, мэдлэг хязгаарлагдмал болохыг, бид ямар нэг бодит байдлыг баттай мэдэж чадах эсэхийг асууж буй философийн санаа.
Сүүдэр гэдэг сэтгэлгээний, мэдлэгийн эх сурвалж болж, бид мэдлэгээ “технологийн сүүдэр” буюу “сүүдрийн ертөнц”-д зөвхөн сүүдэр харах төдийгөөр олж авдаг байж болно. Гадаад ертөнц ба дотоод ертөнц, гадаад орон зай ба дотоод орон зай, орон зайн хязгаарлагдмал байдал танин мэдэхүйн хязгаарт хэрхэн нөлөөлж байгааг мөн илэрхийлдэг.
Бид тодорхой хумигдмал хүрээн дэх танин мэдэхүйгээ тусгал байсан ч бодитой мэт харах тохиолдол бий. Сүүдрийн хүлээснээс ангижирч гадаад ертөнцийн тухай үнэн мэдээлэл, мэдлэгтэй болсон хүнийг сүүдрээр “хооллож”, сүүдрээр танин мэдэхүй болоод сэтгэлгээний хүрээгээ хязгаарлагсад ойлгохгүй нь бий.
Өнөөгийн технологийн хэрэглээний зарим өнгө аяс ч энэхүү ёгтлолд хамаарах мэт. Бидний ихэнх нь зөвхөн бодит байдлын сүүдрийг, ханыг бодит байдал хэмээн төсөөлж түүндээ итгэж амьдардаг. Бид сэтгэлгээ болоод сэтгэлгээний хананы талаар гүн мэдлэгтэй байж гэмээнэ “технологийн сүүдэр”-т торлуулахгүй. Н.Гантулгын “сэтгэлгээний шилэн хана” хэмээх өвөрмөц хэллэг нь философийн суурь өгөгдлүүдээ өргөтгөхийг хүмүүст уриалсан шинжтэй хэллэг.
Платоны “илгээмж” нь агуйн гадна, цаана буй бодит ертөнцийн тухай ойлгох, түүнийг мэдэх тэмүүллийн тухай философи утгатай. Ямарваа хүн танин мэдэхүйн тодорхой сүүдэрт уягдаж, тэрхүү сүүдэр чамаар даажигнан тоглож буй мэт бол философийн тусламжтайгаар гарах гарц хайх нь чухлыг сануулдаг. Яг л сэтгэлгээний шилэн хананы цаана болж буйг мэдэх эрмэлзэл мэт. Энэ хана бол сэтгэлгээний хязгаарт дүүлсэн чинад алсын хана. Сэтгэж чадаж гэмээнэ очиж чадах, нүүр тулж чадах тийм “философийн хана”.
Философийн боловсролтой хүн “сүүдэр”-ийн орчил, хүрээнээс гарч бодит байдлыг харах боломжтой болдог. Учир нь философид аливаа мэдлэг, танин мэдэхүйд эргэлзэж тээнэгэлзэн, үнэн худлыг таних аргачлал, арга зүй элбэг байдаг болохоор тэр. Ихэнх хүмүүс “үнэн”-ээс зугтаан дайждаг бол философичид “үнэн” байх магадлалтай юмсруу шунан дайрдаг. Энэ бүхэн Платоны “Сүүдэр”-ийн төсөөлөл, мөн чанарыг таньж үнэний хана, хөшгийг ярах мэт. “Сэтгэлгээний шилэн хана” яг л ийм ухагдахууны нэг.
Яагаад сэтгэлгээний хана, ухамсрын хана, оюун санааны ханыг судлах шаардлагатай вэ гэхээр бид загварчлалын хязгаар, загварчлалын хүрээгээ хайж байгаа хэрэг. Энэ ойлголт хүний сэтгэлгээ, оюун ухаан, ухамсартай шууд холбоотой. Судалдаг гол обьект, субьект нь тархи, тархи судлал болсон. Тархи загварчлалд “шилэн хана” буй болсон хэрэг. Энэ нь бидний мэдлэг, танин мэдэхүйн хязгаарыг тольддог.
Эл шүлгийн “Сэтгэлгээ” гэдэг үг оюун ухаан, бодол, ухамсрын чинад хязгаарыг илэрхийлсэн бол “шил” хэмээх хэллэг нь орчин үеийн технологийн загварчлалын бэлгэдэл утга. Харин “хана” хэмээх хэллэгээр загварчлагдаж буй мэдлэг, танин мэдэхүйн өгөгдлүүд хийгээд загварчлагдамгүй өгөгдлүүд хоорондын заагийг илэрхийлсэн мэт байдаг.
“Шилэн хана” нь хүний сэтгэлгээний хязгаар, оюун санааны хязгаар, мэдлэгийн хүрээ, хязгаарлагдмал ойлголт, үзэл бодол болон нийгэм, соёлын тогтсон дүрмүүдийн хоорондын хязгаарыг илэрхийлэх сэтгэлгээний болон соёлын гүнзгий ойлголт, бэлгэдлийг илэрхийлнэ.
Хүний сэтгэлгээ зөвхөн өөрийнх нь дотоод ертөнцөөс хамаарахгүй, гадаад орчин, нийгэм, соёлын нөлөөллөөс хамааралтай байдаг. Бид ертөнцийг хэрхэн ойлгох, ямар үнэт зүйлсийг хүлээн зөвшөөрөх нь нийгмийн болон соёлын хязгаартай нягт холбогддог. Тиймээс гадаад ертөнцийн ойлголтууд болон харилцаа нь сэтгэлгээний хязгаарыг тодорхойлоход оролцоно.
Н.Гантулгын сэтгэлгээний онцлог нь ахархан хүрээний цөөн хэдэн сэдвийн хүрээнд эргэлдэх бус, хүмүүсийн оюун санааг төсөөлөлд нь багтамгүй чинад хязгаарлуу цөлчихдөг. Яг тэр сэтгэлгээг нь мэдэхгүй ойр тойрны улигт сэдэвт дөрлүүлэгсэд гайхаж алмайраад хоцорно. Сэтгэлгээ гэдэг өнгөрсөн ба ирээдүй хоёр туйлын чинадыг холбосон өргөтгөл холбоос. Түүний дотоод оюун санааны хязгаарт дэлгүү орчил буцалдаг болохоор ахуйн хүрээнд эргэлдэх биш бүтээлийн бүрэлдэх үүтгэл нь алс чинадад буй болдог мэт.
