gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   SOS
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
    •   GoGo ил тод байдал
    •   Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     -23
  • Зурхай
     1.17
  • Валютын ханш
    $ | 3562₮
Цаг агаар
 -23
Зурхай
 1.17
Валютын ханш
$ | 3562₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • SOS
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
    • GoGo ил тод байдал
    • Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • Мэддэг мэдээлдэг байя
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 -23
Зурхай
 1.17
Валютын ханш
$ | 3562₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Философийн анализ: Өлзийтөгс ба хэлний хязгаар

gogo.mn
Соёл урлаг
Өчигдөр
235
Twitter logo

“Миний хэлний хязгаар бол миний ертөнцийн хязгаар”,

 “Ертөнцийн хязгаар хэмээхүй нь угтаа логикийн хязгаар”.

– Людвиг Витгенштэйн

Өнөөгийн зохиолч, яруу найрагчдаас хэлний хязгаар болоод хэлтэй холбогдох сэтгэлгээний хязгаарын хүрээг бүрэн төлөөлөн ярьж болохуйц уран бүтээлчийн нэг бол яруу найрагч, зохиолч Лувсандоржийн Өлзийтөгс. Түүний үзэл санааг сэтгэлгээний хязгаар, утгын хязгаар, хэлний хязгаар, ганцаардлын хязгаартай холбон анализ хийн тайлбарлахыг зорив.

1. СЭТГЭЛГЭЭНИЙ ХЯЗГААР БА ХЭЛНИЙ ЗАГВАРЧЛАЛ

 “Баримтын логик зураг бол бодол мөн.”

 – Людвиг Витгенштэйн

Шинэ туршилт, шинэ сэтгэлгээ, шинэ онол бүхэн бидний оюун санааны хязгаарын хүрээг өргөтгөдөг. Мянган жилийн өмнөх хүмүүсийн сэтгэлгээний хязгаар, таван зуун жилийн өмнөх, зуун жил, тавин жил, арван жилийн өмнөх гээд бүгд хоорондоо адилгүй. Зуун бүхэн өөрсдийн сэтгэлгээний хязгаарын хүрээг тогтоож дараа дараа үеийнхэн улам баяжуулж, шинэчлэн тэлж ирсэн.  Өргөтгөл бүхэн өөр өөрийн замаар сэтгэлгээг баяжуулдаг.

Эрдэмтэд, сэтгэгчид, уран бүтээлчид шинийг, шинэ сэтгэлгээг нээх гэж цаг бүхэнд мухардалд орж байсан ч сэтгэлгээний шинэ хязгаарыг тогтоох шинэ нээлтийн өмнөх төсөөллийн баримжаа бүхэн нь тэдний сэтгэлгээний хязгаарын шинэ эрмэлзэл, эрэлхийлэл, урам зориг, шинэчлэлийн зорилго байв.

Хязгаарын тухай хамгийн өвөрмөцөөр бичсэн сэтгэгчдийн нэг бол Людвиг Витгенштэйн. 20-р зууны хамгийн зартай сэтгэгчдийн нэг тэрбээр дэлхийн 1-р дайны үед Австрийн армид алба хааж байхдаа Парис хотод болсон нэгэн авто ослын талаарх мэдээг сониноос олж уншжээ. Өмгөөлөгч шүүгчдэд болсон үйл явдлыг тодорхой ойлгуулахын тулд авто ослыг дүрслэхдээ тусгай ширээн дээр жижиг макет дүрсүүд байрлуулан осол болох үед тээврийн хэрэгсэл, хүмүүс болоод бусад холбогдох зүйлсийг тухайн бэлтгэсэн загваруудаараа дүрслэн тайлбарлах гэж оролдсон байдаг.

Инженер хүний хувьд Витгенштэйнд сониноос уншсан энэхүү мэдээ туйлын сонирхолтой санагдсан ба ялангуяа болсон үйл явдлыг өөр нэгэн орон зайд яг тэр үйл явдал мэт хөдөлгөөнт дүрсээр загварчлан тайлбарлах тэрхүү сэтгэлгээ нь түүний анхаарлыг гойд татсан. Энэ мэдээнээс үүдэн тэрбээр хэлийг загварчлах санаагаа зоригтойгоор хэрэгжүүлж эхэлсэн ба улмаар энэхүү санаа нь “Логик-философийн трактат” номоо бичихэд  нь сэдэл, түлхэц өгсөн билээ. Энэ үеийг философи болон хэлний философийн түүхэнд “Эхэн үеийн Витгенштэйний үе” хэмээдэг.

“Бодит байдлыг загварчилж болж байгаа юм чинь тухайн бодит байдлын загварчлал хүний бодолд хэрхэн буудаг вэ?” гэдгийг сонирхож үзээд “бидний бодлын макет дүрс нь үг юм байна” гэсэн логикийг Витгенштэйн санал болгосон. Ийн үзвэл хүний бодол үгээр биежиж загварчлагддаг ба загварчлагдсан үгс өгүүлбэрийг буй болгоно. Нэг ёсондоо бодит байдлын загварчлалын илэрхийлэл нь бодол, бодлын загварчлал нь үг. Тэгэхээр хэл бол бодлын загварчлал ба ертөнцийг өгүүлбэрүүдэд шингээн утгажуулна.

Хэлний зургийн онолын үүднээс авч үзвэл ямар нэгэн өгүүлбэр хэлэнд тусгагдаж байгаа бол бодит байх гэсэн санаа түүнд бий. Энэхүү онол нь логик атомизмын тухай түүний санааны биелэл юм. Витгенштэйний энэхүү нээлт тухайн үедээ чухал нээлт байсан ч яруу найргийн сэтгэлгээний өмнө “алдаа” заасан гэдэг утгаараа яруу найргийн өвөрмөц сэтгэлгээний хувьд жишээ болохуйц онол юм. Түүний онол яруу найрагт эсрэгцдэг.

Хэдийгээр, Людвиг Витгенштейний “Логик-философийн трактат” (Ludwig Wittgenstein. Tractatus Logico-Philosophicus. Translated by David F. Pears and Brian F. McGuinness. 1961.)-д “Зураг бол бодит байдлын загвар” (2.12. “A picture is a model of reality.”) боловч логикийн баригдмал загварт болгоомжтой хандах ёстойг хожмын Витгенштэйн сануулдаг. Учир нь Витгенштэйний “хязгаар” хэмээх ойлголт нь логиктой уялддаг бол уран зохиол, яруу найрагт энэ утга ихэнхидээ логикоос хэтийдсэн, логикоос давсан, “хязгааргүй” утгатай байдаг.

Хязгаарын хүрээний дүрүүдэд тогтмол суурьшиж үе үеийн сэтгэгчдийн сэтгэлгээний шандсыг сорьж ирсэн сэтгэлгээ бол яруу найргийн сэтгэлгээ. Яруу найргийн энэ амин чанар бол ахуйн хүрээний ахархан хүрээ биш алс хязгаарын утгат хүрээ. Хүн дотоод оюун санаандаа хэр их тэлж, хэр их хол төсөөлж түүнээ батлах тусам өөр нэгэн хязгаарт оюун санаандаа өөрийгөө хувилан бүтээж тэрхүү бүтээсэн хоёр хязгаарынхаа хооронд мэдрэмжээ торлож сүлэлдүүлэн ургуулахдаа төсөөллийн хязгаарлуугаа хэт нэвчдэг байж болно. Хэрэв тийм байх аваас ийм уран бүтээлчийн нэг бол яруу найрагч Өлзийтөгс. Тэрээр шүлэг бичиж эхлэхээсээ л өөрийн дотоод хязгаарынхаа сэдлийг илтэд тодорхой илэрхийлсэн байдаг.

Түүний “Ертөнцийн хязгаар дахь модон гүүрэн дээр

Ер бусын том саран тусдаг” хэмээх мөртүүд бий. Эл “ертөнцийн хязгаар” хэмээх хэллэг нь хэлний хязгаараас давсан төсөөллийн, мэдрэмжийн хязгаар. Бидний төсөөллөөр илэрхийлж чадах хязгаар ба төсөөллөөр илэрхийлэгдэмгүй хязгаар хоёрын заагийг илтгэдэг. Мөн уншигчдад өөр өөрсдөд нь дотоод сэтгэлгээний хязгаараа төсөөлөх боломж олгодог. Түүний “төсөөллийн өрөө” бол түүний төсөөллийн хязгаар дахь өөрийнх нь бүтээсэн өвөрмөц орон зай.

