Үлэг гүрвэл судлаач М.Болорцэцэг Монголоос хууль бусаар хил гарган, АНУ-д авчирсан олон үлэг гүрвэлийн ясыг буцаахад үнэтэй хувь нэмрээ оруулсан эрдэмтэн. Нью-Йорк хотын Байгалийн түүхийн музейд ажилладаг тэрээр АНУ-д болсон шүүх хурлуудад оролцож, үлэг гүрвэлийн хураагдсан яснуудад дүн шинжилгээ хийж, монголынх мөн гэдгийг батлах ажлыг амжилттай гүйцэтгэжээ.
Мөн 2010 онд алдарт National Geographic сэтгүүл болон 2017 онд АНУ-ын Raymond Manfred Alf-палеонтологийн музейн нэрэмжит шагналуудыг хүртсэн юм.
МУЗЕЙ СОЁЛЫН ӨВ, МАШ ИХ МЭДЛЭГИЙГ АГУУЛАГЧ ТУЛ ЦООЖЛООД ОРХИЖ БОЛОХГҮЙ
-Та Америкт хэдэн жил амьдарч байна вэ?
-Би ШУТИС-ийг геологийн инженерээр төгсөөд, магистраа палеонтологийн чиглэлээр хамгаалсан. 400 гаруй сая жилийн настай, Баянхонгор аймгийн Шинэ Жинст сумын нутгаас олдсон эртний далайн шүрийг судалсан юм. Палеонтологитой яаж холбогдсон бэ гэхээр аав маань энэ мэргэжлийг эзэмшсэн. Аав Ломоносовын нэрэмжит Москвагийн их сургуульд сурсан, ЗХУ-д энэ мэргэжлийг эзэмшсэн анхны хүмүүсийн нэг. Насаараа их сургуульд багшилсан, эртний шүр судлаач, эрдэмтэн хүн байв. Би ааваасаа энэ шинжлэх ухааны талаар анхдагч ойлголтуудаа олж авсан юм. Аялах дуртай байсан тул би геологич болсон. Удалгүй палеонтологи руу орсон.
1996 онд докторын зэргээ хамгаалах гэж ирснээс хойш Нью-Йорк хотын Байгалийн түүхийн музейд ажиллаж байна. Энэ бол хувийн музей. Хүмүүс Вашингтон хот дахь Смитсоны хүрээлэнгийн музейтэй андуурдаг юм. Энэ музейн палеонтологийн экспедицэд би зургаан ажил ажилласан. Энэ музей Монголтой түүхэн холбоотой. Рой Чапман Эндрюс ахалж, 1920-иод онд томоохон баг АНУ-аас Монголд ирсэн. Энэ экспедицийг Америкийн Байгалийн түүхийн музейгээс 100 жилийн өмнө илгээсэн байдаг.
Би докторын ажлаа үлэг гүрвэлтэй нэг цаг үед амьдарсан, хөхтөн амьтны судалгаагаар хийсэн. Одоо ч судалгаагаа үргэлжлүүлж байна. Өмнөговь аймгийн Булган Баянзаг сумын нутгаас олддог үлэг гүрвэлийг судалдаг.
Монголд шинжлэх ухааны байгууллагууд дандаа улсын мэдэлд байна. Социализмын жилүүдэд судалгаа шинжилгээг яаж хийдэг байсан тэр хэвээрээ л байна. Энэ тогтолцоо залуу судлаачдад садаа болдог. Би салбараасаа анх удаа барууны шинжлэх ухааны байгууллагад ажилласны хувьд эндхийн судалгаа шинжилгээний байгууллагын загвар зөв гэж боддог. Бид олон улсын түвшинд хүрье гэвэл энэ стандарт загварыг хөгжүүлэх нь чухал. Иймд “Монголын үлэг гүрвэл судлалын хүрээлэн” ТББ-ыг байгуулсан юм.
Манай хүрээлэн хүүхэд залууст шинжлэх ухааныг танин мэдүүлэхэд анхаардаг. Залуучуудын сонирхлыг палеонтологи руу татах, дараагийн үеэ бэлдэх нь бидний зорилго. Мөн хууль бусаар гаргасан үлэг гүрвэлийн ясыг Монгол руу буцаах ажлыг сүүлийн найман жилийн турш хийж байна. Би зун болгон Монголд очдог. Ер нь жилд 2-3 удаа Монголд очдог.