Сэтгэлгээний шилэн хана гэдэг нь оюун санаа, сэтгэлгээгээрээ чинад алсыг очиж мэдэр гэсэн шиг сэтгэлгээний хязгаарын орчилд өрнөж буй уламжлал, шинэчлэлийн загварчлал зааг. Бидний сэтгэлгээ хааяа загварчлалаас загварчлалын хооронд хөөцөлдөн гүйж тоглодог мэт санагддаг. Энэ үүднээс загварчлалын бүхий л өгөгдөл сэтгэлгээний шинэчлэлтэй холбогдоно.
“Загварчлал”-ын мөн чанарыг дэлхийд тайлбарлан таниулах тал дээрээ Шведийн философич Ник Бостром алдаршиж яваа. Тэрээр хиймэл оюун ухаан, ялангуяа хиймэл оюун ухааны философийн чиглэлээр дагнан судалгаа хийдэг. Бостромын “Superintelligence: Paths, Dangers, Strategies” (2014) ном дэлхий дахинд алдартай мөн түүний эрдэм шинжилгээний өгүүллүүд ч зартай.
Түүний философи, судалгааны бүтээлүүд нь ирээдүйн технологи, хүний ухамсар, оюун ухаан, ёс зүй, мэдээллийн аюул, хор хөнөөл, аюулгүй байдлын хоорондын холбоо зэргийг судалдаг бөгөөд хиймэл оюун ухааны аюулгүй байдлыг хүний үнэт зүйлтэй нийцүүлэхийг голлон авч үздэг.
Тэрээр супер оюун ухаан, загварчлалын таамаглал, загварчлалын аргумент, оршихуйн эрсдэл зэрэг олон чухал ойлголтуудыг танилцуулж, технологийн эрин үед хүн төрөлхтний ирээдүйг хэрхэн удирдах стратеги, аюулгүй хөгжүүлэх талаар шинжлэл хийж хиймэл оюун ухааны олон эрдэмтэн, судлаач хийгээд бодлого боловсруулагчдад нөлөөлж дэлхий дахины судалгааны төлвийг өөрчилсөн.
Бидний олж авсан туршлага нь хэн нэгний бүтээсэн загварчлалын доторх нарийн бүтэц бүхий өгөгдөл байж болох магадлалтай. Мөн технологийн хэт цойлсон хөгжил бүхий иргэншил нь өндөр нарийвчлалтай загварчлал үүсгэх боломжтой ба загварчлалын хэрэглээний тоо бодит ертөнц дэх загварчлалаас ангид “юмс”-ын тооноос давбал бид өөрсдийгөө “загварчлал”-ын хүрээнд амьдарч байна гэж үзэх үндэстэй гэсэн санаа бий.
Түүнчлэн, загварчлалын аргумент нь бодит байдал гэх ойлголтыг дахин авч үзэхийг сануулдаг ба хэрвээ бид загварчлалын ертөнцөд амьдарч байгаа юм бол “би” хэмээх ойлголт, бодит байдал гэдэг бүхэлдээ програмчлалын доторх бүтэц гэж үздэг.
Энэ үүднээс авч үзвэл “сэтгэлгээний шилэн хана” бол програмчлалын “жигүүр” ч байж болно. Гантулгын хэт холын төсөөллөөс төрсөн хэллэгүүд хэт ойрын хөрсөнд буухдаа маргаан дагуулдаг. Цаг хугацаа өнгөрөх тусам түүний өвөрмөц санаа бүхий шүлгүүд нь өөрсдийн цаг үедээ, өөрсдийгөө тунхаглах үе ирнэ.
“Ертөнцийн бүх уулс шувуу шиг нисэх”-ийг бид харна гэсэн үг.
“Цагийн солонгонд эрх чөлөө минь будагдаж
Цагаан болор чулуун дээр эрвээхэй адил бууна
Шүлгийн номын хуудас нэг нэгээрээ салж
Шүүдэр гялтганах цагаар нэг нэг ертөнц болох”-ыг мэдэрнэ гэсэн үг.
“Бодолд халиурсан өвсөн дундаас
Цагаан зээр босон харайхад
Буурал царсны хормойд нялх хүүхэд мэт уйлагнан
Бор цонжийн говийн хүн чулуу төгс гэгээрсэн будда болох”-ыг анзаарна гэсэн үг.
“Дэлхийн цаад хязгаарт хүрсэн мэт санаа амраад
Далайн гүн дэх хадан хясаан дээр өвгөн шувуу шиг сууна
Лавай цагаан орчлон зүрхэнд минь нуугдаж
Лааны богинохон гэрэлд ертөнцийн хөмсөг тодрох”-ыг төсөөлнө гэсэн үг.
“Дэнгийн эрвээхэй нисэх гэснээ больж
Төгөлдөр ариун ертөнц болно
Түүчээ тогоруудын цэн нулимсанд хулсан бийрээ дүрж
Цаг туамд би өөрөөсөө нүүж амьдрах”-ыг дуулна гэсэн үг.
“Дэлхий алгадаж ниссэн хүрэн бүргэдийн өндөр авах цагаар
Далд ертөнцийн цэцгийг тасдаж өгье гэтэл голын цаана байна
Нуураа цалгитал ниссэн шувуудын аранзал улаан ганганаа
Намрын тариа шиг халиурсан ганцаардлаа тэнгэрийн гүн рүү шидэх”ийг олж үзнэ гэсэн үг.
Супер оюун ухаан биднийг байнгын шинэчлэлийн ертөнц рүү түлхэж, загварчлалын онол нь тэр шинэчилсэн бодит байдлын суурь, бүтэц, үнэнг ахин дахин асуухад хүргэдэг. Иймээс бидний “би”-гийн хувьсал, тасралтгүй шинэчлэгдэх үйл явц нь бодит ертөнц ба загварчлалын зааг дээр орших философийн асуултын үндэс болж байна.