Харин Витгенштэйний “ертөнц” хэмээх хэллэг нь хэл болоод логикоор илэрхийлэгдэж  буй ертөнц. Эхэн үеийн Витгенштэйний үзэлтэй харьцуулж үзвэл түүний төсөөллийн хязгаар нь хэлний хязгаараа давчихсан төдийгүй төсөөллийн хязгаар нь түүний ертөнцийн хязгаар болсон гэмээр.  

Яруу найрагч Өлзийтөгсийн үзэл санаа бол ахуйн хязгаараас хальсан утгууд. Уншигчид нь өөрсдийнхөө мэдрэмжийн, төсөөллийн, ойлголтын хязгаарыг мэдрэх гэж мөн тэлэх гэж түүний бүтээлийг их уншдаг болов уу гэж бодогддог.

Бидний бодож буй бодол, сэтгэмж бүхэн бидний сэтгэлгээний бүтээл. Сайн шүлэг хүнд орон зайн шинэ мэдрэмжийн хязгаарын орчин өгдөг санагддаг. Энэ бүхний хүрээг хамгийн сайн тэлж өгч хүмүүсийн ойлгодог ахуйн хязгаарыг шинээр нээж тэлж ойлгуулдаг нь яруу найргийн сэтгэлгээ гэдгийг Мартин Хайдеггэр (Martin Heidegger. Poetry, Language, Thought. Harper Perennial Modern Thought, 2013) ч тунхагладаг. 

Яруу найрагч Өлзийтөгсийн үзэл санаа бол ахуйн хязгаараас хальсан утгууд. Уншигчид нь өөрсдийнхөө мэдрэмжийн, төсөөллийн, ойлголтын хязгаарыг мэдрэх гэж мөн тэлэх гэж түүний бүтээлийг их уншдаг болов уу гэж бодогддог. Тэрээр ахуйтай хэт хүлэгдэж уягдсан баригдмал, чөдөрт хязгаарыг эвдэж нэгэн шинэ сэтгэлгээний хязгаар, шинэ орон зай, шинэ уншигчид, шинэ цаг хугацааг бий болгосон гавьяатай.

Хэн ахуйн хүлээснээс ангижирч сэтгэлгээнд цойлно түүнд хязгаарын тухай ухагдахуун үүсэх нь тодорхой. Эзлэгдэнэ. Түүний бүтээлүүдэд “Ертөнцийн хязгаар”, “Үзэхийн хязгаар”, “Чимээгүйн хязгаар”, “Бүхний хязгаар”, ... гэх мэт хязгаарын тухай нэршлүүд элбэг бий. Учир нь тулга тойрсон бодолд хязгаарын тухай бодол ч үзэгдэхгүй. Зөвхөн хязгаар биш хязгаарын хүрээг мэдэрч гэмээнэ шинэ хязгаар тогтоох сэдэл бүрэлдэнэ.

Шүлэг гэдэг угтаа шүлэглэж, уран гоё унших төдий үгсийн цуглуулга биш, хязгаарыг эвдэх гэсэн сэтгэлгээний туршилт, нарийн утгачлагдаж системчлэгдсэн тэмдэгтүүдийн кодчилол. Сайн яруу найрагчид шинэ хэллэг, бодомж, өгүүлбэр, олонлог ойлголт бүхий өвөрмөц санаа үйлдвэрлэдэг. Сайн шүлэг гэдэг сэтгэлгээний хязгаарыг эвдэнэ, тэлнэ. Шинэ хязгаар бүтээнэ. Сайхан сонсогдож байгаа нь шилдэг шүлэг гэсэн үг биш. Шүлэг гэдэг тухайн бүтээгчийн оюун санааны хязгаар. Хэн сайн шүлэг бичиж байна, тэр хүний дотоод оюун санааны цээл, хязгаар чинад хол байна аа гэсэн үг.

Сэтгэлгээний хязгаар олон олон зөв үзэл санаа, зөв онолоор шахагдан тэлэгдэж байж хэлний хязгаар, ойлголтын хязгаар ч тэлэгдэнэ. Тэгэхээр сайн зохиолч, яруу найрагчийн зорилго бол уншигчдыгаа “хөөсөн” үйл явдал хөөлгүүлж төөрүүлэн цуцааж залхаах биш, агуулга мөхөс “уран гоё” үгсээр илбэдэн утгын гүн хаялагаас алсруулах бус, чимгийг хорьж, утгыг шүтэж, уншигчдынхаа сэтгэлгээний хязгаарыг тэлэх. Уншигчаа хэдэн дүрээр ээрч, “уянгын халил дэвэрсэн” үгсээр төөрүүлсэн зохиол, бүтээлүүд хэлний болоод сэтгэлгээний хязгаараа тэлэх гэсэн уншигчдын сэтгэхүйг улам агшаан хумиж чөдөр тушаа, цагийн гарз болохоос өөр үр өгөөжгүй.

Сайн загварчлагдсан ном гэдэг сайн бодсон ном. Витгенштэйний “Баримтын логик зураг бол бодол мөн.” (3. “A logical picture of facts is a thought.”) гэдэг ч бас бодууштай. Сайн ном уншиж бодлын загварчлалын суурь сайтай болсон уншигчид хэлний болоод сэтгэлгээний хязгаарын хүрээг тэлэхэд үлэмж хувь нэмэр оруулах нь дамжиггүй. Бодож сурсан, бодлын мастер болсон уран бүтээлчийн бодол ханана гэдэг сэтгэлгээний хязгаарт тулна гэсэн үг. Хязгаарын нэгэн хүрээг бий болгож, бүтээж, төрүүлж буй хүн ахин шинэ хязгаар үүсгэх, бүтээсэн хязгаараа тэлэх бүрэн чадвартай. Тийм хүмүүсийн бодлын хязгаар, бодлын ангилал, бодлын загварчлал, бодлын бүтэцчилэл ч өөр.

Хэл бол бодол дамжуулагч. Бодлоо хүмүүс янз бүрээр илэрхийлдэг ба  бодлын бүтэц, бодлын дамжуулалт, бодлын загварчлалын хувилбарууд бол бидний оюун санааны дотоод системчлэл. Энэ үүднээс бодол ч загвар, хэл ч загвар. Хэл, бодол хоёр загварчлал учраас бүрэн дүүрэн биш. Гэхдээ Витгенштэйн ертөнцийг танихын тулд мэдрэмжиндээ суурилна хэмээн эцэстээ дүгнэж хэлсэн байдаг. Угтаа утгын, бодлын, ойлголтын, төсөөллийн, мэдрэмжийн, хэлний хязгаарууд бидний сэтгэлгээний хязгаарыг илчилдэг.

2. УТГЫН ХЯЗГААР БА УНШИГЧДЫН ЕРТӨНЦ ДЭХ ИЛГЭЭМЖ

–Уншигчид ямар нэгэн шүлэг, зохиол уншиж байхдаа тухайн яруу найрагч, зохиолчийн сэтгэлгээний хязгаарыг уншиж байдаг мөн өөрсдийнхөө хязгаарыг ч харьцуулан уншиж байдаг.

Хүн хэлний хязгаарлалтаас шалтгаалан бүх утга санааг бүрэн ойлгох боломжгүй байдаг. Зохиогч ч мөн зарим тохиолдолд бүрэн илэрхийлэх боломжгүй болдог. Яг тэр “боломжгүй”-н хил, зурвас дээр уран бүтээлчдийн сэтгэлгээний шандас, утгын илгээмж шалгагддаг.