-Америкийн Байгалийн түүхийн музейг иргэд “Night at the museum” киногоор нь сайн мэддэг.
-Тийм. Энэ киноны гурван цувралын эхний хоёр ангийнх нь зураг авалтыг манай музейд хийсэн. Гурав дахь ангийн зураг авалтыг Вашингтон хот дахь Байгалийн түүхийн музейд хийсэн юм. Энэ музей улсынх. Смитсоны хүрээлэнгийн 19 музейн нэг нь. Харин миний ажилладаг музей ашгийн бус, улсаас санхүүжилт авдаггүй.
-Бид Үлэг гүрвэлийн музейтэй болсон ч төдийлөн сайхан музей биш. Олдворууд нь цөөн, орчин үеийн шийдэлгүй, видео, аудиогоор үзвэрээ танилцуулдаггүй. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан үйлчилгээгүй, кино үзэх танхимгүй байна. Үүдэнд нь байдаг дэлгүүрийн бараа тухайн музейн үзмэрүүдтэй уялдаагүй. Тайлбарлагчид хамгаалагчийн л үүрэг гүйцэтгэж, хүмүүст тайлбарлан таниулах ажлаа тэр бүр хийдэггүй санагдсан. Хэрхэн сайжруулах ёстой вэ?
-Монголд 50 орчим музей бий. Би Музейн нэгдсэн холбооны Удирдах зөвлөлд ажилладаг. 2019 онд музейд эдийн засгийн эрх чөлөөг нь олгон, орлогоо өөрсдөө захиран зарцуулж байна.
Үүнээс өмнө орлогыг нь хураан авч, буцаагаад цалин гэх мэт зардлыг олгодог байв. Энэ нь музейн хөгжилд саад болж байв.
Америкт музей тасалбар, гишүүнчлэлийн хураамж, харьяалагдаж буй муж, хот, дүүргийн санхүүжилт, хандив гэх мэт орлогын олон эх үүсвэртэй. Олон нийтийн боловсролд зарцуулах төсвийн тодорхой хувийг шууд музейд олгодог юм. Аль болох олон тасалбар худалдахад орлого нь өсөх учир үзэгч рүү хандсан, тэднийг татсан ажил их хийдэг.
Манайд засгаас мөнгө өгөхгүй бол музей барилгаа засаж чаддаггүй. Музей бол соёлын өв, маш их мэдлэгийг агуулагч тул цоожлоод орхиж болохгүй. Олон нийтэд тэрхүү мэдлэг, өвөө түгээх нь музейн гол үүрэг.
Бид соёл түүхийнхээ талаар их хязгаарлагдмал мэдлэгтэй байна. Чингис хаан л гэж яриад байна. Түүхэд хэзээ, хаана, юу болж өнгөрснийг бидэнд заадаг эд өлгийн зүйлийн талаарх олон нийтэд өгөх чанартай мэдлэгийг судлаачид боловсруулдаг. Тэгэхээр эд өлгийн зүйлийг хадгалан таниулж буй музей судлаачидтай ойр хамтран ажиллах ёстой. Эрдэмтэд судалгааны үр дүнгээ олон нийттэй заавал хуваалцах үүрэгтэй хүмүүс. Олон нийт олон зуун хуудас, эрдмийн ажлыг унших боломжгүй. Харин музейд байршуулсан эд зүйлс олон нийтэд ойлгомжтой байдаг. Сан хөмрөгийг зөвхөн сайн харуул хамгаалалттай газарт битүүмжлэн хадгалах нь чухал биш. Тэдгээрийн талаарх мэдлэгийг хойч үедээ өвлүүлэх нь чухал тул бид алдаагаа давтах учиргүй. Үүнээс иргэд л хохирдог. Бодлого боловсруулж буй хүмүүс музейн талаар ойлголт багатай тул манай музейнүүдэд дорвитой өөрчлөлт гарахгүй байна.