Бид өөр бүтэц бүхий өөрчлөлтийн үр дүн байж болно. Бидний сэтгэлгээний өөрчлөгдөх үйл явц бидний сэтгэлгээний шинэчлэгдэх өрнөлүүд. Хэдийгээр бодит ертөнцийн үнэн ба загварчлалын ертөнцийн үнэн хоёр нь харилцан холбоотой үнэнүүд боловч үнэн гэдэг маш нарийн “програмчлал”-ын үр дүн, өндөр технологи дээр суурилсан байж болохыг зааж өгдөг.
Үүнийг яруу найргийн ертөнцөөс харахад, бидний дотоод сэтгэлгээ, уран зөгнөл, төсөөлөл нь ихэнхдээ бодит туршлагаас илүүгээр “дотоод ертөнц”-өө дүрслэх шил, хана, эсвэл ханаар илэрхийлэгдэхүйц гэж төсөөлж болно. Дотоод ертөнц ба гадаад бодит ертөнцийн хоорондох хязгаар мөн бодит байдал ба хийсвэр загварчлалын хоорондын ялгаа шиг шилэн хана гэдэг нь эдгээрийн сарнисан хилийг бэлгэддэг гэмээр.
Энэ нь хүн бүр оюун санааны хязгаараа даван туулах боломжтой гэдгийг харуулах бэлгэдэл болж ч болно. Нэг ёсондоо оюун санааны ертөнцийн хязгаар болон ойлголтын тухай метафор. Хүний сэтгэлгээний хоорондох ялгаа, өөрчлөлтүүд нь сэтгэлгээний шилэн ханыг бий болгож байна. Энэ ялгаа нь бидний мэдлэгийн болон ойлголтын хязгаарыг үүсгэж, хязгаарлагдсан бүтэцтэй оюун санааг бий болгодог.
Мөн сэтгэлгээний хувьд бодит байдлаас гадуур шинэ боломж, хязгаарлалтыг харуулах бүрдэл байж болно. Шинэ технологи болон бидний тархи хоёрын хоорондын хамаарлыг даван туулж, бидний сэтгэхүйн чинад хүсэл, бодит байдлын хооронд ямар нэгэн гүүр байгуулахыг эрэлхийлэх нь “сэтгэлгээний шилэн хана"-ны хэм хэмжээг бий болгож байна.
Түүнчлэн бидний сэтгэлгээ ханатай эсэх нь хүний оюун санаа, сэтгэлгээний хязгаар, ертөнцийг хэрхэн ойлгодог тухай мөн сэтгэх, ойлгох, мэдрэх чадварын хязгаарлалтыг хайж байгаа философийн асуулт.
Людвиг Витгенштейн хэлний хязгаар ба сэтгэлгээний хязгаарын асуудлыг судлаад, хэлний хязгаар нь бидний ойлголт, бодол санааг тодорхойлдог гэж үзээд бидний сэтгэлгээ нь зөвхөн бидний хэлний хүрээнд хязгаарлагддаг гэж үзсэн. Орчин үеийн технологи, шинжлэх ухаан нь хүний сэтгэлгээний хязгаарыг тэлж, бидний мэдлэг, сэтгэлгээний хүрээний доторх зүйлсийг л хүлээн зөвшөөрөхөд хүргэдэг ба биднийг илүү олон шинэ зүйлсийг ойлгоход тусалж байна.
Улмаар "Шилэн хана" нь философийн үүднээс хүний сэтгэлгээ, нийгмийн болон оюун санааны хязгаарыг илэрхийлж ертөнцийг хэрхэн ойлгож, мэдэрч, бусадтай харилцах боломжийг олгох ба зөвхөн хязгаарлагдмал биш, бидний төсөөлөл, ойлголтыг өргөжүүлж болох алхам, уламжлал шинэчлэлийн хоёр хязгаарыг холбогч илэрхийлэлTop of FormBottom of Form болж өгдөг.
2. “ЦАГ ТУТАМД БИ ӨӨРӨӨСӨӨ НҮҮЖ АМЬДАРНА” БУЮУ ЭГШИН БҮРИЙН МӨН ЧАНАР

– Цагийн хувиралын эгшинг сайн мэдрэх тусам
цаг хугацааны утга учир улам тодорно.
Өөрөөсөө нүүхүйн философи утга нь төгс төгөлдөрт тэмүүлэх. Оюун санааны төгс төгөлдөр хэмээхүй нь эмх цэгцтэй үргэлжлэл. Тэрхүү үргэлжлэл хүмүүнээс олон сорилт шаардана. Энэхүү нэршилд тухайн бодгалийн харьцангуй “тогтмол өөрөө” ба “нүүж буй өөрөө” хоёрын цаг хугацааны зэрэгцсэн харилцаа урсана. Нүүж амьдарна хэмээхүй нь нүүж эхэлсэн цэг хийгээд нүүдлүүдийн мөчлөг, хүрэх цэгийн тухай бодлууд гэх мэт шинэчлэлийн уур амьсгал, мөн чанараа хадгалан шилжиж буй утгат шугам.
Орчин үеийн хүн төрөлхтний нүүдэл технологитой холбоо бүхий дижитал шилжилт, дижитал нүүдэл. Оюун санаа ч тэр, бодит амьдрал ч тэр. Хүн төрөлхтний сэтгэлгээ яаж ч хөгжсөн өөрсдийнх нь өврөөс өдөлж буй сэтгэлгээ юм. Нүүж амьдрахуйн сэтгэлгээний онцлог бол оюун санааны дотоод хөдөлгөөн, оюун санааны дотоод тэлэлтийн онцлог. Хамгийн холын мөн чанар агуулагчийн бэлгэ тэмдэг.
Аливаа хүн ертөнцийг үзэх үзлийнхээ суурийг буй болгохдоо олон туршилт, эрэл хайгуул хийдэг ба тэр бүхэн нь оюун санааны нүүдэл болж тухайн хүний “би”-г бүтээдэг. Дотоод оюун санаа нь өөрчлөгдөх тусам нүүдэл утга төгөлдөр болно.
