Улс орон даяар цаг агаар эрс хүйтэрч, жавар тачигнасан энэ үед их хэмжээний эрчим хүч үйлдвэрлэх шаардлагатай нь мэдээж. Монгол Улсын эрчим хүчний оргил ачаалал өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын эцэст 1466 МВт-д хүрэхэд хойд хөршөөс цахилгаан худалдаж авах техникийн боломжоо бүрэн ашиглаж байж давсан тухай мэдээлж байв. Хэрэв цаашид эрчим хүчний эрэлт импортын техникийн нөхцөлөөс давбал манайх цахилгаан хэмнэх, эсвэл хязгаарлалт хийхээс өөр аргагүй болно. Эрчим хүчний үйлдвэрлэлийн чадал хэрэглээнээсээ дутчихсан, цаашид найдвартай, тогтвортой ажиллах боломжгүй нөхцөлд үйл ажиллагаа явуулж байгааг салбарынхан учирлаж буй. Эндээс эрчим хүчний салбарын “эрүүл мэнд” ямар байгаа нь төвөггүй ойлгогдоно.
Эрчим хүчний оргил ачааллын цагийн эрэлтийг бууруулахыг одоогийнх шиг уриалж, түүнийг нь олон нийт биелүүлж халаагуур, хөргөгч, цахилгаан зуухны хэрэглээнээс татгалзсан ч төдийлөн үр дүнд хүрэхгүй байж мэднэ. Товчхондоо, эрчим хүчний систем доголдох эрсдэл энүүхэнд байгааг мартах учиргүй.
Үндэсний аудитын газраас 2021 оны эцэст танилцуулсан “Эрчим хүчний дамжуулалт, түгээлт, үнэ тарифын зохицуулалт, үр нөлөө” сэдэвт гүйцэтгэлийн аудитын тайланд дурдсанаар эрчим хүчний 2020 оны оргил ачаалал 1303 МВт болж, өмнөх жилийнхээсээ даруй 13 хувиар нэмэгджээ. Өнгөрсөн жилүүдэд эл салбарт шаардлагатай арга хэмжээг аваагүйнхээ горыг амсаж байгаа манай улсын цахилгааны хэрэглээ жил бүр 7-8 хувиар өсөж байгаа хэмээн зарим мэргэжилтэн сануулж буй. Эрчим хүчний оргил ачааллын цагийн эрэлтийг бууруулахыг одоогийнх шиг уриалж, түүнийг нь олон нийт биелүүлж халаагуур, хөргөгч, цахилгаан зуухны хэрэглээнээс татгалзсан ч төдийлөн үр дүнд хүрэхгүй байж мэднэ. Товчхондоо, эрчим хүчний систем доголдох эрсдэл энүүхэнд байгааг мартах учиргүй. Иймээс үүсээд буй эрчим хүчний хямралыг давахын тулд олон эх үүсвэртэй болохоос өөр аргагүй, манай улс. “Nikkei Asia”-д бичсэнээр “Сэргээгдэх эрчим хүчний диваажин” гэгддэг, нар, салхины эрчим хүчний асар их нөөц баялагтай Монгол давуу талаа ашиглах, эх үүсвэрүүдтэй болох нь зүйтэйг мэргэжилтнүүд хэлдэг. Улс орнууд ч уур амьсгалын өөрчлөлт, дэлхийн дулааралтай холбоотойгоор эрчим хүчний бүтэц, хангамжаа байгаль орчинд ээлтэй байхаар загварчилж буй. Тухайлбал, 2050 он гэхэд нийт ялгаруулж байгаа хүлэмжийн хийн хэмжээтэй тэнцэхүйц эрчим хүчийг сэргээгдэх эх үүсвэрээс үйлдвэрлэх буюу “Net zero” (Цэвэр тэг) зорилт хэрэгжүүлэхэд чиглэж буй нь ногоон хотод амьдрах хүсэл ихээхэн нэмэгдэж байгаатай холбоотой. Агаарын бохирдлоор өдгөө дэлхийд тэргүүлж буй манайд сэргээгдэх эх үүсвэрүүдийн ач холбогдол бүр ч их юм.