Мэдлэг хүлээн авдаг соёл гэж бий. Манайхан музейг агуулах гэж боддог. Уг нь музей мэдлэг мэдээлэл авах нэг эх сурвалж юм. Америкт шинжлэх ухаан, танин мэдэхүйн хичээл хүүхэд хоёр настайгаас эхэлдэг. Хоёр настай хүүхэд орчноо таньж мэдэхийг хүсэн, сонирхож, асуулт асууж эхэлдэг. Энэ үеэс нь бэлдээд эхэлбэл багаасаа шинжлэх ухаанч, аливаад шүүлтүүртэй ханддаг болно. Энд хүүхдүүд таван настайдаа сургуульд ордог тул 2-5 насны хүүхдүүдийн хөтөлбөр гэж бий. 5-10 насны хүүхдүүдийн хөтөлбөр өөр агуулгатай.
Музейд үйл ажиллагаа явуулах том орон зай, үзвэрийн танхимуудтай тул олон нийт рүү хандсан үйл ажиллагаа явуулах боломжтой. Музейг хонож үздэг, тусгай хөтөлбөрүүд ч бий. Арьс өнгөөр ялгаварлах, цагдаа нартай холбоотой дуулиан, вакцины хомстолын улмаас иргэд эрүүл мэндийн хүртээмжтэй үйлчилгээ авч чадахгүй байгаа гэх мэт нийгмийн асуудал, сонгуулийн боловсролыг урлагийн бүтээлээр дамжуулан музейнүүд хүргэдэг. Музейд зөвхөн эртний эд зүйлийг л харуулна гэж бодож болохгүй. Музей олон нийтэд боловсрол, танин мэдэхүй, соёлын үйлчилгээг чанартай хүргэх учиртай.
БИД ГАДАГШАА АЛДСАН ЭД ӨЛГИЙН ЗҮЙЛСЭЭ ЭРГҮҮЛЭН АВАХЫН ТУЛД ХУДАЛДАЖ АВАХААС ӨӨР АРГАГҮЙ
-Монголд олон шинэ музей барьж байгаа болохоор өмнөх алдааг давтахгүй байх гэж найдаж байна.
-Барилга барьснаар салбар хөгжихгүй. Том барилга бариад асуудлыг шийдэхгүй. Чингис хааны музейгээс гадна Хэнтий, Дорнод, Өмнөговьд шинэ музей барьж байна. Шинэ музей яах аргагүй хэрэгтэй. Музей урт хугацаанд үйл ажиллагаагаа хэрхэн тогтвортой явуулах нь ч чухал. Эдгээр музейд ажиллах боловсон хүчин бэлэн үү? Одоогийн музейнүүд боловсон хүчний дутагдалтай байгаа шүү дээ.
Чингис хаантай холбоотой ямар эд өлгийн зүйлс гаднын орнуудын музейд байгааг Соёлын яам судалж байгаа юм билээ. Вашингтон хот дахь ЭСЯ-наас надтай энэ асуудлаар холбогдсон юм. Нью-Йорк хотод Урлагийн музей бий. Энд манай улсын 13-14 дүгээр зуунд хамаарах үзмэр дэлгэсэн. Гэхдээ хувь хүний цуглуулгаас худалдаж авсан юм билээ. Бид гадагшаа алдсан эд өлгийн зүйлсээ эргүүлэн авахын тулд худалдаж авахаас өөр аргагүй. Тэгээд эхийг нь ч биш хуулбар л авна. Тэгэхээр Чингис хааны музейн зардал өндөр болно. Хүн яах гэж музейд ирдэг билээ. Хуулбар үзэх гэж иргэд мөнгө төлөх үү? Чингис хааны музейг байгуулах нь урт хугацаандаа ашиггүй, аргацаасан, цаг зуурын ажил. Яваандаа энэ музей юу болж хувирахыг мэдэхгүй байна. Музейн зургийг харсан, их том барилга байна лээ. Орчинтойгоо нийцээгүй. Тэр хавийн орон сууцны барилгууд урт түүхтэй. Уг нь хуучны дүүргүүдээ тэр хэвээр нь хадгалах нь чухал.
Чингис хааны музейг байгуулах нь урт хугацаандаа ашиггүй, аргацаасан, цаг зуурын ажил. Яваандаа энэ музей юу болж хувирахыг мэдэхгүй байна.
Мөн музейн барилга орон сууцны барилгаас ялгаатай. Манайд музейн барилгын стандартыг батлаагүй. Орон сууцны барилгын стандартаар музей барьж болохгүй. Сан хөмрөг, үзэсгэлэнгийн танхимын хэсгүүдэд өөр өөр стандарт үйлчилдэг.