Өөрчлөлтийг “хуурмаг” эсвэл “санамсаргүй” гэж үздэг байсан сонгодог үзлийн эсрэг үйл явцын философи бий болж өөрчлөлт, шилжилтийн харилцааг бодит ертөнцийн хамгийн үндсэн бүрдэл зүйл, цорын ганц бодит туршлага гэж үзэх болсон.
Эртний Грекийн сэтгэгч Гераклит бүх зүйлийн үндсэн мөн чанар нь өөрчлөлт гэж тунхагласан ба өөрчлөлт хөдөлгөөний мөн чанарт “дараа” гэж зүйл үгүй, нэгэн эгшний мөн чанар нэгэн эгшиндээ л хүчинтэй гэж үздэг.
Мөн энэ чиглэлд чухал хувь нэмэр оруулсан сэтгэгч Английн математикч, философич Алфред Норт Уайтхед (Alfred North Whitehead. 1861– 1947) физик, биологи, экологи, теологи, боловсрол, эдийн засаг, сэтгэл судлал зэрэг олон төрлийн шинжлэх ухаанд хэрэглэгдэж ирсэн үйл явцын тухай (Process philosophy) философийн үзлийг бий болгосон.
Шинжлэх ухааны тойргоос гадуур үнэн байх боломжгүй, зөвхөн шинжлэх ухааны аргаар батлагдсан зүйлс л үнэн гэж үзэгсдийн эсрэг, хараахан батлагдаагүй ч үнэн байх боломжтой зүйлс энэ хүрээллийн гадна байгааг орхиж боломгүй гэсэн санаа түүний үзэл санаанаас цухалздаг. Процессын сэтгэлгээ нь үнэнийг тогтсон ойлголт эсвэл "юмс" гэхээсээ илүү, "хөдөлгөөн" гэж тодорхойлдог. Энэ бол үйл явцын тухай философи дахь үйл явц юм. Цаг тутам, эгшин бүрийн хөдөлгөөний мөн чанар олон нээлт, олон шинэчлэл, хөгжил дэвшлийн суурь өгөгдөл болдог.
Шинэчлэл, нээлт бүхэн биднийг нүүдлээс нүүдэлрүү шилжүүлсэн. Яруу найрагч Н.Гантулга “Цаг тутамд би өөрөөсөө нүүж амьдарна” хэмээн хэлчихсэн хүн. Ингээд бодохоор түүнээс философи “салхилах” шиг. Шүлгийн нэрэнд эгшин бүхэнд шинэчлэгдэхүйн үндэс буй. Хамгийн чухал, нандин хэсэг бол “...цагийн хувиралыг нэгэн агшинд үзнэ, цаг тутамд би өөрөөсөө нүүж амьдарна”. Цагийн хувиралын эгшин бүхнийг, хувирлын нүүдэл, хувирлын эгшин бүрийн нүүр царайг үздэг гэсэн үг. Сэтгэлгээний ийм нарийн, торгон мэдрэмж олон тохиолддоггүй. Ингэж хэлж чадах яруу найрагч ховор, чадвар дутна. Ямар чадвар вэ гэхээр ахуйтай хэт хүлэгдсэн бичигчид ахуйгаас хэтийдсэн ийм санааг гаргахад авьяас, чадвар дутдаг.
Энэхүү “хувирал”-ыг хамгийн ойр нэгэн жишээгээр тайлбарлахад, Арья Старк (Maisie Williams) “Хар цагаан хаалгат ордон” (“The House of Black and White”)-д бэлтгэгдэж байхуйд ахлах сургагч (Jaqen H’ghar) хор ууж өнгөрч байгаа мэт дүр үзүүлдэг ба гайхаж цочирдсон Арья ард нь зогсч байсан сургагч эмэгтэйрүү харахад нөгөө эмэгтэй нь харин ахлах сургагч нь болчихсон өөрийгөө “хэн ч биш” хэмээн зогсч байдаг. Буцаад газарт тэрий хадан унасан ахлах сургагчруугаа хартал мөн гэгээн дүрээрээр хэвтэж байх ба түүнийг ч бас “хэн ч биш” гэх ба хэн нь хэн, аль нь алин болохыг мэдэхээр нүүрний арьсыг нь хуулах бүр өөр өөр хүмүүсийн нүүр гарч ирсээр эцэст нь Арьягийн өөрийнх нь нүүр гарч ирж өөртөө нь нүүр тулах нь тэр. Эл цувралын философи агуулга бүхий чухал хэсгүүдийн нэг.
Энэ бол Дэвид Бениоф (David Benioff), Д. Б. Вэйсс (D. B. Weiss) нар HBO-ийн захиалгаар зохиолч Жорж Р. Р. Мартиний “Гал, мөсний дуун” (“A Song of Ice and Fire”) уран сэтгэмжийн цуврал романаас сэдэвлэн бүтээсэн “Хаан ширээний тоглоом” (Game of Thrones (GOT)) киноны хэсэг.
Уг кинонд “Олон Нүүрт Бурхан” (Many-Faced God)-ы шашин шүтлэгт зүтгэдэг “Нэр, зүсгүйчүүд” (Faceless Men)-ийн төв сүм нь Арья Старкын тухайн ангиуд дээрх (5-р бүлгийн 2 (The House of Black and White), 3 (High Sparrow)-р анги) сургалтын гол газар болдог. Энэ үеэр тэрбээр “Олон нүүрт бурхан”-ы сургаал, зарчимтай танилцаж “хэн ч биш” (no one) болох шалгаруулалтад ордог. Нэг ёсондоо цаг хугацааны хэмжээс дээр өөрийн аминч “би”-тэйгээ зууралдах бус “түүнийг” хөсөр хаяж золиос гаргаж “чадаад” нэг түвшин ахих.