Утгын хязгаар нь зохиогчийн өөрийн илэрхийллийн утгын хязгаар ба уншигчдын нээсэн  шинэ утгуудын хягааруудын бүрдэл хийгээд цаг хугацааны явцад үүсэх утгас зэргийн нийлбэр юм. Эл хэллэг нь философи, хэл шинжлэлтэй холбогдож, хүний сэтгэлгээний хүрээ, мэдлэг, ойлголт, утга санаа, үгсийн хэрэглээ, хэлний бүтэц болон тэдгээрийн хязгаарлалтыг авч үздэг философийн ойлголт ба хэлний хүрээний хязгаарлалт, гадаад ертөнцийг ойлгох, мэдрэх чадварын хязгаарлалт, хүний ойлголт, сэтгэлгээний төвшнөөс хамааралтай. Хүн бүрийн "хэл" нь өөр өөрийн сэтгэлгээний хязгаартай. Бид ямар нэг утга санааг зөвхөн өөрсдийн хэлний хүрээ, сэтгэлгээний чадвар, хэлний хязгаарын орон зайд ойлгох боломжтой.

20-р зууны сүүл үеэс зохиогчийн илгээж буй утгаас гадна уншигчдын оюун санаанд “төрж”, “ургаж” буй утга санаа гэдэг чухал ач холбогдолтой болж ирсэн. Тухайн зохиолч, яруу найрагчийн утгын илгээмж уншигчдын оюун санааны орон зайд ирээд хэрхэн “цэцэглэж” хэрхэн “гандаж” “гунддаг” талаар. Уншигчид утгын илгээмжийг сарниулан цуурайтуулагсад уу, шинээр нээгсэд үү? Уншигч бүхэн адилгүй. Гэхдээ хоорондын адилслын давтамж хийгээд ялгарлын давтамж ч байх нь лавтай.

Энэ тухай “Ролан Барт Ролан Бартын тухай” ("Roland Barthes by Roland Barthes"(1975)) номын зохиогч, “Зохиогчийн үхэл” (The Death of the Author) хэмээх ойлголтыг моодонд оруулсан 20-р зууны Францын структурализмын томоохон төлөөлөгч Ролан Барт “Бүтээл хэвлэгдэх мөч нь “зохиогчийн үхэл”, уншигчийн “төрөх агшин”” гэж үзсэн. Энэхүү үзэл баримтлалын гол санаа нь уншигчдад хүрсэн бүтээл тэдний оюун санаанд хэрхэн шинээр төрж, хэрхэн шинэ утга, утгат чанарууд үйлдвэрлэж байдгийг чухалчилснаараа онцлогтой. Бүтээлийг уншсан уншигчийн тайлбарлал, бүтээлийг бүтээсэн зохиогчийн илгээмжтэй хэрхэн холбогдохыг гаргасан.

Сэтгэлгээний өндөр түвшинд бичигдсэн байх тусмаа тухайн бүтээлийн хувилбарт чанар ихэснэ. Сайн шүлгийн утга гэдэг хязгаар үгүй түгэх үндэстэй, онцгой. Тийм шүлгээс уншигчдад өөрсдөд нь бие даасан “утгын илгээмж”-үүд ч үүсч эхэлдэг. Тэрхүү “утгын илгээмж” уншигчийн оюун санаанд өөрийн гэсэн онцлогтой өвөрмөц ертөнцийг бий болгодог. Энэ сэтгэлгээний хөврөл-онцлогийг тухайн уншигчаас өөр хэн ч тайлбарлахад бэрх, тийм онцлог байж болдог. Үг үүссэн цагаас тухайн үгэнд утга тээгдэн цаг цагийн аясаар утгаа улам тодруулан тээх юм уу бүдгэрүүлэн гээж байдаг.  Утгыг бүтээхүйн үндэс, тээхүйн үндэс мөн гээхүйн үндэс ч болж болно. Гэхдээ уншигчдын оюун санаанд бүрэлдсэн нууцлаг утгыг тайлах гэдэг одоо ч сонирхолтой хэвээр.

Ийн хэл хийгээд хэлтэй холбоотой утга, уншигчийн талаар олон сэтгэгчид үзэл санаагаа уралдуулсан. Людвиг Витгенштэйн харин энэ талаар “Өгөгдсөн хайрцганд цох байгаа” гэсэн. Гэтэл яруу найрагч Л.Өлзийтөгс “Залбирсан алганд минь намар байгаа”, “нүүр дүүрэн нүд байгаа”, “нүд дүүрэн тэнгэр байгаа” хэмээсэн.

Ер бусын том саран ...

Хүйтэн цоожтой хөх авдар байдаг ...

Ертөнцийн хязгаар дахь модон гүүрэн дээр ...

Цэцгийн гурван дэлбээ л үзэгдэнэ ...хэмээсэн.

Мөн,

Өвдсөн нэгний хүйтэн амьсгаа ...

Улаан өргөс, өндөгний цус ...

Задарсан үсэн дээр анхны цас

Залбирсан алганд минь намар байгаа ...хэмээсэн.

Түүнчлэн,

Дөрвөн түмэн гунигийг үг болгосон гар минь ...

Нүүр дүүрэн нүд байлаа ...

Өнгөрсөн амьдралын цонхоор шагайхад ...

Нүд дүүрэн тэнгэр байлаа ... хэмээсэн.                       

Түүний уншигч бүр бүтээл дэх дотоод агуулгаар нь дамжигдан тээгдэж хүрсэн нууцлаг утгыг тээж явдаг шиг санагддаг. Зохиогчоос очсон ном хэмээх илгээмжүүд уншигчдад хүрээд бас нэгэн өвөрмөц агуулгын илгээмж-ертөнцийг бий болгодог мэт. Гэхдээ утга бэлгэдлүүд нь өөр өөр. Тэнд текстээс гадна өөр олон зүйл “дагалдаж” очдог гэж боддог. Зарим утгас нь "залбирсан алганд минь намар байгаа" хэмээн шивнээд олон хэмжээст зэрэгцээ ертөнцийн үүдээр дагуулаад орох мэт болно. Үгээр илэрхийлэхэд бэрх, гэхдээ илэрхийлэгдэнэ. Илэрхийлэхийн тулд уншигчид нь улам их утга нээж тэр илэрхийлэлд зорьдог. Нэг ёсондоо шинэ утга тээгсэд, бүтээлчээр шинэ утга нээгсэд.

Тэрбээр олон хүний дотоод оюун санааны хязгаарыг тэлж өгсөн. Сайн уншигчдын шүлэг уншдаг нэг шалтгаан нь хязгаарын тухай төсөөллөө төсөөлөх, батжуулах, хязгаарын тухай мэдрэмжээ мэдрэх тийм нарийн зүйл байх шиг санагддаг. Тийм ч учраас сайн шүлгүүд ахуйгаас алслагдсан байдаг. Тийн тогтож уншсанаараа өөрийнхөө хязгаарын хаяа, хүрээг таньж дүгнэлт хийнэ.

“Түлхүүр утга” чухал. Мянган уншигчаас олонх нь ямар “түлхүүр утга”-ын утга дээр нэгдэж байна гэдэг ч бас их сонирхолтой. Сайн шүлгийн утгаас маш олон гүн утга санаа бүхий загварчлал төрдөг. Олон ч хувилбарт санаа гарна. Түүний “Тэргүүн бүлэг”-ээс эхлээд бүхий л номыг бүгд нэг “илгээмж” гэж үзвэл тэрхүү “илгээмж” бүрт бүрэлдэж очсон утгуудаас уншигчдын нээсэн утгуудын гүн санааг нэхэж хайвал сонин. Олон мянган уншигчдаас тэрхүү ном-илгээмжүүдээс яг ямар утга тунаж үлдсэн талаар асуувал тэрхүү нээгдэж буй түлхүүр утга ч сонирхолтой.

Тэгэхээр тухайн утга ямар уншигчийн оюун санааны орчинд бойжиж байна тэрхүү утгын бойжилт, ургахуйн явц, дамжигдан тархах утга нь уншигчийн сэтгэлгээний төвшинтэй ямар нэгэн байдлаар холбогдоно. Монголын уран зохиолыг буруу зүг рүү будлиантуулагсад их болсон цагт туйлшрал, хийрхэл, хөөсрөлөөс ангид сэтгэлгээг эрхэмлэсэн зөв чиг баримжаат ирээдүйд түүний уншигчид гол найдвар болсон.