Бид Чингис хааны музейтэй байх нь зөв. Гэхдээ юмыг улс төржүүлэх нь хохиролтой. Сан хөмрөггүй музей байдаг. Энд тэндээс үзвэрүүд зээлж авчраад үзүүлдэг, үзэсгэлэнгээ сольдог музей бий. Чингис хааны музей ийм хувилбараар ажиллаж болохгүй. Сан хөмрөгөө баяжуулъя гэвэл судлаачид, археологичидтой хамтран ажиллах хэрэгтэй. Археологийн хээрийн судалгаа хийж, дараа нь тэр үзмэрээ эмхлээд, үзэгчдэд Чингис хаантай холбоотой, байнга шинэ мэдээлэл өгвөл музей байгуулсны хэрэг гарна. Харин энтертэйнмэнт тал руу ажиллана гэвэл энэ музейд ирээдүй байхгүй. Хэдий шинэ музей барьсан ч үйл ажиллагаа нь өмнөх шигээ байх вий гэж болгоомжилж байна.
-Музей яагаад хүний нөөцийн дутагдалд орсон юм бол?
-Би хариулж мэдэхгүй байна. СУИС-д музейн анги бий. Түүх, соёл, антропологи, археологийн мэргэжилтнүүд музейд ажиллах боломжтой. Энэ мэргэжлийн талаар олон нийтэд таниулах ажил дутагдалтай байна. Цалин бага тул залуучууд ажиллах хүсэлгүй байна.
2013 ОНООС ХОЙШ НИЙТ 50 ОРЧИМ ҮЛЭГ ГҮРВЭЛИЙН ЯСЫГ МОНГОЛ РУУ АЧУУЛСАН
-“Бид Батаараас хойш 23 динозаврын ясыг АНУ-ын Засгийн Газраас хүлээн авч, Монголд авчирсан” гэж та 2016 онд өгсөн ярилцлагадаа хэлжээ. Одоо эдгээр олдворуудыг хаана хадгалж байгаа вэ. Би хоёр жилийн өмнө Үлэг гүрвэлийн музейд очиход цөөн олдвортой байсан.
-Хамгийн анх Батаарыг 2013 онд АНУ-аас Монгол руу явуулсан. 23 үлэг гүрвэл гэдэг бол бага тоо. 2016 онд дахин 22 үлэг гүрвэлийн чулуужсан ясыг илгээсэн. Гэхдээ 22-оос ч илүү олон үлэг гүрвэл бий. Учир нь хуулийн байгууллагынхан 22 гэж тоолсон. Тэд мэргэжлийн хүмүүс биш учир ингэж тоолсон юм билээ. Үлэг гүрвэлийн төв музейг 2013 онд байгуулахад би дэд захирлаар нь зургаан сар ажилласан юм. Үлэг гүрвэлийн яснууд их хэврэг болсон тул зөөх тусам эвдрэх аюултай. Иймд алийг нь үзмэр болгох вэ гэж сонгодог. Үлэг гүрвэл бүрийг үзэсгэлэнд тавих боломжгүй. Зарим олдвор ил гаргах хэмжээнийх биш байдаг. Хээрээс олсон олдвороо зөөвөрлөхийн тулд гипстдэг. Эдгээр ясыг гипснээс нь салгаж, цэвэрлэх үед нь АНУ-д гэмт хэрэгтнийг барьсан юм. Нээлттэй чигээр нь Монгол руу явуулбал эвдрэх тул би энд дахин гипсдсэн. Доргилтоос хамгаалсан резинээр бүрээд явуулсан юм. Тэдгээр ясыг үзэсгэлэнд тавих боломжгүй. Иймд Үлэг гүрвэлийн музей цөөн үзмэртэй харагдах нь аргагүй. 2016 оноос хойш Монгол руу хоёр удаа нийт 14 үлэг гүрвэлийн араг яс илгээсэн. 2013 оноос хойш нийт 50 орчим үлэг гүрвэлийн ясыг ачуулжээ.
Үлэг гүрвэл бүрийг үзэсгэлэнд тавих боломжгүй.
-Бид эдгээр үнэт олдвороо хэзээ алдсан юм бол?