Тус бурханы дагалдагчид бүх шашин шүтлэгт байдаг бурхдууд бол нэг л бурханы өөр өөр нүүр гэж үздэг. Хорвоод нэг л бурхан буй, тэр нь үхэл. Хүмүүний ирэх одохуйн “одохуй” гэдэг тойрч биш дайрч гэрах зам гэдгийг машид сануулдаг ба цаг хугацааны ирэх, одохуйд муу зүйл байдаггүй хэмээдэг. Яг энэ үүднээс авч үзвэл тухайн эгшний хувирал бүр нь нэгэн зам, нэгэн жам.
Бүгд ирдэг, бүгд хувирдаг шиг бүгд оддог. Ирэх нь хувирахуйд, хувирах нь одохуйд ойртож буй үйл явц. Энэ бол үнэнтэй нүүр тулах “үнэн”. “Үнэн”-ий туйлыг ойрхон мэдэрч, үнэнд ойртсон сэтгэгчдэд “хувирал”-ын эгшин үзэгдэж, мэдрэгддэг болов уу гэмээр. Цагийн хувиралын эгшинг сайн мэдрэх тусам цаг хугацааны утга учир улам тодорно. Цаг хугацааны утга учрыг таньчихсан хүнд амьдал “хөнгөн”. Учир нь цаг, эгшний хувиралыг бүрэн таниагүйгээс ихэнх хүмүүс түүртэж амьдардаг.
Цаг тутамд өөрөөсөө нүүнэ гэдэг нь нөгөө талаараа эгшин бүрт өөрийн “хуучин би”-гээ үгүйсгэн “шинэ би” болох философи утгатай. Бүрэн дүүрнээр “шинэ” болж нүүвэл бүрэн дүүрнээр “хэн ч биш” болно. Олон золиосын ард гарч “хэн ч биш” болж чадвал бүх зүйл чамд ирж, бүх зүйлийн мөн чанарыг ойлгож “дүүрэх” боломжтой. Бидний ихэнх нь өөрийн “би”-д баригдах тусмаа өөрсдийнхөө сэтгэлгээг “хүлчихдэг”. Өөрийн хуурмаг “би”-гээ устгаж чадвал өөрийн үнэн “би” нүүр царайгаа харуулна. Яг ийм мөн чанарлиг “нүүр”-ээ харахыг Н.Гантулга тус шүлгээрээ сурталчилсан. Түүний шүлгийн амин сүнс нь “би”-ээс алсад тасарсан өөр орон зай дахь “өөр” мөн чанарын сүлэлдээн оршиж байдаг. Уг шүлэг энэ киноны дээрх агуулгатай ойролцоо гүн утгатай.
Уг кинонд “хэн ч биш” болохыг ахин дахин сануулж, ахин дахин харуулдаг ба “хэн нэгэн” (someone) байхаа больсон үедээ “хэн ч биш” (no one) болно хэмээдэг. Бүрэн дүүрнээр “хэн ч биш” болох нь тухайн эгшинд эл агуулгыг хүлээн зөвшөөрөх тухай санаа. Яг л цаг хугацааны нэгэн эгшинд өөрийгөө гээж чадвал цаг хугацааны нэгэн эгшинд өөрийгөө олж чадна гэдгийг тодорхой харуулдаг.
Бид өөрсдийгөө “гээж” чаддаггүй, бас өөрсдөөсөө “нүүж” чаддаггүй. Хэрвээ цаг тутамд нүүж чадвал чинад алсад нүүж чадна гэсэн үг. Гэтэл бидний ихэнх нь эгшин бүхэнд нүүх бус эгшин бүрээ “зогсонги” үддэг. Бүгд өтөлдөг хэрнээ мөн чанарын нүүдэл хомс “нялхаараа” өтөлдөг. Үүнд өөрөө өөрийнхөө юуг гээж, юуг нүүлгэх вэ гэдэг ч хамаатай. Ийм үед юуны өмнө өөрийн “би”-ээс татгалзах ба үүнд юун түрүүн хүний хүсэл шунал, эрх мэдэл, нэр төр орно. Нүүсэн хүнд хоёр зүйл үзэгдэнэ. “Үүр”, “нүүр” хоёр. Үнэний үүр, үнэний нүүр, мөн чанарын үүр, мөн чанарын нүүр, цаг хугацааны үүр, цаг хугацааны нүүр.
Харин уг кинонд Арья өөрийн нэр, хүсэл зорилгод үнэнч үлдэхийг хүсдэг, “нэр, зүсгүйчүүд” болохоор “хэн ч биш” байхыг шаарддаг. Тэдний гол философи бол ирэхүй, хувирахуй, одохуй ба үнэнийг эргэлзэлгүй “хүлээн авах” ойлголт бөгөөд хувь хүний “би”-гээс холдож, өөрийн ирэх ёстой “би”-г “бэлэг” болгон авах сэтгэхүй юм.
Тухайн хэсгийн нүүрнүүдийн олон давхаргыг хуулах нь өөрийн “би”-гээ хэнээр тодорхойлох тухай гүн гүнзгий санаа. Нүүрний олон давхаргын бэлгэдэл утга нь хувь хүний нэр төр, бодол санаа, амьдралын түүх байж болно. Тэдний заншил ёсоор хүний нүүр нь тэдний бүтээсэн амьдрал, хувь заяаны бэлгэдэл ба нэг царай гэдэг нь “нэг царай” биш, цаг хугацааны олон үеүдийн нэгэн хэсэг буюу нэгэн эгшинг харуулсан л төрх. Хүний нүүр гэдэг нэг талаараа төөрөгдөл. Бас “өмсгөл”, “зүйсгэл”.
Арьягийн өөрийн нүүр харагдах нь “өөрийгөө хүлээн зөвшөөрөх” утгатай ба хуучин “би”-гээ гээж шинэ “би”-д сорилт үүсгэж буй явц. Харин тэр өөрийгөө тухайн эгшинд бүрэн гээгээгүй. Тэгэхээр Арья “хэн ч биш” болохыг хүссэн ч, тэр өөрийн түүх, өөрийн хүсэл зорилго, өөрийн “уг би”-тэйгээ хэвээрээ үлддэг. Тэр хэсэг бол Арьягийн дотоод тэмцэл, өөрийн нэр болон үнэ цэнийг хүлээн зөвшөөрсөн тэмдэг юм.