Тэдгээр уншигчдын гол ялгарах ялгаа нь бие даасан сэтгэлгээ, бие даасан сонголт. Хэнийг унших, хэнийг уншихгүй байх, зохиогчийн хязгаар, уншигчийн хязгаар гээд бүгдийг “гадарлана”. Ихэнх нь “доторлодог” санагддаг. Ийн мэдрэмж, төсөөлөлд ач холбогдол их ирнэ. Ийм хэрсүү уншигчид аливаа бүтээлээс өөр өөрсдийн оюун бодлоороо задаргаа хийх сонирхолтой, бүүр хэвшилтэй болсон байдаг. Уран зохиолын алс ирээдүйд ийм уншигчид ус агаар шиг хэрэгтэй болсон цаг.

Зарим уншигчид өөрийн хязгаараа тэлж унших сонголт хийдэг бол зарим уншигчид бага бодол бүхий, бага загварчлал бүхий тулга тойрсон үйл явдалхан төдий бүтээлд автаж өөрийн хэлний болоод сэтгэлгээний хязгаараа агшаан хумьдаг. Ийм үедээ уянгын халил хэтэрсэн алаг эрээн үгсэд автаж ээрэгдэн утгын сайхнаас алсардаг. Нийгэм нийтээрээ арилжааны уран зохиолд хэт автаж, гярхай сайн уншигчид цөөрвөл утгын зөв агуулга гажуудах эрсдэлтэй.

Людвиг Витгенштэйнд “Хайрцган дахь цох” (“beetle in a box”) гэх сэтгэхүйн туршилт (A thought experiment) бий. Энэ туршилтын гол санаа нь хүн бүрт нэг нэг хайрцаг (box) өгөх ба тэрхүү хайрцганд цох (beetle)  байгаа гэдгийг хэлнэ. Гэхдээ хэн ч бусдын хайрцганд юу байгааг харах боломжгүй.

Хүн бүр хайрцгандаа байгаа зүйлийг “цох” гэж нэрлэдэг ч өөрийнхөө хайрцагт байгаа зүйлийг бусад хүмүүсийн “цох”-той хэзээ ч харьцуулж чаддаггүй. Тэд “цох” гэж юу байдгийг зөвхөн өөрсдийнхөө хайрцгаар л төсөөлж мэднэ. Хэдийгээр хүн бүхэнд “цох” гэж нэрлэж өгсөн ч хүн бүрийн хайрцагт огт өөр зүйл байх магадлалтай. Мөн хайрцагт нь юу ч байхгүй байж болно. Эсвэл байсан ч байнга өөрчлөгдөж ч болно. Яг л зохиогчийн илгээмж-ном шиг.

Эл туршилт нь “хувийн хэл” (private language) аргументыг тайлбарлах зорилготой ба хувийн хэлний ярианы хязгаарлалт, хувь хүний ​​субьектив туршлагатай холбоотой утгын асуудлыг судлахад ашигладаг. Хувийн хэл нь ганц хүний хаалттай систем байж болно. Хувийн хэлний хэрэглэгч өөрт тохиолдсон мэдрэмждээ мөн нэр өгч болно. Витгенштэйн “Философийн шинжилгээнүүд” (Philosophical Investigations (§293))-дээ бодит мэдрэмж, дотоод туршлага зэргийг зөвхөн хувь хүн өөрөө л мэдэрч чадна гэж үзсэн.

Гэхдээ бид “цох” гэж ярьж тогтож байгаа нь үгийн утга нь тэр объектын яг юу байгаагаас биш, тэр үг хэрхэн хэрэглэгдэж байгаагаас хамааралтай. Улмаар бидний дотоод мэдрэмжийн тухай үгс нь зөвхөн бидний дотроос гараад бусдад дамжихгүй зүйл биш, олон хүн хэрэглэдэг хэлний системийн нэг хэсэг гэж ойлгож болно. Энэ нь утга бол нийтийн хэрэглээ ба дүрэмд тулгуурладаг гэдгийг илэрхийлнэ. Иймд хувийн, хэн ч шалгаж чадахгүй “объект” утгыг тогтоож чадахгүй. Хэрвээ “цох” гэсэн үг хайрцаг дахь бодит зүйлийг зааж байвал, юу байгааг бид мэдэхгүй тул үгийн утга тодорхойлогдохгүй. Энэ жишээ нь “хувийн хэл” гэсэн санааг эсэргүүцдэг ба зөвхөн ганц хүний хувьд ойлгогдох, бусдад ойлгогдохгүй хэл байх боломжгүй гэж үзэхэд хүрнэ.

“Хэрвээ бид мэдрэмжээ зөвхөн миний доторх, бусад хүн хэзээ ч шалгаж чадахгүй объект мэтээр авч үзвэл, тэр зүйл хэлний хэрэглээний хувьд ямар ч үүрэггүй болчихно.” Хэрвээ бид мэдрэмжээ яг “бодит объект” гэж бодоод, бусдаас бүрэн хаалттай, зөвхөн миний хувийнх гэсэн утгаар авч үзвэл, тэр нь тоглоомын утга олж чадахгүй ба утгаа алдах эрсдэлтэй болно гэж үздэг.

Хэл (language) нь олон хүмүүсийн хамтын хэрэглээ, “хэлний тоглоом” (language-game) юм. Тиймээс хэлний утга нь тэр “доторх объект”-оос илүүтэйгээр олон хүн хэрэглэж буй хэлний үйл ажиллагаа дээр тулгуурладаг. Энэ нөхцөлд “цох” гэдэг үг зөвхөн хэлний тоглоомын хэрэглээгээр л утга авна. Ийнхүү хэлний философид, “утга” гэдэг нь зүгээр л өгөгдсөн объектын талаар биш, хэрхэн хэрэглэгдэж байгаагаар тодорхойлогдоно гэсэн шинэ хандлага гарсан.

Ингэж үзвэл зохиогчоос илгээсэн илгээмж-утгууд яг л Витгенштэйний “хайрцган дахь цох” мэт янз бүрийн туршилт нэхнэ. Уншигчдыг “зүгээр суулгахгүй” ба тэдэнд бүрэлдэж буй утгуудыг өөр хоорондоо “илгээмж”-үүдийнхээ “түлхүүр утга”-ын талаар санал солилцохыг ч нэхэж магадгүй. Уншигчдын хооронд харилцааны лаборатори ажиллана гэсэн үг.

Яруу найрагч Л.Өлзийтөгсийн уншигчдыг ямар нэгэн сэжмээр холбогдуулан тодорхой судалгаа хийвэл сонирхолтой санагддаг. “Ертөнцийн хязгаар” хэмээх нэршлийг тайлбарлуулж болно. “Нүүр дүүрэн нүд”, “Нүд дүүрэн тэнгэр” зуруулж болно. Тэгээд зохиогчийн зүгээс илгээсэн илгээмжийн утга хийгээд уншигчдын дотоод оюун санаанд бүрэлдсэн утга хоорондын уялдаа хийгээд ялгааг ажиглавал сонирхолтой.

Нэг зохиогчийн олон уншигч гэдэг утгаар, үүнийг тайлбарлаж болохуйц “Гэр бүлийн адил төстэй байдлын онол” (Family resemblance theory) бий. Людвиг Витгенштейний “Философийн шинжилгээнүүд” (Philosophical Investigations. 1953) зохиолд танилцуулсан философийн санаа юм. Энэ онол нь нэг үндсэн шинж чанараар бүх зүйл нэг ангилалд багтана гэсэн уламжлалт үзлийг няцааж, үг, ойлголт зэрэг нь харьцангуй төстэй шинжүүдийн давхцалаар холбогдож болно гэж үздэг. Витгенштейн “тоглоом” (games)-ын жишээгээр тайлбарласан. Шатар, сагсан бөмбөг, хөзөр гэх мэт нь ялгаатай дүрэм, зорилготой ч гэсэн бүгдийг нь “тоглоом” гэж нэрлэдэг.