-Тэр хугацааг тогтоогоогүй. Хууль бусаар үлэг гүрвэлийн яснуудыг олж аваад худалдсан АНУ-ын иргэн одоо шоронд бий. Түүний сүлжээгээр дамжуулан дээрх яснуудыг олж авсан. Би энд АНУ-ын Хууль зүйн яам, Дотоодыг хамгаалах газартай хамтран ажилладаг. Дотоодыг хамгаалах газарт нь гааль, Цагаачлалын алба нь багтдаг юм. Соёлын өвийг хууль бусаар олж авах, худалдахтай тэмцэх газар нь Цагаачлалын албандаа хамаардаг. Би эдгээр байгууллагатай нягт хамтран ажилладаг. Сүүлийн найман жилийн турш сайн дураараа, үндсэн ажлынхаа хажуугаар энэ ажлыг хийж байна. Монголоос ямар ч зардал гараагүй. Би шүүх хурлуудад оролцон, энэ араг яс Монголд амьдарч байсан үлэг гүрвэлийнх мөн гэдгийг, гарал үүслийг нь баталдаг. Америкийн өөр өөр мужуудаас олдвор илэрдэг тул би заримдаа тэр хот руу нь нисэж очин, судалгаагаа хийдэг юм. Шинжээчийн дүгнэлтэд үндэслэн шүүх тэдгээр араг ясыг Монгол руу АНУ-ын Засгийн газрын зардлаар буцаах шийдвэр гаргадаг. Америкийн иргэн худалдаж авсан тул энэ араг яс миний өмч гэж мэдүүлдэг. Иймд Монголоос олдсон олдвор мөн гэдгийг батлах нь чухал. Иймэрхүү маргааны улмаас зарим шүүх хурал удаан үргэлжилдэг. Товчхондоо бүх ажил энд өрнөдөг юм. Харин Монголд Засгийн газар хүлээж авдаг.
-Тэдгээр үлэг гүрвэлийг Монгол Улсын өмч мөн гэдгийг та яаж баталдаг вэ?
-Батаар дээр Канадын нэг эрдэмтэн, Монголоос нэг палеонтологич, Палеонтологийн хүрээлэнгийн захирал Х.Цогтбаатар нартай хамтран дүгнэлт гаргасан. Бид гарал үүслийн тодорхойлолтыг тус тусдаа хийсэн. Бүгд Батаарыг Монголынх гэдэг дээр санал нэгдсэн юм. Үүнээс хойших араг яснуудыг би ганцаараа тодорхойлж байна. Хэдий нэг төрлийн амьтан ч гэлээ үлэг гүрвэлийн анатоми нэг нэгнээсээ өөр. Мөн ясны хадгалалтыг өнгөөр нь ялгаж болно. Агуулж буй чулууг нь мөн судалдаг. Харин химийн элементийг нүдээр хараад тогтоох боломжгүй. Энд байсан олдворуудыг шороо чулуутай нь хамт гипстсэн байв. Монголын олдворуудын ихэнх нь цементлэгдсэн элсэн чулуу ихтэй байдаг. Би геологич хүн учраас чулууг танина. Говьд олон жил хээрийн судалгаа хийсэн болохоор миний гарт орчихсон ажил. Монголоос олдсон үлэг гүрвэлүүд бүтнээрээ байдаг бас нэг онцлогтой.
Монголоос олдсон үлэг гүрвэлүүд бүтнээрээ байдаг бас нэг онцлогтой.
-Таны хэлсэн 50 олдвороос хэчнээнийг нь үзмэр болгох боломжтой бол?
-Дуудлага худалдаанд гаргасан үлэг гүрвэлийн яснуудыг бүрэн цэвэрлэсэн байсан тул үзмэр болгох боломжтой. Үлдсэн яснаас яг хэдийг нь үзмэр болгохыг би мэдэхгүй байна. Одоо Үлэг гүрвэлийн музей хаалттай байгаа. Засаг солигдох бүрд энэ музейг нэг нээгээд, нэг хаадаг. Яагаад хаасныг сэтгүүлчид та бүхэн асуугаарай.
