Оюутолгойн уурхайд 17,000 орчим хүн ажилладаг. Тэдэн дунд хэзээ ч амардаггүй нэг “ажилтан” бий.
Уйгагүй хайгуул, судалгааны үр дүнд газар доорх усны гурван ордыг нээж илрүүлсэн. Эдгээрээс нөөц арвинтай, байгаль экологид үзүүлэх сөрөг нөлөө багатай, Оюу толгойн уурхайн бүсэд ойр нэг ордыг нь сонгон ашиглах болов. Энэ мөчөөс эхэнд дурдсан амардаггүй "ажилтны" үүрэг албан ёсоор эхэлсэн.
САРД ₮2.5 ТЭРБУМ, ЖИЛД ₮27 ТЭРБУМ
Түүний ажил Гүний хоолойн газрын доорх усны ордоос эхэлнэ. Энэ ордын нөөц 918 литр/секунд. Өөрөөр хэлбэл, секунд тутамд 918 литр буюу хоногт 79 мянга гаруй шоо метр ус ашиглах боломжтой гэдэг ашиглалтын нөөц баталжээ. Одоогоор секундэд ашиглаж болох 918 литрийн тал хувь буюу 500 литрийг нь ашиглаж байна. Худгууд болон цооногт суурилуулсан тоолуураар ашиглалтыг тогтмол хянаж, усны түвшний хөдөлгөөнийг ажигладаг аж.
Худаг бол газрын гүнээс ус татан ашиглахын тулд хүний бодож олсон шийдэл. Гүний хоолойн газрын доорх ордоос усыг 150-400 метрийн гүн дэх 28 худгаар (гүний) дамжуулан татдаг. Нийт таван цуглуулах станц байгаа, нэг станцад 5-6 худаг бий. Эдгээр станцаас төв шугам руу буюу Оюу толгойн уурхайн талбар руу усыг нийлүүлнэ.
Худаг бүрд усны түвшин хэмжих автомат багаж, цахилгаан соронзон тоолуур суурилуулсан. Энэ тоолуураар худгаас хэр их ус олборлож байгааг байнга хянаж, хэмжээг бүртгэнэ. Ингээд сар бүрийн 25-ны өдөр тоог зургаар баталгаажуулан Ханбогд сумын байгаль хамгаалагчид хянуулна. Харин усны төлбөр, тооцоог Өмнөговь аймгийн төсөвт төвлөрүүлдэг. Ойролцоогоор сард 2.5 орчим тэрбум, жилд ₮27 орчим тэрбум төлдөг юм байна.
БАЙГАЛЬД НЭГ МЕТР КУБ УС Ч ХАЯХГҮЙ

Цуглуулсан усыг өргөх станцаар дамжуулан нөөц усан санд нийлүүлнэ. Хоёр усан сан бий, нэг нь 200 мянган шоо кубийн багтаамжтай. Энэ санд уурхайн 7 хоногийн усны хэрэглээг нөөцлөх боломжтой. Гэхдээ одоогоор нэг сан нь засвартай байгаа учраас 3.5 хоногийн ус нөөцөлж буй гэсэн үг. Эдгээр усан сангийн үндсэн үүрэг нь ус нөөцөлнө, усны хэрэглээний хэлбэлзлийг арилгана. Сан нь геомембран доторлогоотой тул ус ууршихгүй. Санд нөөцөлсөн усыг үйлдвэрлэлд шууд ашиглана, харин унданд ашиглахдаа урвуу осмосоор цэвэршүүлнэ.
Гүнээс худгаар дамжуулан татан авч, нөөцөлсөн усны хамгийн гол хэрэглэгч, ашиглагч нь Оюу толгойн уурхайн баяжуулах үйлдвэр. Нийт олборлож байгаа усны 90-ээс дээш хувийг энд ашиглаж байна. Үлдсэн 10 орчим хувийг уурхайн унд, ахуйн хэрэглээ, бетон зуурмагийн үйлдвэр, дулааны станц, машин угаалга зэрэгт хэрэглэнэ. Оюу толгойн уурхайнхан нэг метр куб усыг ч байгальд хаяхгүйг зорьдог. Тиймээс усыг үйлдвэрлэлийн үйл ажиллагаанд дахин ашиглах нь тэдний нэг тэргүүний зорилт.