Гэхдээ эдгээр тоглоомууд олон давхацсан, огтлолцсон төстэй чанарууд байдаг тул нэг ангилалд багтдаг. Онолын гол санаа нь семантик анализ, хэлний философи, категори бий болгох зэрэг олон чиглэлд хамаатай бөгөөд үгийн утга, ангиллын агуулга нь ямар элементүүд давхцаж байгаагаас хамаарах ба ангиллын хил хязгаар нь тодорхой хатуу шүүлтүүр биш, давхцсан хэлбэртэй байж болохыг харуулдаг.

Шүлгийн утга уншигчдад хүрэхдээ ийм адил төстэй байдлын дотоод хөврөл тээж явдаг болов уу гэмээр тал байдаг. Ийн үзвэл зохиогчийн бүтээл уншигчдын оюун санаанд очиж төрөхдөө хэдэн уншигч байна тэр тоогоор илгээмжүүдийн шинэ утга төрөөд хоорондын адил төсөөгөө эрж дуу дуугаа авалцаж болно. Энэ бол утгын адилсал. Мөн тэр олны дундаас цорын ганц өвөрмөц “өөр” утга ч цолгорон гарч ирж болно. Уншигчдын оюун санааны ертөнцөд төрөөд мартагдсан, төрж буй, төрөх утгуудад ач холбогдол өгөх нь бүтээлийн “үндсэн илгээмж”-ийн утгын утгыг баяжуулахад тустай.

Хэрвээ бид мэдрэмжээ зөвхөн миний доторх, бусад хүн хэзээ ч шалгаж чадахгүй объект мэтээр авч үзвэл, тэр зүйл хэлний хэрэглээний хувьд ямар ч үүрэггүй болчихно.

Философич, математикч Хилари Патнэмд “Утгын утга”(The Meaning of “Meaning”) хэмээх аргумент бий. Үгийн жинхэнэ утга нь зөвхөн хүний тархи толгойнд байдаггүй ("Meanings just ain't in the head"), гадаад ертөнц, хүрээлэн буй орчинтой харилцан холбоотой гэж үздэг философийн үзэл (семантик экстернализм). Үгсийн утга нь цэвэр сэтгэл зүйн шинжтэй байх албагүй.

Ингэж үзсэнээрээ уламжлалт интерналист (утга зөвхөн сэтгэлгээнд байдаг)  санааг няцаадаг. Энэ сэтгэхүйн туршилт нь хэл ба ойлголтын философид гүн нөлөө үзүүлж, утга, лавлагаа, ойлголтын агуулга нь хүний сэтгэлгээтэй хэрхэн холбогддог талаар эргэцүүлэн бодох боломж олгодог. Тэрээр утга нь зүгээр л сэтгэх байдал биш, харин тухайн үг угтаа яг юуг зааж байгаагаас ихээхэн хамаардаг гэж үзсэн. Энэ санааг дэлгэрэнгүй тайлбарлахын тулд тэрбээр “Ихэр дэлхий” (Twin Earth) сэтгэхүйн туршилтыг хэрэглэсэн.

Эл сэтгэхүйн туршилт нь семантик экстернализмыг тайлбарлах гол аргумент юм. Уг туршилт дэлхийтэй ижил бодит бус “Ихэр дэлхий”-г төсөөлөхийг бидэнд санал болгодог ба эл хоёр гаригийн нэг л зүйл өөр. Орон зайн хувьд оршин буй дэлхийгээ “энэ”, төсөөллийн дэлхийгээ “тэр” гэж нэрлэлээ гэж бодъё. Тэгвэл энэ дэлхий дээр “ус” гэдэг нь “H₂O” гэсэн химийн томьёогоор илэрхийлэгдэх бодис бол тэр дэлхийд “ус” нэртэй бөгөөд харагдаж, амтагдах нь яг адил боловч химийн бүтэц нь “XYZ” хэмээх өөр бодис байдаг.

Тэгвэл ихэр дэлхийн хүмүүс “ус” гэж хэлэхдээ ижил ойлголттой, нэг л үгийг хэрэглэж байгаа ч энэ дэлхий дээр ус (water) = H₂O бол “Ихэр дэлхий” (Twin Earth)-д ус (water) = XYZ юм. Дэлхий болон тэдний ихэр дэлхийн ижил төстэй "ус" гэдэг үгийг ашигладаг боловч өөр өөр бодисыг хэлдэг. Ингэснээр үгийн утга, тодорхойлолт нь хүний дотоод сэтгэлгээ, төсөөллөөс гадна харь, гадаад орчин, бодит зүйлтэй холбогдож тогтдог гэж Патнэм үзсэн. Энэ үзлийг семантик экстернализм (semantic externalism) гэдэг. Мөн “Ихэр дэлхий” (Twin Earth) хэмээх сэтгэхүйн туршилттай холбоотой Aluminum-“Molybdenum case”, “Beech-Elm case” хэмээх хоёр жишээ ч бий.

Бүтээлийн утга зарим үед тодорхой ч зарим үед тааварлашгүй. Зохиогчийн илгээсэн үндсэн илгээмж-утга гадаад орчны олон зүйлсийн нөлөөгөөр олон мянган уншигчийн оюун тархинд өөр өөрөөр коодлогдож бүрэлддэг байж болно. Та хэдий хэр өндөр хязгаарт сэтгэж чадна төдий хэрээр утгын хязгаарт ойртож түүнээсээ ямар нэгэн онцгой зүйл мэдэрдэг ч байж болно. Мэдээж зөн совин, саруул ухаан ямар нэгэн хэмжээгээр хэрэгтэй нь дамжиггүй. Bottom of Form

Хүн өөрийнхөө оюун санааны хязгаарт хүрэх үед нэгэн шинэ ойлголтын үүд нээгдэхийг судалсан дүрслэлийн бэлэгдэл нь “ихэр хэл” ч байх боломжтой. Энэ нь дотоод оюун санааны хязгаар дахь бэлгэдэлт дүр, ертөнцийн түгээмэл ахуйн өвөрмөц нэршил болно. Зохиогч-уншигч хоёрыг холбох өвөрмөц хэл ч болж болно.

3. ХЭЛНИЙ ХЯЗГААР БА ХЯЗГААРЫН ХҮРЭЭ

"Субьект бол ертөнцөд харъяалагдах бус,

харин ертөнцийн хязгаар."

– Людвиг Витгенштэйн

Людвиг Витгенштейн "Хэлний хязгаар" гэх ойлголтыг философийн үүднээс тайлбарлаж, үзэгдэл болон хүмүүсийн ойлголт хоорондын харилцааг судалсан. Хэлний хязгаар нь бидний ертөнцийг ойлгох, мэдрэх, харилцах чадварыг тодорхойлдог. Өөрөөр хэлбэл, бидний сэтгэлгээ нь хэлний хүрээнд хязгаарлагддаг бөгөөд хэлний хязгаар нь бидний утга ойлгох боломжийг ч мөн хязгаарладаг.

Тиймээс бидний ойлгох, мэдрэх, хүлээн авах чадвар хэлний хязгаарлалтаар тодорхойлогдоно. Хэлний хүрээ нь хүний амьдралын утга, гадаад ертөнц, бусадтай харилцах чадварыг хязгаарладаг. Энэ ойлголт нь философийн хувьд бидний амьдралын гүн утга учир, харилцаа, хэлний бүтэц, сэтгэлгээний хязгаарлалтыг илтгэн харуулдаг ба ямар нэгэн ойлголт нь бидний гадаад ертөнцийг танин мэдсэн дотоод ертөнцийн хүрээний доторх ойлголтууд юм.

Витгенштэйний ертөнцийн хязгаар хэмээх ойлголт нь сэтгэлгээний хязгаар, утгын хязгаар, хэлний хязгаартай нягт уялддаг. Эхэн үеийн Витгенштэйн логикийг хэт шүтэж, логикийн хатуу хуулиар бүхнийг харж, үгийн утгыг хэт логиктой холбож загварчлах явцуу хүрээнд анализ хийж байсан бол хожуу үедээ хэлийг яв цав загварчлах нь учир дутагдалтайг ойлгон буулт хийж, хэлийг загварчилж болно гэж зорьж тэмүүлсэн түүний зорилго эх хэлний баялаг агуулгыг бүхэлд нь загварчлах боломжгүй юм байна хэмээх дүгнэлтэд хүрч, үгийн утга нь хэрэглээндээ байдаг гэж үзээд, хэлний өргөн хүрээ, утга санааг хүндэтгэж эхэлсэн байдаг.