Соёлын өвийг улс төржүүлэх нь маш хохиролтой. Соёлын өв улс төрийн биш тусгаар тогтнолын асуудал. АНУ-ын Засгийн газар танай соёлын өв энд байна, та нар авах уу гэхэд АН засаг барьж байхдаа хүлээн авсан тул МАН үгүй, ээ, энэ АН-ынхны ажил гэдэг. Уг нь эдгээр үлэг гүрвэл Монголынх. Бид тусгаар тогтнол руугаа өөрсдөө дайрч байна. Талцаад байвал Монголд л хохиролтой. Шийдвэр гаргагчид, элчин сайд нар соёлын өвийн талаар мэдлэгтэй болох хэрэгтэй. Манай зарим дарга нар Монголоос үлэг гүрвэл олддог юм уу гэж өөдөөс асуудаг. Соёлын өвийн талаар мэдлэгтэй болчихвол музей хөгжүүлэх бодлого ч цэгцэрнэ.
ОЛДВОРУУДАА АЛДСАН ХАРИУЦЛАГЫГ ЗАСГИЙН ГАЗАР ХҮЛЭЭХ ЁСТОЙ
-Франц руу бас манай олдворуудыг гаргасан юм билээ?
-Баатарын асуудал 2013 онд ил болоогүй юм. Үлэг гүрвэлийн олдворуудыг 1990 оноос хойш гаргаж эхэлсэн. Би 2005 онд УИХ-ын гишүүн асан Ц.Оюунгэрэлтэй танилцсан цагаасаа энэ асуудлыг ярьсаар ирсэн. УИХ-ын олон гишүүнд хандсан ч надад хамааралгүй гээд хүлээж авдаггүй байв.
БНХАУ, БНСУ, Япон, Хятадаас Европ, Европоос Америк руу манай олдворуудыг хууль бусаар гаргасан. Францын хувийн цуглуулагч манай олдворыг худалдаж авсан байсныг Монгол руу буцаасан. Үүнээс гадна тус улсын нэг компани манай 90 үлэг гүрвэлийн ясыг интернетээр нээлттэй худалдсан. Эдгээр үлэг гүрвэлийн жагсаалтыг би Ц.Оюунгэрэл гишүүн рүү явуулсан юм. Эдгээр олдворыг одоо хүртэл аваагүй. Энэ ажлыг Засгийн газар хийх ёстой. Учир нь улс хооронд шийдэх асуудал шүү дээ. Би өөрөө энд амьдардаг, Америкийн Засгийн газар тууштай ажилладаг тул эндээс үлэг гүрвэлүүдээ буцаасан. Монгол руу илгээх дахин нэг үлэг гүрвэл энд бий. Америкийн Дотоодыг хамгаалах яаманд хураасан байдалтай байна. Трампын Засгийн үед үлэг гүрвэл буцаах ажил жаахан удааширсан. Цагаачлалд илүү анхаарснаас соёлын өвийг төдийлөн анхаараагүй. Шинэ Засгийн газрын үед буцаах ажил эрчимжих болов уу. Монголд хүлээлгэж өгөх хүртэл шүүхийн, агуулахын гэх мэт бүх зардал АНУ-ын Засгийн газраас гардаг. Би энд Монголын Засгийн газрын өмнөөс бүртгэлтэй нь тулган үлэг гүрвэлүүдээ хүлээж аваад баглах ажилдаа орно. Баглах, тээвэрлэх зардлыг Монголын Засгийн газар гаргадаг. Соёлын яамны Соёлын өвийн хэлтэс цаашид энэ ажлыг хариуцна. Би шинэ Соёлын сайдтай уулзах хүсэлтэй байна. Учир нь манай өмнөх дарга нар Америкт ирээд надтай уулзахаараа сайн байна л гэдэг юм. Баахан ажил ярьдаг ч тэдгээр нь хэрэгждэггүй.
Үлэг гүрвэлийн олдворуудыг 1990 оноос хойш гаргаж эхэлсэн.
Соёлын өвөө алдсан олон улс бий. Тэдгээр өвөө буцааж авах боломж улс бүрд олддоггүй. Харин Монгол соёлын өвөө буцаах тал дээр амжилттай байна, туршлагаа бусад улстай хуваалцаач гэж гэж эндхийн сэтгүүлчид асуудаг юм. Соёлын өв зөвхөн үлэг гүрвэлээр хязгаарлагдахгүй. Манай ямар соёлын өвүүдийг хаана, хэн худалдаж байна гэдгийг мөшгөдөг, яаж буцаах талаар хууль зүйн мэдлэгтэй мэргэжилтнүүд бидэнд хэрэгтэй. Мөн тэд хэрхэн ажиллах бүх үе шат тодорхой байх ёстой. Гадаад руу гарсан соёлын өвийг хариуцсан мэргэжилтэн томилох шаардлагатай. Батаараас хойш найман жилд манай Засгийн газар зургаан удаа солигдлоо. Тэр болгонд сайд нар солигддог нь хэцүү байдаг.