Баяжуулах үйлдвэрээс гарсан лагийг хаягдлын сан руу тээвэрлэнэ. Хаягдал хадгалах байгууламж (ХХБ) нь ил уурхайгаас зүүн зүгт 2 км, баяжуулах үйлдвэрээс зүүн урагш 5 км зайд байрладаг. Нийт 720 сая тонн хаягдал агуулах хүчин чадал бүхий зэргэлдээ байрлах хоёр хаягдлын сантай. Энэ санд хаягдал лагийг өтгөрүүлэгчээр 80 хувь хүртэлх хэмжээгээр шүүдэг.Энэ усыг Бохир ус цэвэршүүлэх байгууламж руу хүргэнэ.
БОХИР УСЫГ ХЭТ ЯГААН ТУЯАГААР ШАРЖ ХАЛДВАРГҮЙЖҮҮЛДЭГ

Уурхайн талбарт бохир ус цэвэршүүлэх дөрвөн байгууламж ажилладаг. Энд усыг механик, биологийн, элсэн шүүлтүүр зэрэг шатлалаар цэвэршүүлж, хамгийн сүүлд хэт ягаан туяагаар усаа шарж халдваргүйжүүлээд дахин ашиглалтад гаргана. Цэвэршүүлсэн усыг хаягдлын сангаар дамжуулаад баяжуулах үйлдвэрт эргүүлэн ашиглаж байна. Мөн зуны улиралд тоосжилтыг бууруулах зорилгоор зам ч усална. Ийм байдлаар нийт хэрэглэсэн усны 87 орчим хувийг дахин ашиглаж байна.
Өвлийн улиралд хаягдлын сангийн ус хөлдөж ашиглах боломжгүй болдог тул түүхий усны хэрэглээ өвлийн саруудад хамгийн их болж хэлбэлздэг. Тэр хугацаанд гүний хоолойн газар доорх уснаас татан ашигладаг байна. Хавар мөсөн толио хайлаад эхлэх үед ордоос ашиглах усны хэмжээ эргээд багасна.

Ийнхүү бохир усаа цэвэршүүлж дахин ашиглахаас гадна газрын гүнээс татан авч буй эрдэсжил ихтэй, унданд ашиглах боломжгүй усыг ч цэвэршүүлэн савлах үйлдвэр Оюу толгойд байна.
Монгол Улсад мөрдөж байгаа ундны усны MNS 0900:2018 стандартад эрдэсжилтийн хэмжээг 1,000 мг/л гэж заасан. Харин гүний хоолойн газрын доорх усны ордын усны эрдэсжилт үүнээс 2.5-3 дахин өндөр буюу 2,000-3,000 мг/л. Иймд усыг урвуу осмосын системээр цэвэршүүлж, ундны усны стандартад нийцүүлэн 18.9 литрийн багтаамжтайгаар савлан ажилчдын унд, ахуйн хэрэглээнд нийлүүлж байна. Урвуу осмос (Reverse Osmosis, RO) гэдэг нь мембранаар дамжуулан усны эрдэс, давс, бохирдол зэрэг бүх нэгдлийг багасгах технологи юм.
Ийнхүү дэлхийн хамгийн том, өндөр чанартай зэсийн орд болох “Оюу толгой”-д газрын гүнээс усыг олборлон ашиглаж, ашигласнаа дахин боловсруулаад эргээд хэрэглэж говь нутгийн “алт” гэж нэрлэж болох усыг аль болох ариглан гамнаж байна.

