Шөнийн гурван цаг. Их говийн нам гүмийг эвдэн, том машины хүнгэнэх дуу гарч, Ханангийн араар гэрэл цэлсхийв.
Хурц гэрэл хар сүүлтийн хэвтэр лүү чиглэж, үзүүрт нь эвий, тэд минь займчин сандарч харайлгана. Болохоо байлаа гэх дохио авсан байгаль хамгаалагчдад, анчдыг авласных нь дараа барих үүргийг дарга нь өгчээ.
"Амьтнаа алуулчхаад юуг нь хамгаалдаг юм бэ" гэж зөрүүдлэн, ах нь тос гоожсон мотоциклоороо том хар жийпний араас элдчихсэн. Тоосонд дарагдаж гүйцэхгүй. Удтал мөшгөж барьсны дараа хамгаалсан бид буруутан болж, харин машинтай нөхөд “мал ирсэн” нэрийн дор зөвдсөн дөө.
Байгалийн шалгарал, өөрсдийн хичээл зүтгэлээр Ар говьд үлдэж, амьдарч байгаа цөөн хэдэн хар сүүлтдээ ах нь харам. Хавар хэн, хаанаас гарч ирээд буу шагайх бол гэхээс өдөр шөнөгүй эргүүлдэнэ.
Алахаас нь өмнө хамгаалах ёстой атал “алсан нь үнэн” гэж хамгаалдаг хуультай улс даа бид. Идэх гэж, ангийн хорхойгоо дарах гэж буу шагайдаг өчүүхэн тархитнуудтай би үхтлээ тэмцэнэ.
Ийн ярих хүн бол Их Нартын байгалийн нөөц газрын ахлах байгаль хамгаалагч А.Батболд.
Хараа хүрэх алсад зэрэглээ гүвэлзэн, хадан арлаа тойрон байгаль хамгаалагчдын ажил ид өрнөх тэр цагаар бид Дорноговь аймгийн Даланжаргалан сумын Их нартын байгалийн нөөц газрыг зорив.
Тэнд очоод би онгож гандсан шаргал малгайгаа духдуулсан, марзан хөгжилтэй яриагаараа хүн бүрийг инээлгэх, 19 жил байгаль хамгаалагч хийж буй А.Батболд ахтай танилцсан юм. Энэ нутгийн хүмүүс, ажил нэгт нөхөд нь түүнийг “Шавка” гэж дуудна, “ясны" байгаль хамгаалагч хэмээн үнэлнэ.
Харин энэ нэрийн ард ийм түүх бий. Багадаа мах мяраа сайтай, дөнгөж суудаг жаахан хүүхэд байхад нь айлын хүн харж “жаалаа, жаалаа” хэмээн өхөөрдөж байснаа аядахгүй болохоор “шавар” гэж нэрлэчхэж. Тэр энэ нэрээрээ дунд ангиа төгсөж, улмаар “Шавар” нь “Шавка” болон хувирчээ.
Ийн бид зуны намуухан орой Ханан араа ширтэж хэсэг хууч хөөрөв.
Арван хүүхэдтэй айлын гурав дахь хүү тэрээр Дорноговь аймгийн Иххэт сумын Хажуу Улаан хэмээх геологийн лагерьт төржээ. Говийн элс, чулуун хяр, харгана бударганыг түшиж, наадан хөлд орсон түүнийг өрмийн ээлжийн мастер аавынх нь ажил байгальтай ижилсүүлж, өлгийтэй хүүхэд анх удаа энэ нутагт ирсэн аж.
Тэр үеэс эхлэн байгаль, ялангуяа говийн үзэсгэлэнт Их Нарттай амьдралаа холбож яваа нь энэ.
Ар гэрийнхэн нь “сургуулийн мөр хөө” хэмээн ятгасан ч, зөрүүд зантай тэр хүлээж авсангүй. Удмаасаа ганцаараа малчин болж, говьдоо үлдэхээр шийджээ.