Монголын Засгийн газрын бас нэг чухал үүрэг бол олдвороо хилээр гаргахгүй байх энэ үүргээ муу хэрэгжүүлдэг. Олдворуудаа алдсан хариуцлагыг Засгийн газар хүлээх ёстой. Соёлын өвийн тухай хуульд соёлын өв нь улсын өмч тул улс хамгаалж хадгална гэж заасан. Манай ямар ч улс төрч, төрийн байгууллага соёлын өвийнхөө араас тууштай явдаггүй. Соёлын өвөө алдсан гэдэг нь бид мэдлэг, бахархлаа ч алдсан гэсэн үг. Дараа дараагийн судлаач, эрдэмтэн залууст бид ямар мэдлэг өвлүүлэх вэ? Нэг үлэг гүрвэлээс судалгааны олон сэдэв гарна. Үлэг гүрвэлүүд амьдарч байхад дэлхий ямар байв, тухайн үед дулаарал болоход амьтад хэрхэн тэсэж гарав, яагаад зарим нь сөнөв, одоогийн дулаарлын нөлөөгөөр бид сөнөх үү гээд олон асуултад хариулт авна.
-Үлэг гүрвэлийн яснууд овор хэмжээ ихтэй. Тэдгээрийг хилээр хууль бусаар гаргахдаа олон жижиг хэсэг болгоод гаргадаг юм болов уу?
-Яаж гаргадгийг мэдэхгүй байна. ЦЕГ, ГЕГ гээд төрийн байгууллагуудад олон хүн ажиллаж байна. Хаана алдаа гараад байгааг тодруулах шаардлагатай.
Америкт одоо ч хувийн цуглуулагчдад манай үлэг гүрвэлийн яснууд, толгойн яс, хумс, шүд бий гэж боддог. Батаарын мэдээллийг энд хэвлэл мэдээллийн хэрэгслээр их түгээсэн тул үлэг гүрвэлийн ясыг ил худалдах нь зогссон.
-Таны санаачилсан, Өмнөговь аймгийн Булган суманд барих музейн төсөл ямар шатанд байна вэ?
-Би 2009 оноос хойш Өмнөговьчуудад үлэг гүрвэлийг таниулах ажлыг хийж байна. Ялангуяа олдвортой газруудтай ойр сумдад ажилладаг.
“Өсвөрийн судлаач” төсөл хэрэгжүүлэн, энэ сумын дөрвөн хүүхдийг Нью-Йоркод авчирсан юм. Тэдэнд нутгаас нь буюу Баянзаг сумаас 100 жилийн өмнө олж, тухайн үед дэлхий нийтийг шуугиулсан үзмэрүүдийг музейнхээ Сан хөмрөг рүү дагуулж орон үзүүлсэн.
Энэ бол 100 жилийн өмнө гараад явчихсан мэдлэг.
Мөн 2013 онд эндээс нүүдлийн автобусыг Монгол руу аваачин аялуулж байна. Энэ автобус дотор үзмэрүүд бий. Сумын сургуульд бусад сумдаас хүүхдүүд авчран сургалт явуулдаг.
Судалгааны шугамаар олдвор гаргах нь Монголд ашигтай. Би мэдлэггүйнхээ гайгаар олдворуудаа хулгайд алдсан. Энэ эмгэнэлт түүхийг дахин давтахгүйн тулд Булган суманд музей барина. 100 жилийн өмнө нээлт хийсэн газарт нь тэр түүхийг үлдээхээр зорьж байна. Орон нутгийн иргэд хажууд нь амьдарч байгаа атлаа нутгаас нь үлэг гүрвэл олсныг мэддэггүй. Шинэ музейд орон нутгийн иргэд ажиллана. Гэхдээ энэ музей улсынх болохгүй. Музей ашиглалтад орсноор мэдлэг Булган сумаас Монгол руу, Монголоос олон улс руу ундарна. Барилга барихаас өмнө ажилтнуудаа бэлдэх нь чухал тул удахгүй музейн гурван ажилтны сонгон шалгаруулалт эхэлнэ. Сонгосон хүмүүсээ намар Америкт авчран сургана, эндхийн хэд хэдэн музейд дадлага хийлгэнэ. Барилгын ажил дуусахад сан хөмрөгийн, лабораторийн ажилтнууд олон улсын стандартын музейн талаар ойлголт мэдлэгтэй болсон байна. Музейн боловсролын хоёр ажилтнаа бэлтгэчихсэн.