Учир нь хэлийг яг таг загварчлах гэж зүтгэх тусам загварчлалаас алс, загварчлалд хязгаарлагдамгүй, загварчлагдамгүй бэрх асуудлуудтай тулгарсны нэг нь яруу найргийн сэтгэлгээ. Учир нь загварчлалаас хэт дээгүүр эх хэлний өвөрмөц агуулгыг хамгийн ихээр агуулдаг, хамгийн нандин утгууд уран зохиолд бий. Яруу найрагчдын суурь өгөгдөл, сэтгэлгээний шандас шалгадаг нэг зүйл нь хэлээр илэрхийлэгдэмгүй, илэрхийлшгүй зүйлийг илэрхийлэх. Бидний ертөнцийг төсөөлөх төсөөллийн хязгаар бол бидний оюун санаа. Үүнд хэлний хязгаар, хэлний хүчин чадал хийгээд сэтгэлгээний багтаамж ч орно. 

Эндээс ямар дүгнэлт гаргах боломжтой вэ гэхээр уран бүтээлч бүхэн хэлний хүчин чадлыг “халтал” нь ашигладаг гэж боддог ч бидний таньсан, хэлээр илэрхийлэгдэмгүй санаа бодлыг мэдрэмж, төсөөллөөр дамжуулан загварчилж буулгаснаараа хэлэнд байхгүй тэр санааг хэлэнд оруулж, хэлийг шинэ ертөнцөөр тэлж байгаагаараа онцлог. Хэлний тогтсон хязгаарыг эвдэж шинэ хязгаарын хүрээ тогтоож, үүсгэж, шинэ нэршлүүдээр баяжуулж байгаагаараа ялгаатай.

Яруу найрагч Өлзийтөгсийн шүлгийг мэдрэхийн тулд эхлээд логикийн хашаа, хайрцаг, хүрээнээс гарч сэтгэх хэрэгтэй. Яруу найраг логикоос хэтийдсэний хамгийн тод жишээ бол түүний шүлгүүд. Өлзийтөгсийн хэлний хязгаар бол түүний ертөнцийн хязгаар, хэл болоод логикоос ангид бидний танин мэдэхүйн хүрээн дэх ахуйгаас алслагдсан хязгаар.

Логикоос ангид, логикоос хальсан, баригдмал хязгаарт биежсэн сэтгэхүй биш, хязгаарын хүрээнээс чинад ойлголттой сүлэлдэхээр шүлгүүд уншигдана. Яг ийм ойлголтын хүрээнд л Витгенштэйний зөрчил илэрсэн байдаг. Дан ганц логикоор хэлийг хашаад, логикийн яв цав зарчмаар хаалт хийвэл тухайн хэлний логикоор илэрхийлэгдэмгүй санаанууд халих нь тодорхой. Тэгэхээр хэлний сэтгэлгээг логикийн хүрээнд багтааж агшаах биш логикийг сэтгэлгээгээр шахаж тэлэх асуудал ундарна.

Хэлний аналитик философийн үндэслэгчдийн нэгд зүй ёсоор тооцогддог Витгенштэйн хэлний хязгаарыг логикийн хязгаараар авч үзэж байсан ч яруу найргийн сэтгэлгээ хэлтэй ойр ч тэс өөр байв.

Эхэн үеийн Витгенштэйний “хязгаар” хэмээх ойлголт нь логикийг чухалчилсан, логикт  уяатай, уялдаа бүхий хязгаар байсан. Людвиг Витгенштейний “Логик-философийн трактат” (Ludwig Wittgenstein. Tractatus Logico-Philosophicus. Translated by David F. Pears and Brian F. McGuinness. 1961.)-д “Логик бол ертөнцийг дүүргэдэг; ертөнцийн  хязгаар хэмээхүй нь угтаа логикийн хязгаар” (5.61. Logic pervades the world: the limits of the world are also its limits). Тиймээс “Миний хэлний хязгаар бол миний ертөнцийн хязгаар” (5.6. The limits of my language mean the limits of my world.) хэмээн “Логик-философийн трактат” (Tractatus logico-Philosophicus. p. 68)-даа бичсэн байдаг.

Энэхүү алдартай хэллэг нь "утга" болон "хязгаар"-ын хоорондох хамаарлыг онцолдог. Тийн үзвэл түүний ертөнцийн хязгаар нь түүний хэлний хязгаар болоод логикийн хязгаартай уягдмал ойлголт. Үүнээс түүний хэлний хязгаар бол түүний логикийн хязгаар байсан хэмээх гаргалгааг гаргаж болно. Л.Витгенштэйнийхээр ертөнц хэмээх нь хэл. Ингэж үзвэл бидний бүтээсэн ертөнц нь бидний бий болгосон хэлэнд торлогдож уягдсан ойлголтууд, баримтуудаас өөр юу ч биш гэсэн дүгнэлт. Үүний баталгаа болгож тэрбээр “Ертөнц бол баримтуудын нийлбэр болохоос юмсынх биш” (1.1.The world is the totality of facts, not of things) гэдэг санааг “Логик-философийн трактат”-даа өгүүлсэн байдаг.

Витгенштэйний дэвшүүлсэн нэг гол санаа бол хүн төрөлхтний энэ олон мянган жилийн турш дахь хөгжил дэвшил бол баримтуудын л цогц нийлбэр хэмээсэн. Тэгэхээр сэтгэлгээ нь хэлээр илэрдэг гэж үзвэл сэтгэлгээний, хэлний хязгаар нь эхэн үеийн Витгенштэйнийхээр баримтын хязгаар болно. Энэ дүгнэлт нь оюун санааг онцгойлон авч үзсэний нэгэн илрэл. Ертөнц байдгаараа байсан. Байж ч байгаа. Олон хүн бид ертөнцийг өөрчлөөд байна гэж эндүүрдэг байх, арай ч тийм биш. Харин бид энд сайн муу, сайхан муухай, олон өнгийн зураглал бүхий баримт бүтээж амьдарч байгаа.  

Энэ нь “Баримтын зургийг бид өөрөө өөрсдөдөө л бий болгож бүтээдэг.” (2.1. “We picture facts to ourselves.” гэдгээр батлагдана. Эдгээр текст, баримтууд бол бидний ойлгодог ертөнц. Мөн хэлний хязгаар нь логикийн хязгаар гэсэн логик урган гарна. Витгенштэйн “Миний хэлний хязгаар бол ертөнцийн хязгаар” гээгүй, “Миний хэлний хязгаар бол миний ертөнцийн хязгаар хэмээсэн. Түүнийхээр “Субьект бол ертөнцөд харъяалагдах бус, харин ертөнцийн хязгаар” (5.632. The subject does not belong to the world: rather, it is a limit of the world.) гэсэн санааг өгүүлсэн байдаг.

Түүний хувьд “Би”, “Миний” гэдэг нь “Би бол өөрийнхөө бичил ертөнц” (5.63. I am my world. (The microcosm.)) гэдгээс тодорхой харагддаг. Харин зарим үзэл санаандаа “Бодит байдлын бүх нийлбэр дүн нь ертөнц” (2.063 The sum-total of reality is the world), “Ертөнц ба амьдрал гэдэг нь нэг л юм.” (“5.621. The world and life are one”) гэж дүгнэсэн нь бий. Мөн “Хэллэг бол бодит байдлын дүр зураг мөн.” (4.021. A proposition is a picture of reality...) хэмээсэн.

Гэхдээ энд бодит байдлаас хэтийдсэн төсөөллийн дүрүүдийг урьдчилж тооцоолоогүй. Энэ нь Витгенштейний “хэлний зургийн онол”-ын нэг хэсэг бөгөөд хэллэг (proposition)-ийг бодит байдлын логик зураг гэж үздэг философийн санааг илэрхийлнэ. Түүнчлэн түүнийхээр “Философийн “Би” нь хүн биш, хүний бие болоод сэтгэл ч биш, психологид авч үздэг хүний сэтгэл биш, мөн ертөнцийн хэсэг биш ч ертөнцийн хязгаар болохуйг харуулах метафизик субьект юм” (5.641. The philosophical self is not the human being, not the human body, or the human soul, with which psychology deals, but rather the metaphysical subject, the limit of the world—not a part of it.) хэмээх хэллэг бий.