“Хэн ч биш”-ийн толгойд “нүүрнүүд” үүрлэдэг. Толгой нь “үүр”. Тухайн эгшний нүүр бол олон нүүрнүүдийн дундах нэг л нүүр. Урсгал цаг хугацааны дундах нэг л “хэрчим” цаг хугацаа. Тэдгээр нүүрнээс аль нь ч байсан нэгэн мөн чанарын үүр олж орогнох ба тэр үүр ч бас түр зуурынх.
Хүмүүний дүрсэд баригдах ч энд хамаатай. Бидний ихэнх нь нүүр хэмээх “дүрс”-д баригдаж амьдрахдаа мөн чанарыг ойлгох хайран цагаа бардаг. Үүнээс болж зарим тохиолдолд мөн чанараас алсардаг. Мөн чанараасаа төөрдөг. Хүний нүүр гэдэг зарим үед яг л ийм зэвсэг шиг, хор шиг зүйл. Уг кинонд “Нүүрнүүд гэдэг “хэн ч биш” байх үед л утга төгөлдөр байна, “хэн нэгэн” хэвээр байгаа үед “хэн нэгэн”-д нүүрнүүд гээч нь яг л хор шиг зүйл” гэдэг.
Нэгэн хүний нүүр хэдэн сая эгшний хувиралтай. Харин оюун санааны нүүр царайг бид цаг хугацааны эгшинд холбож анзаардаггүй. Хүний оюун санаа нэгэн биед хэдэн сая нүүдэг байж болно. Хүмүүн нэгэн нүүрнээс нөгөө нүүрлүү, нэгэн мөн чанараас нөгөө мөн чанарлуу ямагт шилжиж нүүдэг. Энэ үүднээс авч үзвэл цаг тутамд өөрөөсөө нүүж амьдрахуйн гол утга нь мөн чанарынхаа үүднээс шинэчлэгдэхийн илэрхийлэл.
“ГОЛЫН ЦААНА” БА “МЭРИГИЙН ӨРӨӨ”

“The sky is blue.”
– Frank Jackson
Бид голын наана байгаа юу, цаана байгаа юу?
Бид гол дотор байгаа юу, гол бидэн дотор байгаа юу?
Бид голын наана төрөөд голын цаана очдог уу?
Бид голын цаана төрөөд голын наана ирдэг үү?
Бидний “наана” гэж бодох цаг хугацааны ямар орчил, хүрээлэлд “наана” вэ?
Бид энд “бид” байгаа ч голын цаана бас “бид” байх уу?
Эсвэл, энд “бид” байгаа ч голын цаана “тэд” байх уу?
Гол гэж чухам юу вэ?
Хэрэв бид “Хэрэв”-ийн нууцыг олж мэдвэл?
Яагаад бид “Яагаад”-ын үүднээс ихэнх нь буцдаг вэ?
Гэх мэт асуултууд хязгааргүй хөвөрнө. “Голын цаана” шүлэг эпистемологи (танин мэдэхүйн онол)-ийн хүрээнд яригдах тайлал, задаргаа их өрнөх чинад агуулга бүхий онцгой шүлэг. Эл шүлэг түүний олонд нэртэй “онол”-д данстай шилдэг шүлгүүдийн нэг яах аргагүй мөн.
Тэрээр ертөнцийг үзэх үзлийнхээ төв санааг товч бөгөөд тодорхой “Голын цаана” хэмээх ухагдахуунаар хориодхон насандаа тодорхойлж, философи “дотор”-тойгоо зарлачихсан. Философийн санаагаа яруу найраг, эссэ, зохиол бүтээлээр илэрхийлдэг өрнөдийн олон зохиолчид бий.
Бид хоёр нийтэд өмнө нь зарлаагүй уран бүтээлийн “Бүлгэм”-тэй улс. Түүнийг боломжийн мэддэг юм шиг хэрнээ яг бүтээлийг нь уншаад суухаар зөвхөн гадарлах төдий байжээ гэж заримдаа бодогдов. Ялангуяа цаг хугацааны орчил дахь мэдрэмжүүдийн торгон сүлэлдээнийг өмнө нь тийм ч сайн анзаарч байгаагүй аж.
Тухайлахад, Н.Гантулгын ертөнцөд нэгэн шувуу дэрхийн нислээ гэхэд тэрхүү шувуу нэгэн эгшинд өнгөрсөн, одоо, ирээдүй гурван цагийн хэмжээсрүү нэгэн зэрэг нисээд орчих мэт тийм сонин мэдрэмж ажиглагддаг. Энгийн үгээр тайлбарлахад цаг хугацааны гурван ай савруу ганц чулууг яаж гурвууланруу нь зэрэг шидэж чадаж байна аа? “Яаж?” гэж асуухаар олон мөртүүд түүний шүлгүүдэд элбэг тааралдана.
Тийм боломжийг олгодог нэгэн жишээ гэвэл яруу найргийн төсөөлөл. Ийм төсөөлөл түүний шүлгүүдэд түгээмэл, гурван цаг гурвуулаа зэрэгцэж сүлэлдээд бидний танин мэдэхүйн хязгаараар тохуурхах мэт болно. Орон зайн хувьд олон хэмжээстийг санагдуулам мөртүүд олон.
Гойд нэг онцлог, хэр баргийн яруу найрагч бүтээж чадахааргүй нэгэн авьяас нь бэлгэ тэмдгийн дотоод агуулгыг сүлэхдээ гаргуун ба гурван цагийн хувирлыг нэгэн эгшинд, нэгэн шүлэгт сүлж тоглох тал дээрээ мастер. Тийм л сэтгэлгээний эрэмгий увдист чанартай.
Бидний мэдлэгийн түвшин, мэдлэгийн хүрээ хязгаарлагдмал. “Голын цаана” шүлэг маш олон нууцлаг санаагаар гарц хайсан, гарц заасан утгатай. “Гол” хэмээх ухагдахуун нь ертөнцийн мөн чанар, ертөнцийг үзэх үзэл, мөнхөд өрнөх хөдөлгөөнийг танин мэдэх загварчлал. “Гол”-ыг танин мэднэ гэдэг оюун санааны дотоод болоод гадаад загварчлалаа танин мэднэ гэсэн үг. Өнгөрсөн үеийн уламжлал хийгээд эрин үеийн төлөв, алс ирээдүйн мөн чанар бүхий маргаан өрнөх сэдвүүдийн үүтгэл ч буй.
Эртнээс нааших гээгдсэн ахуйн нуугдмал өгөгдлүүдийг илрүүлж гаргаад тэдгээр өгөгдлүүдийн мөн чанарыг хооронд нь уясуулж бүтээл бүтээсэн мэт. Шүлгийн нэр маш энгийн, задаргаа нь харин хязгааргүй. Бодох тусам санаа гүн. Ядаж л ийм утга гүн, утга төгс шүлгийг юун түрүүнд дунд сургуулийн уран зохиолын хичээлийн хөтөлбөрт оруулж, утгыг нь коодлуулж, монгол хүүхэд бүр заавал уншиж өсөх шүлгийн нэг болгомоор! Хүүхдүүдэд философи сэтгэлгээг яруу найргаар дамжуулан хүргэхэд тустай.
“Голын цаана” бол нээх зорилготой хаалга, нүүх зорилготой бүтэцчилэл. Бидний сэтгэлгээ үл үзэгдэх торонд хүлээтэй байдаг мэт тийм далд нууцлаг хавханд түгжигдмэл оршдог.
Бид гадаад ертөнцөд зүгээр л дураараа алхаж явдаг. Дураараа гүйдэг. Дураараа ярьдаг. Дураараа боддог, дураараа сэтгэдэг. Харин дураараа сэтгэж байгаа гэж боддог маань “дураараа”-ын торонд, “дураараа”-ын загварчлалд байдаг. Бидний үйлдэл бүхэн өөрсдийн хязгаарлагдмал хил, хязгаарлагдмал бүтэцтэй холбоотой. Үүнийг орчин үеийн хиймэл оюун ухаан, хиймэл оюун ухааны философи гол өгөгдлөө болгодог.
Яг үнэндээ бидний ихэнх нь дураараа ярьж чаддаггүй, тийм үндэс ч байхгүй. Дураараа бодож, сэтгэж ч чаддаггүй. Энэ бүхэн загварчлал. “Дураараа” өөрөө хил хязгаартай. Мэдлэг, мэдрэмжийн хязгаарт хашигдчихсан байдаг. Тэрхүү хязгаарыг давж сэтгэж чадах хүмүүн ховор.
Бид өөрсдийн танин мэдэхүйн хүрээндээ итгэлтэй байх үе бий, тэрхүү таньсан хүрээгээ туйлын үнэн гэж итгээд явах ч тохиолдол байна. 17-р зуунд Голландын аялагчид Австралид хар хунг анх олж харж шинжлэх ухааны эргэлтэнд оруулснаар хүмүүст маш сонин мессэж очсон нь “хар хунгийн төөрөгдөл”. Бидний яг энэ эгшинд, энэ хүрээнд таньсан мэдлэг үнэн биш байх боломжтой, юу ч байх боломжтой гэдгийг сануулснаараа энэ мессэж маш их ач холбогдолтой байв.
Хун шувууг цагаан өнгөтэй л байдаг гэж итгэх нь төөрөгдөл байв. Энэ мэт хүмүүсийн мэдлэгийн орон зайд олон зуунд маш их танин мэдэхүйн төөрөгдөл өрнөсөн, одоо ч тэр. Бидний танин мэдэхүйд өдөр бүр үй олон “цагаан хун”, “хар хун” зочилдог. Тэд хаа нэгтэйгээс “ирдэг”, “оддог”. Магадгүй “Голын наана”-аас, “Голын цаана”-аас. Бид танин мэдэхүйн хүрээгээ энэ мэт өдөр бүр шинэчилж байдаг.
Яг үүнчлэн бидний танин мэдэхүйн хүрээ хязгаарлагдмал. Танин мэдэхүйн хязгаарын цаана юу байгааг мэдэх боломжгүй үедээ бид таамаглаж эхэлдэг. Бидний мэддэг гэх зүйлс бидний загварчлагдсан “ертөнц”-д л үнэн байх боломжтой.
Бид “энд” дураараа амьдардаг. Энэ танин мэдэхүйн хүрээлэл бидний ертөнц. Бид амьдралыг хар цагаанаар төсөөлж байгаад өнгөт орчлонд хөл тавихдаа яаж алмайрах шиг, бидний энэ байгаа нь өөр орон зайтай харьцуулахад хар цагаан мэт байх боломжтой.
Түүний нэг жишээ бол “Мэригийн өрөө: Философийн сэтгэхүйн туршилт” (Mary's Room: A philosophical thought experiment) ба эл туршилт нь хүний ухамсар, ойлголт, төсөөлөл болоод туршлагатай салшгүй холбоотой. Энэхүү сэтгэхүйн туршилтыг “мэдлэгийн аргумент” ч гэж өөрөөр нэрлэдэг.
Философич Фрэнк Жэксон (Frank Jackson) 1980-аад онд танилцуулсан энэхүү туршилтын гол дүр Мэри нь гадаад ертөнцөөс тусгаарлагдмал зөвхөн хар цагаан өнгө бүхий өрөөнд насаараа амьдарсан эрдэмтэн эмэгтэй. Зурагт нь хар цагаан, уншдаг ном нь хүртэл хар цагаан. Олон өнгө хийгээд өнгөний хослолыг хэзээ ч харж байгаагүй ч гэсэн өнгөний талаарх бүхий л мэдлэгийг хуримтлуулж мэдсэн судлаач.
Бидний мэдчихсэн, сурчихсан, ойлгочихсон гэдэг бол зөвхөн “гол”-ын наад “өрөө”-нд л хүчинтэй байж болохоор. Бидний мэдлэг нэгэн орон зай, нэгэн цаг хугацаанд л хамаардаг байж болно. Мэри нэгэн өдөр өрөөнөөс гарахдаа улаан өнгийн алим олж харсан. Тэр цагаан, шар, цэнхэр, ногоон өнгийн алим хараад яах бол?