Уурхайд нэг тонн хүдэр боловсруулахад 0.4м³ буюу дунджаар 400 литр ус ашигладаг. Энэ нь дэлхийн дунджаас даруй гурав дахин бага үзүүлэлт аж. Дэлхийн өөр бусад уурхайн ус ашиглалтын дундаж үзүүлэлт нь ойролцоогоор 1,200 л/тн байна.
Усыг шавхаад дууслаа гэх шүүмжлэл аль ч уул уурхайн үйлдвэрлэлийг дагадаг. Гүний ус нь эрдэсжилт өндөр, ундны усанд шууд хэрэглэхэд тохиромжгүй, хөдөө аж ахуйн зориулалтаар ашиглах, мал услахад чанарын шаардлага хангахгүй (өөрөөр хэлбэл усан дахь давсны хэмжээ өндөр) гэдгийг тодотгох нь зүйтэй. Тиймээс хүн, малын унд, ахуйн усыг уурхайд ашигладаггүй гэж ойлгож болно.
Мөн Монгол Улсын Засгийн газар болон "Айвенхоу Майнз", "Рио Тинто" компанийн хооронд 2009 оны аравдугаар сарын 6-ны өдөр байгуулсан "Оюу толгойн Хөрөнгө оруулалтын гэрээ”-нд ус ашиглалттай холбоотой нэг чухал заалт туссан бий. Энэ нь Оюу толгойн уурхайн усны хэрэглээ, ашиглалтад таван жил тутамд хөндлөнгийн байгууллагаар аудит хийлгэнэ. Энэ дагуу 2016, 2021 онд хөндлөнгийн аудит хийлгэж, холбогдох төрийн байгууллагад тайлагнажээ. Энэ жил гурав дахь удаагийн аудитаа хийлгэхээр бэлтгэж буй юм байна.
Өөрөөр хэлбэл, энэ хөндлөнгийн аудитаар үнэхээр говийн ус шавхагдаж байгаа үгүйг хянадаг гэсэн үг. Ер нь гүний хоолойн газрын доорх усны ордыг олж, ашиглаж эхэлснээс хойш буюу 2003 оноос Оюу толгой үйлдвэр ус ашиглалтын хяналтыг тасралтгүй хийж байгаа. Өнөөдрийн байдлаар 400 орчим мониторингийн цэг дээр байнгын хяналт, шинжилгээ хийдэг. Гүний хоолойн газрын доорх усны орд дахь 141 мониторингийн цооног, 47 гар худаг, 3 задгай булагт сар, улирлын давтамжтай ажилладаг. Үүгээр газрын доорх усны ашиглалтаас хамаарч газрын бага гүний усанд нөлөөлөл үзүүлж байна уу, үгүй гэдгийг тогтмол хянадаг аж.
Түүнчлэн 2011 оноос хойш орон нутгийн иргэдтэй хамтын оролцоотой байгаль орчны мониторингийн хийж байгаа. Малчид гар худаг усгүй боллоо гэх асуудлыг хөнддөг. Иймд дээрх хамтын оролцоотой мониторингоор малчид малаа услахаас өмнө худгаа хэмжиж усны түвшний хэлбэлзэл байгаль цаг уурын өөрчлөлттэй яаж уялдаж байгааг ажиглаад явдаг. Одоогийн байдлаар 86 малчин энэ мониторингийн хөтөлбөрт хамрагдаад өөрсдийн усны хяналт, шинжилгээг хийж буй юм байна.
ГОВИЙН БАЯН БҮРД "ШИНЭ БОР-ОВООГИЙН БУЛАГ"

Оюу толгойн уурхайн ус ашиглалтын өөр нэг сайн туршлага нь Ундайн голын голдирлыг өөрчилсөн ажил юм. Ундайн голын голдирлыг 2013 онд ил уурхайг тойруулан өөрчилсөн. Ингэснээр усны урсгал томоохон хиймэл булаг үүсгэсэн бөгөөд зэрлэг ан амьтад төдийгүй малчид малаа байнга усалдаг болжээ. Ил уурхай орчмын Ундайн голын дагуу байрлаж байсан хуучин Бор-Овоогийн булгийн оронд энэ хиймэл булгийг “Шинэ Бор-Овоогийн булаг” гэж нэрлэх болсон. Ундайн голын голдирлыг өөрчлөөд 11 гаруй жил өнгөрсөн бөгөөд говьд шинэ баян бүрд бий болжээ.
Тийм ээ, эхэнд дурдсан үл үзэгдэгч “ажилтан” бол УС. 2002 оны нэгдүгээр сард 150 дугаар цооногт хүдрийн агуулга илэрч Оюу толгой асар том орд болох нь нотлогдсоноос өнөөдөр 2026 онд энэ уурхай Монгол Улсын эдийн засгийн тулгуур багана болох хэмжээнд хүртэл тэтгэсээр ирсэн үнэт зүйл бол ус юм. Ус үгүй бол үйлдвэрлэл үгүй.