Гантиг чулуун дээр “Монгол, Хятад хоёр улсын найрамдалт харилцаа нөхөрлөлд тулгуурлан БНХАУ-ын буцалтгүй тусламжаар бүтээн байгуулав” гэж монголоор, мөн хятадаар бичжээ. Чулууны дээд талд зангилаа мэт дүрстэй улаан лого байршуулж 中国援助 (Хятадын тусламж), “China AID for shared future” (Хятадын тусламж-Хамтын ирээдүй) гэсэн байна.
China Aid гэдэг үг нь Хятадын Засгийн газрын буцалтгүй тусламжийн хөтөлбөрийн албан ёсны нэр, уриа бөгөөд “Хятадын төрийн санхүүжилтээр энэ барилга баригдсан” гэдгийг илэрхийлдэг аж.
Дээрх мэдээлэл бүхий дурсгалын хөшөөг Улаанбаатар хот, Сүхбаатар дүүргийн 9-р хороонд байрлах “Ногоон нуур” орон сууцны хорооллын гадна талбайд байршуулжээ. Энэхүү 1008 айлын орон сууцыг БНХАУ-ын Засгийн газраас үнэ төлбөргүй буюу 347 сая юаны буцалтгүй тусламжаар барьж өгсөн. Хятадын талаас манай улсын гэр хорооллын дахин төлөвлөлтөд тусламж үзүүлэх зорилгоор хоёр улс хоорондын Засгийн газрын гэрээгээр энэ ажлыг эхлүүлсэн.
Баянбүрдийн тойргийн хойд талд 2021 оноос баригдаж эхэлсэн “Ногоон нуур” хорооллын дэргэдүүр өнгөрсөн хүмүүс “Орон сууцыг ингэж барьдаг байх нь”, “Монголд жишиг болох орон сууц баригдаж байна” гэхийг хэдэнтээ сонсож байлаа. Бүрэн цутгамал, орон сууц хоорондоо зайтай тул нар халхлахгүй, ногоон байгууламж, хүүхдийн тоглоомын талбайг талбиухан байгуулах төлөвлөлттэй гээд энэ орон сууцны хорооллын давуу тал "Энд хэн амьдрах вэ" гэдэг хүлээлт үүсгэв.
Төслийн гүйцэтгэгчээр ажилласан БНХАУ-ын “Хятадын хоёр дахь "Металлурги групп корпораци” орон сууцны хорооллын барилга, байгууламжийг өнгөрсөн онд /2025.10.17/ Барилга хот байгуулалтын яаманд хүлээлгэн өгснөөр “Ногоон нуур” төрийн мэдлийн орон сууц болсон. Одоо орон сууцыг иргэдэд өмчлүүлэх, хөлслүүлэх, борлуулах үүргийг Төрийн орон сууцны корпораци хариуцаж буй юм. Энэ хороололд хэн хүссэн нь байр худалдан авах боломжгүй. “Ногоон нуур”-ын оршин суугч болоход дараах нөхцөлтэй.
752+256=1008

“Ногоон нуур”-т нийт 1008 айл оршин сууна. Үүнээс 752-д нь гэр хорооллын газраа чөлөөлөх хүмүүс амьдрах юм. Гэхдээ хашааны газар нь дахин төлөвлөлтөд хамрагдсан хүн бүрд энэ боломж нээлттэй биш, зөвхөн “сонгогдсон байршил” гэж заажээ.
“Сонгогдсон байршил” гэдэгт аль дүүрэг, хорооны нутаг дэвсгэр хамаарах вэ гэдэг нь одоогоор тодорхой болоогүй байгаа талаар “ТОСК” ТӨХХК-ийн Төрийн захиргааны удирдлагын газрын дарга Ж.Энхбаатар хэллээ.

Тэрбээр “Ногоон нуур” орон сууцны хорооллыг гэр хорооллыг дахин төлөвлөх, ерөнхийдөө яндангийн тоог бууруулах ажлын хүрээнд хоёр улсын Засгийн газрын хоорондын гэрээгээр барьсан. Энэ нь 1008 айлын орон сууц. Үүнээс 752-ыг нь сонгогдсон байршлаас газраа чөлөөлсөн иргэдэд олгоно. Өөрөөр хэлбэл гэр хорооллын дахин төлөвлөлтөд хамрагдаж газраа чөлөөлсөн иргэдэд газрынх нь үнэлгээ болгож энэ байрыг санал болгох юм.
Үлдсэн 256 байрыг мөн сонгосон байршлаас газраа чөлөөлж байгаа, гэхдээ та нарын санал болгож буй “Ногоон нуур”-т орохгүй, өөр байртай болно гэсэн хүмүүсийг түр суурьшуулах юм.
Тэгэхээр газраа чөлөөлж байгаа хүн бүрд “Ногоон нуур” орон сууцны хороололд байртай болох боломжгүй. Жишээ нь та газраа чөлөөлөхөөр боллоо, надад “Ногоон нуур”-т байр өгөөч гэвэл шууд зөвшөөрөх боломжгүй. Учир нь таны чөлөөлж буй газар “сонгогдсон байршил”-д хамаарч байх ёстой юм. Энэ “сонгогдсон байршил”-ыг тогтоохоор НЗДТГ болон Барилга хот байгуулалт, орон сууцжуулалтын яамны хамтарсан ажлын хэрэг ажиллаж байгаа. Урьдчилсан, албан бус мэдээллээр арав гаруй байршлыг сонгож буй юм билээ. Тэгэхээр энэ байршлаас газраа чөлөөлж байгаа хүмүүс “Ногоон нуур” орон сууцны хорооллын 752 айлын нэг болох боломжтой гэж ойлгож болно” гэв.
“Ногоон нуур” орон сууцны хороололд одоо хэн амьдарч байна вэ? Энэ асуултад Ж.Энхбаатар дарга “Хэн ч амьдраагүй байгаа” гэж хариуллаа. Энэ оны нэгдүгээр сарын 19-нөөс барилгад Улсын комисс ажиллаж эхэлжээ. Шалгалтын ажил үргэлжилж байгаа аж. Улсын комиссын шийдвэр гарснаар барилга ТОСК-д бүрэн шилжих юм байна. Тавдугаар сард багтаан ТОСК хүлээн авч, долоодугаар сарын 1-нээс "сонгогдсон байршил" дахь айлуудтай газраа чөлөөлөх эсэх хэлцэл хийж эхлэхээр төлөвлөжээ. Хэлцэл хийх ажлыг нийслэлийн газрын алба, ТОСК-ын ажилтнууд гүйцэтгэх юм байна.

Тиймээс “Ногоон нуур” орон сууцны хороололд бэлэн мөнгөөр байр худалдан авъя гэсэн ч боломжгүй. Зөвхөн “сонгогдсон байршил”-аас газраа чөлөөлж буй хүмүүст л амьдрах боломж бий аж. Тэгвэл түрээслэх, түрээслээд өмчлөх боломж бий юу?
ТОСК-д одоогоор түрээслэх, түрээслээд өмчлөх нөхцөлтэй 1520 орчим орон сууц бий аж. Гэхдээ үүн дотор “Ногоон нуур” байхгүй. Учир нь энэ орон сууцанд газраа чөлөөлсөн хүмүүс л байртай болно, үлдсэн 256-д нь газраа “Ногоон нуур”-ын орон сууцаар шууд солихгүй өөр орон сууц сонирхож буй хүмүүс түр оршин сууна. Бусад хүмүүст түрээслэх, түрээслээд өмчлөх боломж байхгүй. Тэгвэл төрийн орон сууцыг түрээслэх, түрээслээд өмчлөх зэрэг өөр боломж байна уу?
БНХАУ буцалтгүй тусламжаар “Ногоон нуур” орон сууцны хорооллыг барьж өгсөн бол БНСУ хөнгөлөлттэй зээлээр “Солонго 1,2” төслийг хэрэгжүүлж, Буянт-Ухаад нийт 5002 айлын орон сууц барьж байна. Эхний ээлжийн 2042 айлын 27 блок барилга ашиглалтад орох хугацаа тун ойртсон бөгөөд ирэх долоодугаар сард гэдэг тов гарчээ. Энэ барилгад улсын комисс ажиллаж, ТОСК хүлээн авсны дараа түрээслэх, түрээслээд өмчлөх нөхцөлтэйгөөр иргэдэд олгох юм байна.
ТҮРЭЭСЛЭХ, ТҮРЭЭСЛЭЭД ӨМЧЛӨХ ХЭЛБЭРЭЭР БАЙРТАЙ БОЛОХ ХҮСЭЛТЭЙ ИРГЭДИЙН УНШВАЛ ЗОХИХ ЖУРАМ

Хөлсний орон сууцанд иргэдийг дараах ангилал, квот (хувь)-ийн дагуу хамруулна. Үүнд:
- Залуу гэр бүл 15
- Төрийн захиргааны болон төрийн тусгай, төрийн улс төрийн албан хаагч 15
- Төрийн үйлчилгээний албан хаагч 20
- Хувийн хэвшлийн болон хувиараа хөдөлмөр эрхлэгч 10
- Ахмад настан 18
- Олон хүүхэдтэй гэр бүл 2
- Өрх толгойлсон эцэг, эх 5
- Хөгжлийн бэрхшээлтэй иргэн, түүний гэр бүл 10
- Байгалийн гамшиг, гэнэтийн аюулд нэрвэгдэж, орон гэргүй болсон өрх 5
Харин түрээслээд өмчлөх буюу өмчлөлд шилжүүлэх нөхцөлтэй орон сууц хөлслүүлэхэд урьдчилгаа төлбөрийн доод хэмжээ нь орон сууцны нийт үнийн 30 хувиас багагүй байна. Иргэн орон сууцыг хөлслөх хугацаанд урьдчилгаа төлбөрийн хуримтлалыг үе шаттайгаар бүрдүүлэх бөгөөд уг хуримтлалыг 5 хүртэлх жилийн хугацаанд бүрдүүлж, цаашид ипотекийн зээлд хамрагдах боломжийг бүрдүүлэх аж.
Орон сууц хөлслүүлэх гэрээгээр тухайн орон сууцанд нэгээс доошгүй жил амьдарсан гэрээний үүргээ бүрэн биелүүлж байсан иргэнтэй өмчлөлд шилжүүлэх нөхцөлтэй орон сууц хөлслүүлэх гэрээ байгуулах юм байна. Дэлгэрэнгүй мэдээллийг Төрийн өмчийн орон сууцыг иргэдэд хөлслүүлэх, өмчлүүлэх, борлуулах журмаас харж болно.
Засгийн газрын 81 дүгээр тогтоол 2026 оны гуравдугаар сарын 11-ний өдөр гарч, Төрийн өмчийн орон сууцыг иргэнд хөлслүүлэх, өмчлүүлэх журмыг баталсан. Энэ журам Leginfo.mn сайтад нээлттэй байршсан тул иргэд, олон нийт энэ журамтай танилцан, мэдээлэл авах боломжтой.
Төрийн өмчийн орон сууцыг иргэнд өмчлүүлэх, хөлслүүлэх ажлыг цахимаар зохион байгуулна. Одоогоор цахим системийн сонгон шалгаруулалт явуулж буй юм байна. Энэ оны наймдугаар сарын дундуур сонгон шалгаруулалтыг эхлүүлэх үед цахим программыг ажиллуулж эхлүүлнэ. Одоогоор цахимаар ямар нэг бүртгэл хийж, хүсэлт хүлээн авахгүй байгааг ТОСК-аас сануулав.
Мөн “Ногоон нуур”, “Солонго 1,2” орон сууцанд оруулж өгнө гэх зэрэг залилан ихэссэн, иргэд хохирсон мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгдэж байгаа. Иймд иргэд, олон нийтийг албан ёсны сувгаар мэдээлэл хүлээн авч, анхаарал болгоомжтой байхыг ТОСК-оос анхаарууллаа.