Нүүрсний ч, сэргээгдэх эх үүсвэрийн хувьд ч атаархмаар их нөөцтэй манай улсад орчин цагийн эрчим хүчний салбар үүсэж, хөгжсөний 100 жилийн ой өнгөрсөн онд тохиолоо. Эл хугацаанд салбарын мэргэжилтнүүд олноор бий болж, монгол инженерүүд ч өөрсдөө цахилгаан станц барьж чаддаг болсон. Гэвч төр гацааснаас болж 100 жилийн ойгоо цаасан дээр царцсан төслүүдтэй л угтав. Шинээр төслүүд хэрэгжүүлэхгүй аваас монголчууд эргээд хүй нэгдлийн үе рүүгээ очиход ойрхон байгаа нь харамсалтай. Хэдхэн жилийн өмнө буюу 2018 онд Улаанбаатар даяар цахилгаан тасарч байсныг уншигч та санаж буй байх. Төвийн бүсийн эрчим хүчний системийн дийлэнхийг дангаар хангадаг “ДЦС-4”-т гэмтэл гарснаар нийлүүлэлт нь зогсож, “ДЦС-3” ачаалал даалгүй ажиллагааг нь зогсооход хүрч байсан шүү дээ. Хямрал нүүрлэчихээд байхад манай төр, засаг бодит арга хэмжээ авсан нь алга. Уг нь “Шинэ сэргэлтийн бодлого”-ыг хэрэгжүүлэх хүрээнд эрчим хүчний сэргэлтийг тусгаад буй билээ.
Монгол Улсын эрчим хүчний салбарт үүсээд буй нөхцөл байдал, ямар арга хэмжээ авах нь зүйтэй талаар мэргэжилтэн, судлаачаас байр суурийг нь сонирхож, дараах асуултад хариулт авлаа.
1. Монгол Улсын эрчим хүчний эрэлт жил ирэх тусам нэмэгдэж буй. Гэтэл шинэ эх үүсвэрүүд нэмж ашиглалтад оруулахгүй, суурилагдсан хүчин чадлаас эрэлт давсан хэвээр байвал системд ямар эрсдэлүүд тулгарч болзошгүй вэ. Тухайлбал, хязгаарлалт хийж магадгүй гэж буй. Хязгаарлалт хийнэ гэхээр орон сууцуудын цахилгааныг тодорхой цагаар тасалдаг байсан хуучин тогтолцоо санаанд орж байна. Харин томоохон ААН-үүдийн хэрэглээг оргил ачааллын үед хязгаарлах гэж буй бол ард иргэд мэдэхгүй, бүх юм хэвээрээ байна гэж ойлгож болзошгүй. ААН-үүдийн цахилгааныг хязгаарласнаар үйлдвэрлэл буурч, эдийн засагт сөргөөр нөлөөлнө шүү дээ.
2. Эрсдэлээс сэргийлэхийн тулд юу хийх шаардлагатай вэ. Эрчим хүчний олон эх үүсвэртэй болох шаардлагын талаар тодруулна уу. Цаашид сэргээгдэх эрчим хүч манай улсын эрчим хүчний хамгийн том эх үүсвэр болох боломжтой гэж зарим мэргэжилтэн хэлдэг. Энэ талаар юу гэх вэ?
3. Сэргээгдэх эрчим хүчний олон эх үүсвэртэй болоход төрөөс хувийн хэвшлийнхнийг дэмжих шаардлагатай юу. Ер нь төрийн зүгээс хэрхэн дэмжих нь зүйтэй вэ. Наад зах нь хөрөнгө оруулагчдыг үргээхгүй байх, олон өрсөлдөгчтэй байвал найдвартай, тасралтгүй эрчим хүчээр хангах боломжтой гэж харж байна.