Би энд 25 жил ажиллахдаа олон музей үзсэн. Заримдаа бусад музейд очиж, лекц уншдаг юм. Америкийн илүү сайн үйлчилгээтэй музейнүүдэд ажилтнуудаа бэлдэнэ. Харин барилгын ажлаа ирэх онд эхэлнэ. Музейн санхүүжилтийг Засгийн газраас биш гаднаас босгох юм. Баянзагт очсон жуулчид наад захын үйлчилгээ авч чаддаггүй. Бидний барих музей Монголын музейн стандартыг нэг шат ахиулна гэж найдаж байна.
-Таны ажилладаг палеонтологийн салбарт ямар улс тэргүүлдэг вэ?
-Сүүлийн жилүүдэд БНХАУ-ын Засгийн газар бодлогоор үлэг гүрвэл судлалаа түлхүү хөгжүүлж байна. 1990-ээд оны дунд үеэс тус улсаас өдтэй үлэг гүрвэлийн олдворуудыг илрүүлсэн. Хууль бусаар зарсан тохиолдлууд Хятадад ч гарсан. Иймд олдвортой холбоотой хууль гарган, тус улсын олдворыг гаднын судлаачид судлах боломжийг хязгаарласан юм. Ялангуяа шинэ олдворыг судлах бараг боломжгүй. Зөвхөн хятад судлаач л судална. Олдворыг судлаад эрдэм шинжилгээний бүтээлийг хэвлүүлсний дараа бусад судлаачдад нээлттэй болгодог. Ингэж өөрсдийнхөө эрдэмтдийг дэмжиж байна. Мөн тус улс 2000 оноос эхлэн баруунд ажилладаг эрдэмтдээ буцаан татсан. Шинэ лабораториуд байгуулан, өндөр цалин амлаж, эрдэмтдээ Бээжин рүү татсан юм. Англи хэлтэй, баруунд боловсрол эзэмшсэн эрдэмтдийн нөлөөгөөр Хятадын палеонтологийн салбар их хурдтай хөгжсөн.
“Байгаль”, “Шинжлэх ухаан” хэмээх хоёр сэтгүүлд бүтээлээ хэвлүүлэх нь эрдэмтдийн хувьд нэр төрийн хэрэг байдаг. Эдгээрт бүтээлээ хэвлүүлсэн эрдэмтдээ урд хөршийн эрх баригчид хэдэн мянган ам.доллараар шагнадаг. Хятадын палеонтологийн олдвортой холбоотой бүтээлийг дандаа хятадууд өөрсдөө хэвлүүлж, автор болж байна. Эдгээрийн нөлөөгөөр үлэг гүрвэлийн олон музей нээсэн. BBC, CNN, “Үндэсний газар зүй” сэтгүүлд сүүлийн үед голдуу хятадын олдворуудыг мэдээлж, тэр бүхэнд хятадын талаарх мэдлэгийг түгээж байна.
Мөн АНУ-д палеонтологийн салбар 100 орчим жилийн турш хөгжсөн тул Америкийн эрдэмтэд их сайн. Гэхдээ энэ салбарт оруулдаг төсвийн дэмжлэг Хятадынх шиг өндөр биш. Манай улсын тухайд манай олдвор дээр голдуу барууны эрдэмтэд ажилладаг. Тэд бүтээлээ хэвлүүлэхэд тэдний харьяалагддаг байгууллагын нэр хүнд улам өсдөг.
Бид үлэг гүрвэлийн ясаа хадгалж хамгаалаад, аялал жуулчлалаар дамжуулан эдийн засгийн үр ашгийг нь хүртэх ёстой юм.
-Ярилцлага өгсөнд баярлалаа.