18 настайдаа Зүүнбаянд цэргийн алба хаагаад нутагтаа ирэхдээ отроор яваа Дундговийн хүмүүстэй таарч, гэргийтэйгээ танилцсан аж. 2000 онд эхнэртэйгээ хамт Хулд суманд төвхнөхөөр нутгаасаа явахдаа эргэн эргэн Их Нартаа ширтэж, мэлмэртлээ уйлсан гэдэг. “Яагаад уйлж байснаа тухайн үедээ ойлгоогүй” хэмээн хүд хүд инээн хуучилна.
Харин 2004 онд тэрээр нутагтаа эргэн иржээ. Яг энэ үед Их Нарт байгаль хамгаалагчийн орон тоо гарч, тухайн үеийн дарга нь “итгэл хүлээлгэх хүн” хэмээн түүнийг сонгон, анхны байгаль хамгаалагчдын нэгээр томилжээ. 2005 оны хавар. Малын хамар хатгах өвсгүй улаан гантай жил... Тэр үед л байгаль хамгаалагчийн ажлаа эхэлж байснаа тэр дурсана.
“Би их азтай хүн шүү. Ажилд ороод сар ч болоогүй байхад шинэ палнит тав өгсөн. Түлхүүрийг нь гардуулахад энэ нутгийн төлөө үхтлээ явна даа гэж уйлж билээ. Би хэн нэгэнд сэдэл төртөл явна. Ямар нэг юм хийчих юм сан гэх итгэлийн гал байгаа учраас миний ажил бүтнэ дээ хэмээн тэр инээмсэглэн ярина.
Байгаль хамгаална гэдэг хээр талаа хэрэн сүлжиж явахын нэр бус. Байгаль хамгаалагч хүн өглөө ургах нартай зэрэг өндийнө. Холыг харж ажиглана, цаг уурын байдлаа шинжинэ, ажилдаа явахдаа ус авч явах уу, аль талаар нь тойрох уу гэж төлөвлөнө. А.Батболд ах сар бүрийн мониторингийн үеэрээ 60 орчим км замыг туулдаг гэнэ. Үлдсэн хугацаандаа тогтмол эргүүлд гарч, ажиглалт хийнэ.
Гэвч байгаль хамгаалагч хүн хулгайн анчин, сувдаг сэтгэлтнүүдтэй тэмцэж болох ч байгалийн шалгарлын өмнө аргагүй хүчин мөхөстдөг аж. 2010 оноос хойш зудын давтамж эрс нэмэгдэн, улаан ган, хар, цагаан зудад идэх өвсгүй, хэвтэх хэвтэргүй болсон амьтдынхаа өмнөөс эмтрэх болсон гэж А.Батболд ах толгой сэгсрэн хэлж байлаа.
Өвдөг давсан цасыг малтаад идшээ олж чадахгүй амьтдаа өрөвдөж, өмнөөс нь бүгдэд хашаа барьж өгөөд тэжээгээд явах сан гэж бодно. Ядарч онд орсон амьтдаа хараад хошуу дэвсэнэ. Хужир, өвсөө үүрээд мал хүрэхгүй цэгт аргал янгир хооллог гэж тавьж өгнө. Хоёр жилийн өмнөх зудаар туйлдаж шөнөдөө шаналж нойргүй хонодог байсан. Явахад хад болгоны энгэр дээр цасанд зоогдоод үхчихсэн янгир, аргалийг харах харуусмаар гуниг.
Чадан ядан явж хөлстэйгөө хутгалдаж, хөлөөрөө өшиглөж зам гаргана. Хамгаалж байгаа амьтныхаа талаас илүүг үхүүлнэ гэдэг аймшигтай. Уржнан нэгхэн угалз олж хараад яана гэж бодож байлаа. Харин энэ жил ганц байсан угалз дөрөв болсон гэж баярлан ярина.
Насанд нь намба суух үест тэр том хүүгээ залгамжлан бэлдэж байгаа аж. Хүн өөрийн сэтгэлээр харна уу гэхээс хүнээр заалгаж байгалиа хамгаалдаггүй гэж хаа ч дагуулж яван ажигла хэмээн захидаг гэнэ. Ар говио хамгаалах сэтгэлтэй байгаль хамгаалагчийг нэгээр нэмэх түүний зорилго гэв.