ТӨВЛӨРСӨН НЭГ ТӨРЛИЙН ҮҮСВЭРТЭЙ БАЙХ НЬ БҮХ ЭРСДЭЛ НЭГ ГАЗАР БАЙНА ГЭСЭН ҮГ
Г.Мөнгөншагай (“Шинэ Монгол” ТДС-ийн Мехатроникийн тэнхимийн багш, ШУА-ийн Физик, технологийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний гэрээт ажилтан, доктор)
1. Эрчим хүчний хэрэглээ нь үйлдвэрлэлтэйгээ яг тулсан чадлаараа явдаг манай системийн хувьд ямар нэгэн нөөц чадал байхгүй. Тиймээс том хэмжээний доголдол гарвал бусад орон шиг богино хугацаанд сэргээх чадвар муу. Хурдан хариу үйлдэл үзүүлэх боломжтой хийн, усан цэнэгт, батарей нөөцлүүрт станцуудыг барьвал үүнээс сэргийлэх боломжтой. Хэдийгээр Амгалангийн дулааны станц ашиглалтад оруулж, хуучин ДЦС-уудыг өргөтгөж буй ч шинээр барьсан барилгуудыг дулаан хангамжид холбож байгаа тул хэрэглээний өсөлтийг гүйцэхгүй байна. Эрчим хүч нь бүхий л үйлдвэрлэл, үйлчилгээний үндсэн хэрэгцээ. Цахилгааны нийлүүлэлтээс хамааралтай, эдийн засагт учирч болзошгүй сөрөг нөлөөг дурдахгүй байх аргагүй. Хязгаарлалт хийх, нийлүүлэлт нь доголдох, муугаар бодоход хөлдөх гэх мэт эрсдэл бий.
2. Эрсдэлээс сэргийлэхийн тулд мэдээж шинэ эх үүсвэрүүд барих шаардлагатай. Хэрэглээгээ хэмнэх арга бий ч өмнө хэлсэнчлэн эдийн засаг болон хүний бүтээмжид сөрөг нөлөө үзүүлэх юм.
Нүүрсний хувьд манай оронд элбэг байдаг. Гэвч цаг уурын өөрчлөлтөөс шалтгаалж дэлхий нийтээр хүлэмжийн хий ялгаруулах түлшнүүдийг хэрэглэхээ больж байна. Тиймээс дунд хугацаанд дэлхий даяар нүүрснээс эрчим хүч үйлдвэрлэхэд тоног төхөөрөмжийн олдоц багасаж, доголдол үүсэж болзошгүй. Одооноос эрчим хүчний олон төрлийн эх үүсвэртэй болж, төрөлжүүлэх шаардлагатай. Төвлөрсөн нэг төрлийн эрчим хүчний үүсвэртэй байх нь бүх эрсдэл нэг газар байна гэсэн үг. Европт үүссэн байгалийн хийн хомсдол нь нэг эх үүсвэрээс хэт хамааралтай байх нь ямар аюултайг харуулсан. Цаашид эрчим хүчний тархмал олон эх үүсвэртэй болох нь аюулгүй байдлын эрсдэлийг багасгах боломж олгох юм.
Нарны эрчим хүчний үүсгүүрүүдийг зарчмын хувьд хаана ч суурилуулж болох тул хувь хүн, аж ахуйн нэгжүүд өөрсдийн ийм эх үүсвэртэй болж, хэрэглээнийхээ тодорхой хувийг үйлдвэрлэн, эрсдэл учирсан тохиолдолд чухал шаардлагатай төхөөрөмжүүдээ тэжээх боломжтой.
3. Монголын нөхцөлд сэргээгдэх эрчим хүч нь ДЦС-уудын цахилгааны тарифтай өрсөлдөхөд хэцүү байгаа. СЭХ-ийг дэмжихэд хэцүү байна гэдэг ч Багануур, Шивээ-Овоогийн уурхайн нүүрс болон ДЦС-уудын эрчим хүчний үнэ тарифыг доогуур тогтоодог. Нэг үгээр хэлбэл, нүүрснээс үйлдвэрлэж буй цахилгааны үнэ тарифт дэмжлэг үзүүлж байгаатай адилхан юм. Дотооддоо нүүрсний үнийг тодорхой хэмжээнд чөлөөлөх нь эрчим хүчний салбарын алдагдлыг багасгах, СЭХ-ний эх үүсвэрүүдийг өрсөлдөхүйц болгоход түлхэц болно. Энэ нь хэрэглэгчдэд үнийн дарамт үүсгэх талтай ч алсдаа салбараа шинэчлэх боломж олгоно. Эсвэл СЭХ үйлдвэрлэгчдэд ч бас ижил хэмжээний дэмжлэг үзүүлж байж СЭХ-ний олон төрлийн эх үүсвэрүүд өрсөлдөгч болж чадна.