Ийн үзвэл Витгенштэйний “Би” нь хязгааргүй орон зай дахь ахуйн субьект, тодорхой хугацаан дахь хэл, текстийн зурган төлөөлөл, загварчлал, баримт. Түүнийхээр “Миний хэлний хязгаар” гэдэг бол цаг хугацааны нэгээхэн зурвасхан үеийн тал талын олон нөлөөлөл, хэлний ахуйгаас бүрэлдэж тогтсон тодорхой ухамсарт үечлэл, хэлээр бүтээгдсэн зохиомол орон зай.

Яруу найраг үгээр илэрхийлэмгүй зүйлийг хэн илэрхийлж  чадаж байна гэдгээрээ сэтгэлгээний шандсаа шалгадаг урлаг.

Түүний хэлний хязгаар бол түүний оюун санааг бүтээлцсэн Б.Расселийн ч, Фрегэгийн ч, Алан Тюрингийн ч хэлний хязгаар. Нэг ёсондоо түүний өөрийн “Би” нь түгээмэл “Би”. Ахуйн дунд буй болсон нэгж. Түүний хэлний хязгаарыг тэдгээрийн хэлний хязгаар гэж энгийншүүлж ойлгож болно. Тэдгээрийн гэдэг нь логик орон зайн утгаа тээнэ.

Хэлний хязгаартай холбогдох хэлэнд байдаг сэтгэлгээ бүхий загварчлалын жишээ бол яруу найрагч Л.Өлзийтөгсийн “Залбирсан алганд минь намар байгаа” хэмээх хэллэг юм. Энэ өвөрмөц хэллэгээс логик нэхэх утгагүй. Учир нь залбирсан алгыг төсөөлөхийн зуур түүнд оршин буй намрын тухай дүр дүрслэл, загварчлал, тодорхойлолт бүгд эргэлдэнэ. Тэдгээрээс намрыг илэрхийлэх илэрхийлэмж, симболын эрэлд уншигчийг хөтөлснөөрөө өвөрмөц. Мөн залбирсан алганд намрыг авчирснаараа онцлог.

Цаашилбал, залбирсан алга төгс төгөлдрийг ч илэрхийлнэ. Залбирсан алганд цаг хугацаа ч бий, орон зай ч бий. Бүхий л утгат хязгаар, хувьсал өөрчлөлт бүгд буй.  Ийм мөртүүд хязгаарыг тэлэх нь дамжиггүй. Энэ бол бидний хэлний хэвшмэл сэтгэлгээ, хэвшмэл хязгаарыг эвдэж, шинэ хязгаарын хүрээ үүсгэж буй нэгэн тод жишээ.

Яг л ийм сорилттой Витгенштэйн тулгарч эхэн үедээ хэлийг яв цав ангилж тодорхой байлгах бүхий л ангиллыг хийснээр шийдэж чадна гэж үзэж байсан ч эндүү дүгнэснээ ухааран хожмын үеийн Витгенштэйн соёлтойгоор бууж өгөөд өмнөх зарим алдаагаа тайлбарласан нь бий. Тэрээр Бэртран Рассэлийн хамт “Логик атомизм”-ын онолдоо логикийг хэт шүтэж байсан ч хожмын үеийн Витгенштэйн эх хэлний гүн, чинад сэтгэлгээг хэт загварчлах боломжгүй  гэдэгтэй санал нийлсэн байдаг.

“Сэтгэж чадахгүй байгаа зүйлийнхээ талаар бид бодож чаддаггүй. Тиймээс бид бодож чадахгүй байгаа тэр зүйлийнхээ талаар хэлж (илэрхийлж) ч бас чадахгүй.  (5.61. “We cannot think what we cannot think; so what we cannot think we cannot say either.”). Бодохуйн хүчин чадал хүрэхгүй байгаа зүйлийн талаар, бодлоос хэтийдсэн зүйлийн талаар ийн өгүүлсэн байдаг. Мөн “Хэлж чадахгүй байгаа зүйлийнхээ тухайд чимээгүй өнгөрөөх ёстой.” (7. “What we cannot speak about we must pass over in silence”) ч гэдэг.

Энэ нь хэл, бодит байдлын хязгаарын тухай Витгенштэйний үндсэн үзэл санааг илэрхийлнэ. Харин яруу найрагт бодож, илэрхийлж чадамгүй зүйлийг илэрхийлэх нь элбэг байдаг. Яруу найраг үгээр илэрхийлэмгүй зүйлийг хэн илэрхийлж  чадаж байна гэдгээрээ сэтгэлгээний шандсаа шалгадаг урлаг.

Ямар ч хэлэнд аливаа утгат чанарыг илэрхийлж чадах эс чадах хүчин чадал бий. Сэтгэлгээгээр илэрхийлэгдэх хэлний хүчин чадал гэж бий. Хэлний хүчин чадал сэтгэлгээний хязгаараа хэрхэн давж, тийм хүчин чадлыг тэлж, тухайн хэлний сэтгэж илэрхийлэх хязгаарыг тэлж чадагсад бол авьяастай яруу найрагчдын бүтээх ажил. Тодорхой болсон дүрмээр хязгаарын хүрээ дотроо бол хэн ч тоглочихно. Харин хязгаарын шинэ хүрээг шинэчлэгчид, сэтгэгчид тэлдэг.

Тэрбээр сэтгэж, эрэл хайгуул хийж, яруу найргийн хязгаарын хүрээг тэлж чадсан. Түүний уран бүтээлийн үзэл санаа бол эхнээсээ хэлний хязгаарын хүрээг тэлэх, сэтгэлгээний шинэ өндөрлөг, сэтгэлгээний шинэ хязгаар нээх байсан гэж үзэж болно.

4. ГАНЦААРДЛЫН ХЯЗГААР БА ҮЗЭЛ САНААНЫ ӨНДӨРЛӨГ

Ганцаардлын хязгаарын хүрээг олж харсан хүн л

үзэл санааны өндөрлөгөө олж харна.

Яруу найрагч Өлзийтөгс бол энэ цаг үед хэр баргийн авьяастан хүрч чадахааргүй сэтгэлгээний хязгаар, хэт өндөрлөг тогтоочихсон өвөрмөц уран бүтээлч. Хязгаар гэдэг үгийг нүүр бардам ашиглах бүтээлтэй цөөн уран бүтээлчийн нэг. Хязгаар хийгээд хязгаарын хүрээ шинэчлэгчдэд л хамаатай ойлголт учраас тэр. Түүнд өмнөх үеийнхний ахуйтай хэт хүлэгдсэн хязгаарыг эвдэж сэтгэлгээний шинэ хязгаар үүсгэх эрмэлзэл, тэмүүлэл, зөн байсан санагддаг.

Гүн сэтгэлгээ, дундаж түвшнээс дээш хэт тасарч сэтгэх нь дараа үеийнхнээс нь хэр баргийн уран бүтээлч мацаж, авирч дийлэхээргүй сэтгэлгээний шандас сорихоор хана, хязгаар үүсгэчихдэг. Ийм шинэ хязгаар нь ахуйн хязгаараа давж чадсан болоод ганцаардлын хязгаараа бүрэн таньж чадсан уран бүтээлчдэд ирдэг сэтгэлгээний шинэ цээл.

Уран бүтээлчдийн ихэнх нь улигт хязгаарын хүрээг эвдэж, шинэ сэтгэлгээ нээж чадахгүйдээ бачуурч бүгтэрдэг. Тэгээд сэтгэлгээ дутагдахаар уянгын халил болоод бусад дагалдах “хээ хуар” болсон “усан” дэд элементүүд хаа сайгүй газар авч хэрээс хэтэрдэг, мөн үйл явдал хөөсөн хоосон бүтээлүүд цэцэглэдэг. Энэ бол амар аргаар агуу болох гэсэн авьяасгүйчүүдийн бачим орон зайдаа багтарч буйн тодорхой жишээ.

