Сүүлийн хоногуудад Балба улсын залуучуудын төлөөлөл цахим сүлжээг хаах шийдвэр болон авлигын эсрэг томоохон жагсаал, хөдөлгөөн өрнүүлсэн. Тэд Засгийн газрын ордныг шатааж, Ерөнхий сайд нь суудлаа өгч буйгаа мэдэгдсэн. Үүний дараа тус улс анхны эмэгтэй Ерөнхий сайдаа томилов.
Энэ хөдөлгөөн улс төр, нийгэм, хэвлэл мэдээллийн орчныг хэрхэн өөрчилж буй талаар тус улсын сэтгүүлч,“Кантипур Дэйли” болон “Катманду Пост”-ын редактор Сажана Баралтай ярилцлаа.
-Олон хүн энэ үйл явдлыг Балба улсын хувьд эргэлтийн цэг гэж харж байгаа болов уу. Таны хувьд ямар бодолтой байна?
-Таны хэлсэнчлэн энэ бол эргэлтийн цэг яах аргагүй мөн. Манай улсад бараг 10 жил тутамд улс төрийн ямар нэг шинэчлэл болдог. Энэ удаад ч адилхан зүйл боллоо гэж харж байна. Өмнө нь ийм хөдөлгөөнийг залуус голчлон хийдэг байсан ч тэднийг удирдаж, зохион байгуулалтад оруулдаг нь улс төрийн хүмүүс байсан.
Харин энэ удаад залуус өөрсдөө, хэний ч зааваргүйгээр дуу хоолойгоо хүргэлээ. Үнэндээ эсэргүүцлийн шалтгаан юу байх нь хамаагүй, иргэд одоо байгаа энэ тогтолцоонд маш их бухимдсан байсан.
Балба улс ардчиллын тогтолцоог бэхжүүлэх чиглэлд тодорхой ахиц гаргасан ч иргэдийн хүсэн хүлээж байсан хөгжил цэцэглэсэн гэхэд хэцүү. Ямартай ч залуус өөрсдийн байр суурийг маш тодорхой илэрхийлж чадлаа гэж хэлж болно.
Одоо нөхцөл байдал намжсан ч тогтворгүй хэвээр байна. Ирэх саруудад ардчилал хүчтэй хэвээр үлдэх эсэх, шинэ сонгууль цагтаа, шударга, чөлөөтэй болох эсэхийг харах хэрэгтэй. Энэ хооронд сэргээн босголтын ажлууд шаардлагатай байна.
-Та бүхэн саяхан анхны эмэгтэй Ерөнхий сайдаа томиллоо. Олон нийт энэ томилгоог хэрхэн хүлээн авч байна?
-Иргэд төвлөрсөн засаглал, ардчилсан хяналт, хэвийн байдлыг хүсэж байна. Тийм ч учраас энэ томилгоонд найдлага тавьж байгаа болов уу. Эмэгтэй удирдагч гэдэг утгаар нь дипломатчид, гадаадад байгаа Балбын иргэд, идэвхтнүүд мөн залуу үеийнхэн их өндөр хүлээлттэй байна. Хэдийнэ олонд танигдсан хүн тул олон нийт түүнд эерэг хандлагатай байна.
-Энэ үйл явдал ард иргэдийн өдөр тутмын амьдралд хэрхэн нөлөөлсөн бэ?
-Маш ихээр нөлөөлсөн. Төрийн байгууллагууд, яам, худалдааны төвүүд, цагдаагийн газрууд гээд дийлэнх нь шатсан. Засгийн газрын архив, албан баримт бичгүүд устсан. Энэ жил маш хүнд байх болно.
Хүмүүс анхандаа удирдагчдын эсрэг босох нь буруу биш юм шиг хандсан ч түүх, нийтийн өмчүүд сүйдсэний дараа ихээхэн харамсаж эхэлсэн. Мөн шоронгоос олон мянган гэмт хэрэгтэн оргосон нь иргэдийг ихээхэн түгшээж байна.
-Та сэтгүүлчийн хувьд энэ хөдөлгөөний үеэр ямар саад бэрхшээлтэй тулгарсан бэ?
-Маш олон. Нэгдүгээрт, бидэн рүү халдаж, манай оффисыг зориудаар сүйтгэн шатаасан. Мэдээгээ оруулдаг гол сүлжээ дөрвөн өдрийн турш саатлаа. Англи хэл дээрх сайт маань одоо ч үйл ажиллагаа явуулахгүй хэвээр байна. Хэр удаан гэрээсээ ажиллах эсэхээ мэдэхгүй байна.
Цалингаа мэдээж тогтсон цагтаа авч чадахгүй бас редакцаа сэргээж чадах эсэхээ мэдэхгүй байна. Жагсаалын талбай дээр ч биднийг асуулт асуухад хүмүүс доромжилж, харааж зүхэж байлаа. Нийгмийн сүлжээнд доромжлол бол энгийн үзэгдэл. Харин энэ удаад үймээнд оролцогчид бидний ажлыг улам хүндрүүлэхээр шийдсэн мэт санагдсан. Миний хувьд аюулгүй байгаа ч манай багийн гишүүд буудуулж шархадсан. Зарим нь сэтгэл санааны гүн хямралд өртсөн.
-Гэсэн ч хэвлэл мэдээлэл олон нийтийг мэдээллээр хангаж, удирдагчдыг хариуцлага тооцуулахад чухал үүрэг гүйцэтгэсэн гэж та үзэж байна уу?
-Шууд утгаараа бол үгүй. Юмс маш хурдан өрнөсөн учир хэвлэл мэдээллийн салбарынхан өөрсдөө ч бэлтгэлгүй байсан. Гэхдээ одоо нөхцөл байдал арай дээрдсэн тул асуултууд тавьж, хариуцлага нэхэж эхэлж байна. Амаргүй байсан ч энэ үймээний үеэр хүмүүст яаралтай мэдээлэл, мэдэгдэл хүргэхэд чухал үүрэгтэй оролцсон.
Зарим хэвлэл мэдээлэл хандалт авахын тулд ажиллаж байсан ч ихэнх нь ардчилсан үйл явдлыг дэмжиж, асуулт тавьж хариуцлага нэхэж байгааг дурдах нь зүйтэй.
-Ойрын хугацаанд Балбын хамгийн том сорилт юу байх бол?
-Маш олон сорилт байна. Хэвлэлийн салбарын хүний хувьд онцлоход, өмнө нь хэвлэл мэдээллийн арга хэмжээ, контентыг ивээн тэтгэж байсан томоохон бизнесүүд уналтад орсон. Хэвлэл мэдээллийн байгууллагууд халдлагад өртсөн тул үйл ажиллагаагаа сэргээхэд тодорхой хугацаа хэрэгтэй. Харин энэ үед контент бүтээгчид улам олширч, хандалт авахын тулд юу ч хэлэхээс буцахгүй байна.
Харамсалтай ч хуурамч мэдээлэл санхүүгийн талаас ч, улс төрийн талаас ч ихээхэн ашигтай байдаг болсон. Энэ нь Балбын хариуцлагатай сэтгүүл зүйн ирээдүйг тодорхой бус болгож байна.
-Ярилцсанд баярлалаа.