Их Нартын байгалийн нөөц газар нь Монголын говь дахь ховор амьтдын өлгий, экосистемийн төв. Аргаль, янгир нь элсэн манхан, хад чулуулаг бүхий говийн онцгой орчинд дасан зохицон амьдарна. Байгаль хамгаалагчид эдгээр эмзэг амьтдын тоог нэмэх, амьдрах орчныг нь хадгалан хамгаалахад тууштай зүтгэнэ.
Гэвч уул уурхайн лиценз олголт, хууль бус ан агнуур, уур амьсгалын өөрчлөлтөөс үүдсэн эрсдэл амьтдын амьдрах орчныг жил ирэх тусам хумьж, аюулд оруулсаар байна. Иймд нутгийнхаа төлөө сэтгэл зүрхээ зориулан ажиллах А.Батболд шиг байгаль хамгаалагчид энэ үнэт нөөцийг хамгаалахад хамгийн чухал үүрэгтэй.
Говийн хүний тос даасан хөрслөг царайных нь цаадах уужуу нам зан, нутаг усаа бахархан ярих их хүндлэл түүний яриа бүрд шингэж мэдрэгдэнэ. Хөхөмдөг манан дундах ширээ шиг хад, үүл хоёрын зайц дахь Их нарт. Нэг алхам ч зайгүй уул уурхайн лицензтэй газар арал хэлбэрээр тогтсон нутгаасаа холдож чаддаггүй гэх эрмэг нэг байгаль хамгаалагч.
Нялх хүүхэдтэй, мал цөөн, амьдрал ахуй нь тогтож амжаагүй байхад нутгийнх нь газар нутгаас вольфрамын орд олдлоо гэх яриа дэгдэхэд, таньж мэдэхгүй олон хүн тав, арван цас атгуулах гэжээ. Амьдрал ахуйгаа бодвол хүлээж авах ч тэр өөртөө өргөсөн тангаргаа зөрчихийг хүсээгүй. Үүнийгээ ч олзуурхан ярина.
Жил бүр Их нартын байгалийн нөөц газрыг зорин ирэх тавдугаар ангийн 200 гаран сурагчдад мэдээлэл өгч, ан амьтдыг хайрлах, тэднийг хамгаалах, байгалийн тогтоц, түүхийг заан явахдаа тэр их жаргалтай болдог гэнэ. Багш аа багш аа гэх хүүхдүүд Улаан номд багтсан, нэн ховордсон амьтдыг мэддэг болж буй нь байгаль хамгаалал энгийн зүйлээс эхэлдгийн илрэл гэж боддогоо хуучилна.
Одоо хүүхдүүд том болсон, төв бараадъя гэж хань хэлнэ. Би хэзээ ч эндээс явахгүй. Миний амьдрал тэнд биш. Энэ нутгийг мөнгө болгож харж байгаа хүн хэд билээ. Өөрийгөө чадваргүй болтлоо, үхэн үхтлээ нутгийнхаа төлөө явна гэж шулуухан хэлнэ.
Үдшийн бүрий өтгөрөх үест бидний яриа өндөрлөж, маргааш зургаа татуулъя гэсээр салцгаав. Үүр дөнгөж тэмдгэрэх цагаар говийн наран ургахыг харах гэж эртлэн боссонд А.Батболд ах хэдийн босчихсон явах. Энгэртээ "Байгаль орчны тэргүүний ажилтан" тэмдгээ зүүжээ. Хорвоогийн хүсэл шуналаас ангид тийм нэг гүндүүгүй, нутгаа харж бүтэн амьсгалдаг болохоор Их нартаа хамгаалж яваад амиа өгсөн ч чадна гэх итгэл төгс нэгэн.
Гүлдийж явснаас хүн хөгжөөж явбал жаргал шүү дээ гэх дотно дулаан инээмсэглэлээр бид хөөрөлдөж, тэр төрхөөрөө биднийг үдэв. Ар говио хамгаалах асар их сэтгэлээр цалгисан тэр үнэхээр "ясны" байгаль хамгаалагч ажээ.