Зарим нь цээжээ дэлдээд, зарим нь уран донгодоод ч тэр хязгаарт хүрэхгүй. Яаж ч гоё сайхан уншаад хүрч чадахгүй. Хүрэхгүй, чадахгүй учраас баахан “хуулбар” хүмүүс бэлээр нэг хөглөрчихсөн.

Уран бүтээлчдийн ихэнх нь уянгын халилаар жигүүрлээд, уран жиргээд шинэ сэтгэлгээ үүсгэнэ, хязгаарын хүрээг тэлнэ, шинэ хязгаар тогтоочихно гэж бодож хийрхдэг юм шиг байгаа юм. Тийм юм гэж хаа ч байхгүй. Өндөрт хүрнэ гээд зорьсон бүхэн хүрчихдэг юм биш. Тэр хязгаарт дөхөж, улиг сэтгэлгээг эвдэн өндөрт хүрэхийн тулд товч бөгөөд тодорхой гурван арга л бий. Сэтгэх. Эрэл хайгуул  хийх. Чадах. Мэдээж наад захын авьяасын суурь өгөгдөлтэй байж эрэл хийнэ. Бичнэ. Тэгж гэмээнэ өөрсдийнхөө үзэл санааг сүргийн сэтгэлгээнээс ангижруулж нэгжийн оршихуйд урлан бүтээж буй болгоно. Үүнд туслах хамгийн чухаг ойлголт бол уран бүтээлчийн ганцаардал.

Ганцаардлын хязгаарын хүрээг олж харсан хүн л үзэл санааны орон хийгээд үзэл санааны өндөрлөгөө олж харна. Учир нь ганцаардал бол үзэл санааны суурь өгөгдөл нь.

Бидний тэлэх хүсэлтэй сэтгэлгээний болоод хэлний хүчин чадлын хүрээг өргөсгөх өргөтгөл-элемент нь “ганцаардал” байдаг болохоор тэр. Ганцаардал гэдэг нэг талдаа нэгжийн нөгөө талдаа олонлогийн асуудал. Ардын хүрээлэл, нийтийн тойром дунд дэгдэн харайж бэлчигсэд “амжихгүй”.

Ганцаардал гэдэг үг хүмүүст “хүнд” тусдаг нь хүн өөрөө өөртэйгөө нүүр тулж танилцах “хэцүү” байдагтай холбоотой. Уг нь ганцаардал гээч нь өөртэйгөө танилцах арга, өөртэйгөө ажиллах арга зүй, бусадгүйгээр үзэл санааны хувьд тусгаар байж чадах эсэх баталгаа, юу мэдэж чадахаа ойлгох ойлголт, бидний дотоод орон зайн чиг, таних ёстой мэдлэг, туулах ёстой зам юм.

Иргэншлийн тоглоомд хүлэгдсэн хүмүүсийн сэтгэхүй шинэ технологи, танин мэдэхүйн хувьд тэлж байгаа мэт боловч ялангуяа дотоод оюун санааны өсөлтийн хувьд зарим талаараа улам бүр хумигдсаар. Дэлгэгдмэл дэлхий ертөнц хөгжиж байгаа ч үүн дээр оршин буй бид хувь хувьдаа тоглоомын дүрэм буй болгон бичил бичил хар хайрцгууд өөрсдөдөө буй болгоод түүндээ гуниг харуусал, баяр хөөрөө дуулан амьдарч байгаа мэт.

Энэхүү хар хайрцагны мөн чанарынх нь хязгаар бол тухайн субъектийн ганцаардлыг ойлгосон тэрхүү үзэл санааг өөртэй буй болгосон ойлголтоор хэмжигдэж болно. Ганцаардлын мөн чанарыг ойлгоогүй хүмүүс ихэвчлэн өөрөөсөө дүрвэсэн, өөрөөсөө зугтсан, бусдаас орогнол хайж өөрөөсөө цагаачилсан хүмүүс байх нь элбэг. Ийм хүмүүс ихэнхдээ өөрөөсөө төөрч өөрийн үзэл санааны дархлаа нь сул “нийтийн” хүн болсон байдаг. Ийм бусдын оюун санааны цуглуулга болсон “нийтийн” хүнд өөрийн гэсэн хүчтэй оюун санааны суурь бараг суудаггүй, тогтдоггүй.

Олон нийтийн гэмээр тэдгээр хүмүүс өөрийн дотоодоосоо нэгж нэгж багц бүрдлийг хүрээлэлдээ хуваарилаад өөрийн дотоод оюун санааны өсөлт нь гадагш хуваарилагдаж тараагдсан элдэв бүрдэл байх ба цаг хугацааны аясаар оюун санааны суурь дэвшил нь зогсонги, гүехэн байх ч тохиолдол бий. Ингэснээр бүтээж туурвихуйн дотоод “жанжин шугам” нь дутуу зурагдаж, өөрийн өргөн чөлөөгөө эрх чөлөөтэй туулах бус хэн нэгэнд хамааралтай бусдын “туслах зам”-аар ороод тэндээ жаргадаг нь ч олон.

Товчхондоо яг таны бодож чадсан, таны төсөөлж чадсан, таны буй болгосон ганцаардлын ертөнц л таныг тодорхойлно. Тухайн хүн ганцаардлын тухай ямар мэдлэгтэй байна тэр хүн тийм л хүн байдаг. Чи хэн нэгний туслах зам, хар хайрцагт орогнож, тэр хайрцгуудаар цагаачлах тусам өөрөөсөө зугтаж буй дүр зураг улам тодорно.

Хүн хэсэг хугацаанд бусдын хайрцгуудаар хэрэн хэсэж болох боловч ийм байдал нь хэвшил болвол өөрийн дотоод “би”-ийн өндөрлөг бусдын дотоод “би”-ийн цуглуулга болно. Ийм ч учраас ихэнх уран бүтээлчид өөрийн ганцаардлаа өөрөө өсгөж бойжуулдаг. Тийн ганцаардалд үзэл санаа, сэтгэлгээ нь торниж, ургаж байдаг. Энэ нь тухайн уран бүтээлчийн үзэл санааг тодорхойлдог. Ганцаардлын хязгаарын хүрээг олж харсан хүн л үзэл санааны орон хийгээд үзэл санааны өндөрлөгөө олж харна. Учир нь ганцаардал бол үзэл санааны суурь өгөгдөл нь.

Түүний үзэл санааны ертөнцийн хязгаар нь ганцаардлын хязгаараар нь буй болсон мэт байдаг. Ганцаардал нь түүний дотооддоо олсон үзэл санааны нэгэн хязгаар, үзэл санааны нэгэн ертөнц, нэгэн өндөрлөг. Өмнөх орон зайг шинэчлэн тэлж, сэтгэлгээний хязгаарын шинэ хүрээг бий болгосон тийм хязгаарыг товчхондоо тэр л бүтээсэн.

Үзэл санааны ганцаардал гэдэг бол оюун санаа, сэтгэлгээний хувьд их ээ өндөрт очсон хүний тунхагладаг илэрхийлэмж. Тэрхүү өсгөж бойжуулж, ургуулсан ганцаардлынх нь үзэл санаа, өндөрлөг тухайн уран бүтээлчийг илтгэнэ. Яг ийм зарчмаар тоглодог, дотоод оюун санааны “би” нь хүчтэй хөгжсөн яруу найрагч өнөө цагт ховор.

Өөрийн ганцаардлын хязгаар, ганцаардлын өндөрлөгөө “Ганцаардлын дасгал”-аар “үзэл санаа” болтол нь өсгөж бойжуулж, ургуулсан уран бүтээлчийн тодорхой жишээ гэвэл зохиолч, яруу найрагч Л.Өлзийтөгс. “Ганцаардлын дасгал”-аар төрөлжсөн мастерт ганцаардлын хязгаар утгын өндөрлөг. Эл өндөрлөг бол “Өлзийтөгсийн өндөрлөг”.

Анализ бичсэн: Зохиолч, философич Луваанжалбын Батнасан
Тайвань. Хуалиен муж.
БНЭнэтхэг улс. Дели хот.
2026 оны 01 сар.

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2026 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан