Засгийн газраас өргөн мэдүүлсэн Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн талаарх хэлэлцүүлэг өчигдөр (2024.04.01) Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн “Хуульчдын танхим”-д боллоо.
Хэлэлцүүлгийг Улсын Их Хурлын гишүүн, уг төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх Ажлын хэсгийн ахлагч, Хүний эрхийн дэд хорооны дарга Ц.Мөнхцэцэг хөтлөн явуулав.
Хэлэлцүүлгийн эхэнд хуулийн төслийн талаар Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Б.Солонгоо танилцуулав. Хуулийн төсөлд гэрлэгчид, хамтран амьдрагчдын гэрлэлт, түүнийг дуусгавар болгох, эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус амины эрх, хүүхдийн асран хамгаалалт, үрчлэлт, гэр бүлийн гишүүд, төрөл садныг тэжээн тэтгэх, харгалзан дэмжих зэрэг харилцааны хүрээг хамруулсан зохицуулалтуудыг тусгажээ.
Гэр бүлийн харилцаанд эцэг, эх, хүүхдийг биеийн болон оюун санааны хувьд эрүүл өсгөн хүмүүжүүлэх, хөгжүүлэх, түүний хууль ёсны эрх, ашиг сонирхлыг нэн тэргүүнд хамгаалах, үүний дотор, хүүхэд, жирэмсэн болон хөхүүл эмэгтэй, эсхүл бага насны хүүхэдтэй, өрх толгойлсон эцэг, эх, хөгжлийн бэрхшээлтэй, ахмад настай, хөдөлмөрийн чадваргүй гэр бүлийн гишүүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг тэргүүн ээлжинд хамгаалах зарчмыг баримталсан байна.
ЭЦЭГ, ЭХИЙН ҮҮРЭГ ХАРИУЦЛАГЫГ НЭМНЭ
Эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч хүүхэдтэй хамт амьдарч байгаа эсэхээс үл шалтгаалан хүүхдийн өмнө үүрэг хүлээнэ. Гэрлэлтээ бүртгүүлээгүй эцэг, эхийн дундаас төрсөн, үрчлүүлсэн, дагавар хүүхэд гэрлэлтээ бүртгүүлсэн гэрлэгчдээс төрсөн хүүхдийн адил байна.
Монгол хүний удмын сангийн аюулгүй байдлыг хамгаалах, цус ойртолтоос урьдчилан сэргийлэх үүднээс гэрлэгчид гэрлэлтээ батлуулахаас өмнө хоорондоо садан, төрлийн холбоотой эсэхээ мэдэх зорилгоор, сайн дураар ДНХ (Дезоксирибонуклейн хүчил)-ийн шинжилгээнд хамрагдаж болно.
Хэрэв холбоотой бол гэрлэхийг хориглохоор заасан гэлээ. Хуулийн төсөлд туссан бас нэг шинэлэг зохицуулалт нь гэр бүлтэй адилтгах харилцаа буюу хамтран амьдрагчдын харилцааг зохицуулсан. Тэдэнд тавих шаардлага, эрх үүрэг, хамтын амьдралыг дуусгавар болгох, хүүхдийн асуудлууд зэргийг тусгажээ.
Хуулийн төсөлд гэрлэгчдийн эрх, үүргийг нарийвчлан зааж, тэдний эрх ашиг, эд хөрөнгийн эрхээ хамгаалах боломжийг бий болгосон, гэрлэлтийн гэрээний талаарх шинэ зохицуулалт нэмжээ.
Хүүхдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг удаа дараа, эсхүл ноцтой зөрчсөн тохиолдолд эцэг, эх байх эрхийг хязгаарлана, хасна. Түүний үндэслэл, нөхцөл, үүсэн гарах үр дагаврыг ялгаж шинэчлэн найруулжээ.
Шүүхээс гэрлэлт цуцлах шийдвэрийг гаргахдаа нэхэмжлэлийн шаардлагад дурдсан эсэхээс үл хамаарч хүүхдийн тэтгэлгийг хамтад нь заавал шийдвэрлэнэ. Тэтгэлгийн хэмжээг шүүх шийдэхээр заасан талаар Дэд сайд Б.Солонгоо танилцуулжээ.
Эх сурвалж: parliament.mn