Давчдам, бүгчим, завсар зайгүй Улаанбаатараас түр холдохоор Төв аймгийн Баян суман дахь малчны хотыг зорилоо. Зах нь үл харагдах их далай шиг зэрэглээтэн тунарах тал нутагт зун цаг иржээ. Газрын өнгө ногоорч, тэртээд тэнгэр цэнхэртэх нь өнгө будаг нь таарсан уран зураг мэт. Шулуун, дардан шороон замаар давхиулсаар Аймгийн аварга малчин Р.Санжаажамцынд сааталгүй сайн явж хүрэв.
Малчдын хийх ажил дуусахгүй, үргэлж л ундарна. Тэр л янзаар гэрийн эзэд нэг харахад хотондоо, нөгөө харахад хурга, ишиг, хонь малынхаа захад харайлгаж явах юм. Гэрээс холгүйхэн, урд толгод дээр хүүхэд, хөгшин хоёр хэсэг хонь хорин зогсжээ. Хүн, малгүй нааш цааш холхин хуваагдаж "хүүе, хаая" болж буйн учир гэвээс, өнөөдөр тавдугаар сарын 29 буюу билгийн тооллоор зуны эхэн сарын шинийн гуравны бэлэгт сайн өдөр. Энэ сайн өдрийг тааруулан өнөөдөр энэ айл хурга, ишгээ хөнгөлөхөөр зэхжээ. Хурга, ишгийг ялган хашиж үлдээснээр хонь бэлчив.
Аймгийн аварга малчны хотонд таван хошуу мал бүрэн байна. Нэг ч болов амьтны үр төлийг хайрлан өсгөж мал болгоод авъя гэдгийг малчин бүр л боддог байх. Эднийд эх нь хорогдсон нэг, эхээсээ төөрсөн бас нэг ботго. Нэмээд адуунаасаа сарниж үлдсэн хоёр унага, нийт дөрвөн өнчин төл үнээний сүү, чихэртэй хар цайгаар цаг тутам угжуулсаар овоо л торниун болжээ. Харин бусад төл мал хэдийн хөрөвжин бойжиж, хээрээр бэлчих болсон нь хаврын ид ажил дуусах дөхсөнийг илтгэнэ.
Гэрийн эзэн мал хөнгөлөх хутгаа ирлэж, үзүүрийг нь үлдээн даавуугаар ороож бэлтгэв. Монголчууд эрт үеэсээ малын буян хишиг арвижихыг бэлэгдэн мал хөнгөлөхөөс урьтан олон ёс үйлддэг байсан. Энэ ёс өнөөдрийг хүртэл уламжлагджээ. Гэрийн эзэн төл малаа арц сан, аргалын утаагаар ариулж, хамгийн эхэнд эм хургаар домнон хутгаа хүргэснээр мал хөнгөлөх ажил эхэллээ.
Хөнгөлсөн хурганыхаа засааны хуухнагийг сайтар чимхэж гэрийн унь дээгүүр гарган домнож хурдан эдгээрэй гэж ерөөхдөө "Өднөөс хөнгөн, сумнаас хурдан болоорой, дэррр дэррр" хэмээн шившив. Хөнгөлсөн засааг будаатай, хүйтэн хярамд хийв. Дараа нь засааг цэвэрлэн чанаснаар идэхэд бэлэн боллоо.
"Төл малын засаа бол тэр чигээрээ уураг. Өвлийг даван урин хавартай мэнд золгож малынхаа засааг идэн, ядарсан биеийнхээ хүч тамирыг сэлбэж цагаан идээ, эрүүл хүнсээ байнга хэрэглэдэг. Тиймдээ ч малчин бид өвчин эмгэгээс хол байж урт насалдаг юм шиг санагддаг. Чи ч гэсэн сайн идээд ав. Уг нь айлд ирсэн хүнийг хоосон гаргадаггүй л юм. Даан ч хургаа хөнгөлчихлөө. Элдэв эд, цагаан идээг гурав хоногтоо гаргахыг цээрлэдэг тул өрөм, ааруул өгч явуулах гэсэн болохгүй нь" хэмээн ирсэн зочноо хоосон буцаах болсондоо гэмших шиг гэрийн эзэд ихэд дайлж, цайлав.
"Энэ жил өнтэй сайхан өвөл болж мал онд мэнд тарган орсноор төл олонтой байна. Манайх эр голдуу төл авчээ, 400 орчим хурга, ишиг хөнгөллөө. Олон төл авахад хүн хүч багатайгаас өөр зовох юмгүй, сайхан л жил байна. Уг нь манайх гурван хүүхэдтэй, том хоёр маань нэг нь оюутан нөгөө нь арван жилийн сурагч. Хичээл номоос нь хоцроочих байх гээд тэр болгон дуудаад байдаггүй юм аа. Бага маань харин дөрвөн настай, бүх ишгээ танина бүр нэр өгчихсөн, бид хоёрт их нэмэртэй байдаг" гэж гэрийн эзэгтэй Б.Баяржаргал ярилаа.
"Давхиад буухад, цоожгүй айл малчин танайх" хэмээн шүлэглэхийн учрыг мэдэрсээр их хотынхоо зүг хүлгийн жолоо заллаа. Найрсаг, зочломтгой малчид "Манай дахиад ирээрэй, сайн яваад хүрээрэй" гэж сүүгээ өргөсөөр хоцорлоо.
Б.Ану