Цаашид СЭХ-ний хэрэглээг тэлэхийн тулд батарей нөөцлүүртэй системүүдийг ихэсгэх хэрэгтэй. СЭХ нь байгалийн хүчин зүйлсээс хамааралтай тул системээс хараат бус байхын тулд заавал ийм нөөцлүүр байх шаардлагатай. Тиймээс СЭХ нөөцлөхөд ашиглах батарейд татварын хөнгөлөлт нэмж үзүүлбэл бие даасан системүүдийг хөгжүүлэхэд тус нэмэр болно. Батарейг импортолж оруулахтай холбоотой хог хаягдлыг устгах, хоргүйжүүлэх арга хэмжээнүүдийг ч журамлах шаардлага бий.
Одоо хэрэгжүүлж буй зарим ажлыг ч үргэлжлүүлж, сайжруулах нь зүйтэй. Айл өрхүүдийн СЭХ-ний хэрэглээг ихэсгэх үүднээс хөнгөлөлттэй зээл, шөнийн тарифын хөнгөлөлтийг үргэлжлүүлэхийг энд дурдаж болно. СЭХ-ийг айл өрхөөс худалдан авах гэрээг илүү сайжруулж, тарифыг нь өндөрсгөх, хамрагдахад илүү хялбар болгох, мөн СЭХ-ний тоног төхөөрөмжийг гаалийн болон НӨАТ-аас чөлөөлснөө үргэлжлүүлэх нь зүйтэй. Нүүрсхүчлийн хийн ялгаралтыг бууруулахад хувь нэмэр оруулсныг урамшуулах системүүд (carbon credit), нарны цахилгаан станцыг хуваан эзэмшээд татварын хөнгөлөлт авах (community solar), эрчим хүчийг арилжиж болох үүлэн технологид суурилсан систем (virtual power plant) нэвтрүүлэхэд шаардлагатай журам, хөтөлбөрүүд боловсруулж болох юм.
НИЙЛҮҮЛЭЛТ ЭРЭЛТЭЭ ГҮЙЦЭХГҮЙ БОЛ НИЙГМИЙН ХӨГЖЛИЙГ ЧӨДӨРЛӨХ ЭРСДЭЛТЭЙ
Г.Ёндонгомбо (Үндэсний эрчмийн аж үйлдвэрийн хөгжлийн нийгэмлэгийн гүйцэтгэх захирал, доктор)
1. Нийлүүлэлт эрэлтээ гүйцэхгүй бол хязгаарлалт хийх нь дамжиггүй. Өөрөөр хэлбэл, эрчим хүчний салбар нийгмийн хөгжлийг чөдөрлөөд эхэлнэ гэсэн үг. Нийлүүлэлтийн боломж нь эрэлтийн хэмжээнээс 20 хувиар илүү байх ёстой гэх алтан дүрэм хэрэгжихгүй болоод удаж байна.
2. Манай орны эрчим хүчний анхдагч эх үүсвэрийн нөөцийг харгалзаад нүүрсээр ажилладаг ДЦС-ууд 60, сэргээгдэх эх үүсвэрүүд 20, УЦС 20 орчим хувийг эзэлж байвал зохимжтой гэж үзэж байна. Атомын цахилгаан станц барих судалгааг идэвхжүүлэх, устөрөгчийн эрчмийн хөгжлийг дэмжих шаардлагатай. Дэмжих гэдгийг мөнгөөр биш, бодлогоор гэж ойлгох хэрэгтэй.
3. Жишээлбэл, ногоон устөрөгч үйлдвэрлэхэд өнөөдрийн СЭХ-ний чадлыг 20-30 дахин өсгөх шаардлагатай. Хувийн хэвшил болон гадаадын хөрөнгө оруулалтгүйгээр энэ өсөлтийг хангах ямар ч боломжгүй. Хэрхэн дэмжих вэ гэдэгт ядаж нэг цэгээр үйлчлэх, хүнд суртал, элдэв зөвшөөрлийг арилгаж, татварыг тодорхой хугацаагаар тэглэх юм уу хөнгөвчлөх зэрэг олон арга бий бөгөөд өнөө маргаашийн биш, ирээдүйн ач холбогдлыг нь харах хэрэгтэй.