Сэтгэхүйн туршилтаар Мэри өнгөний бүх нарийн ширийн зүйлийг онолын түвшинд аль хэдийн мэддэг байсан ба өнгийг өмнө нь өөрийн биеэр мэдэрч байгаагүй ч анх удаа улаан өнгийн алим хараад улаан өнгөний талаар шинэ зүйл сурч мэдэж чадсан уу, тэр мэдлэг олж авч чадсан уу? Тэр “голын цаана” гарч чадсан уу?
Энэхүү сэтгэхүйн туршилт нь философийн хамгийн гүнзгий асуудлуудын нэг болох “мэдлэг гэж юу вэ?” хэмээх асуултыг тайлбарлахад чиглэсэн. Орчлон ертөнцийг бүхэлд нь, түүний дотор ухамсрын талаарх физик төвт үзэл, ялангуяа оюун санааны талаарх бүх мэдлэгийг физик баримт, шинжлэх ухааны өгөгдлөөр тайлбарлаж болно гэсэн санааг эсэргүүцэх зорилготой юм.
Энэ нь бидний оюун ухаанаар таньсан мэдлэг хийгээд практик туршлагаар таньсан мэдлэг хоёрын хоорондын холбоог даажигнах мэт олон маргаан дагуулсан туршилт. Хэдийгээр Мэри өнгөний тухай бүхий л мэдлэгийг мэддэг ч гэсэн өрөөнөөс анх удаа гарч хорвоогийн олон өнгийг хараад хэрхэх, өнгөний тухай мэдлэг, өнгийг өөрийн биеэр мэдэрч танин мэдэхийн зааг хаана буйг эргэцүүлэн харьцуулсан туршилт.
Мэригийн өрөөний хананы наана ямархан танин мэдэхүй өрнөх, “хананы цаана” хэрхэх зэрэг олон асуулт дагуулна. Яг л “Голын цаана” шиг. Мэригийн өрөө сэтгэхүйн туршилт нь ухамсар, субъектив туршлага ба физик мэдлэгийн ялгааг харуулж, ухамсар хоорондын харилцааг гүнзгийгээр судлах философийн чухал асуултыг бидэнд тавьдаг.
Туршилтын философийн санаа нь ухамсар, мэдрэмж, дотоод субъектив туршлагыг ойлгох боломжтой юу, боломжгүй юу, энэ төрлийн мэдлэгийг зөвхөн физик загварчлалаар тайлбарлаж чадах эсэх тухай мөн субъектив ухамсар, туршлага бий болгох боломж, ухамсрын хоорондын зөрүү, “яаж” мэдлэгтэй, туршлагатай болдог тухай философийн асуултуудыг хөнддөгөөрөө мэдлэгийн философи орчилд чухал ач холбогдолтой.
Жексоны сэтгэхүйн туршилтын гол асуулт бол дүрслэлээр бүрэн тайлбарлаж, илэрхийлэх боломжгүй физик бус баримтууд байдаг тухай юм. Өөрөөр хэлбэл Мэри өнгө, өнгөний субъектив туршлагын мэдрэмж (qualia)-ийг мэдэрч биет баримтуудыг судалснаар мэдэж чадахгүй байсан шинэ мэдлэгийг олж авах эсэх юм.
Уг мэдлэгийн аргумент нь тухайн чиглэлээр ямар ч өргөн мэдлэгтэй байгаад Мэри улаан алим харах хүртлээ өнгө мэдрэх ямар байдгийг мэдэх боломжгүй гэсэн санаа ч бий. Түүний аргументийн хариуд зарим философичид Мэри анх удаа өнгө үзээд шинэ зүйл сураагүй байж магадгүй гэж маргасан нь физик төвт үзлийг сулруулж болохгүй гэсэн санаа.
Мөн Мэри өнгө хараад олж авсан зүйл нь шинэ мэдлэг биш харин шинэ чадвар гэж маргагсад ч бий. Мэригийн өрөө бол физик төвт үзэл ба ухамсрын субъектив шинж чанарын хоорондох асуудлыг тодруулах зорилготой сэтгэхүйн туршилт. Энэ нь бүх мэдлэгийг бодит баримт болгож болно гэсэн санааг эсэргүүцэж, ухамсарт туршлагын объектив, физик дүрслэлээр олж авах боломжгүй талууд байгаа эсэхийг тодруулдаг.
Бид хэдэн “өрөө” дамжиж үнэнд хүрэх вэ? Гантулгын томъёолсон “гол” хэмээх ухагдахуун нь мөнхийн хөдөлгөөнийг бэлгэдсэн философийн “Ухагдахуун – урсгал өрөө” юм.
“Голын наана”-аас бидний бодож сэтгэх нь Мэри өрөөндөө өнгөний тухай төсөөллөө бүрэн утгаар нь бүрэлдүүлэх, Мэри өрөөнөөс гарах нь “бүрэн дүүрэн” танин мэдэхүйн аялалд гарах гарц, сэтгэлгээний ханыг нэвтлэх чиг. Эл лабораторид танин мэдэхүйн таамаглалууд дэвшигдэж, танин мэдэхүйн хязгаар шалгагдана.
Мэри хэдийгээр хангалттай мэдлэг олох боломжтой түгжигдмэл нэг өрөөнөөс дэлгэгдмэл ертөнцийн “өрөө”-рүү орж шинэ ойлголт нээж байгаа ч ахиад цаана нь олон олон өрөө байхыг үгүйсгэх аргагүй. Бидний амьдрал яг л ийм “өрөө” шиг. Зөвхөн өөрсдөд хамаатай ганц өрөөг үнэний аймгууд хуралдсан өрөө гэж төсөөлөх боломжгүй. Энэ нь “голын цаана” хэмээх философи ойлголтыг мөн чанарын үүднээс танихад ихээхэн тустай.
Зохиолч, философич Луваанжалбын Батнасан
БНЭнэтхэг улс. Дели хот.
2026 оны 02 сар