Эрчим хүчний нийлүүлэлтийн талаар хэрэглэгчдийн байр суурийг тодруулав.
ХАЛААГУУР АСААХАД Л ЧИЙДЭНГИЙН ХҮЧ МУУДАН УЛАЙЖ ЭХЭЛДЭГ
Б.Чимгээ (Баянзүрх дүүргийн XIV хорооны оршин суугч)
-Манайх 2021 оны зургадугаар сард Шаргаморьтод зуслангийн байшин авахад цахилгаангүй байсан. Иймээс ойролцоох шонгоос цахилгаан татсан юм. Гэтэл тэр шонг эзэмшигч айлын хүмүүс уурлан, манай цахилгааныг салгаж орхисон. Учир нь улсаас суулгасан шонгоос айлууд өөрсдийн хашаа руу цахилгаанаа татаж оруулдаг юм байна. Уг нь хашаатайгаа ойрхон шонгоос цахилгаан авбал дамжуулагч утас ч бага зарцуулах төдийгүй айл бүр өөрсдийн гэр лүү чиглүүлсэн шон суулгаж байгаль орчныг сүйтгэх нь багасах сан. Манайх дөрвөн сая төгрөг зарцуулж 2022 оны зургадугаар сард шинэ шонгууд суулган, цахилгаанаа татаж авсан. Ер нь Шаргаморьт орчим бол айл бүрийн хашаа руу шон татсан, цахилгааны дамжуулах утас эрээлжилсэн тийм л газар. Ийнхүү цахилгаантай болсон ч хүч нь маш бага. Хүйтний улиралд халаагуур асаан, плитк ажиллуулахад л чийдэнгийн хүч муудан улайж эхэлдэг. Мөн плитк дээрх хоол унд буцалтлаа уддаг. Зунд айлууд гаднаа гал түлж, хийн плитк ажиллуулах нь элбэг учир төдийлөн мэдэгддэггүй байх. Бид эрчим хүчний байгууллагаас цахилгааны хүчийг нэмэгдүүлэх арга байгаа, эсэхийг асуухад “Ямар ч боломжгүй, үндсэн шонд суурилагдсан хүчин чадлаас давсан хэрэглээ үүсгэсээр удсан, жил ирэх бүр хэрэглээ өсөж буйгаас цаашид улам л төвөгтэй болох магадлалтай” гэсэн.
ӨНГӨРСӨН САРУУДАД ЦАХИЛГААН 4-5 УДАА ТАСАЛСАН
Ц.Уранчимэг (Сонгинохайрхан дүүргийн XXIV хорооны иргэн)
-Манай энэ хавьд өнгөрсөн арваннэгдүгээр сарын эцэс, арванхоёрдугаар сарын эхэн үеэр цахилгааныг 4-5 удаа 30 хүртэлх минутаар тасалсан. Асууж лавлахад бага зэргийн гэмтэл гарсан, засаж янзалж байна гэсэн. Харин энэ он гарсаар цахилгаан тасраагүй. Гэхдээ цахилгааны хүчин чадал маш бага. Манайх цахилгаан тогоо ашигладаг ч түүнийг ажиллуулж хүчрэхгүй, тогоогоо асаамагц тоолуурын автомат нь уначихдаг. Гэр хорооллын шөнийн тарифын хөнгөлөлтийг ашиглан, шөнөдөө халаагуур залгахаар оролдсон ч олигтой халж өгдөггүй учраас бид шахмал түлшээ л түлж байшингаа халаасан хэвээр байгаа. Ер нь өвлийн улиралд манай энэ хавийнхан, магадгүй гэр хорооллын дийлэнх айл цахилгааныг зөвхөн чийдэн асаах, зурагт үзэхдээ л ашигладаг байх. Учир нь халаагуур, халуун тогоо залгахад хүч нь хүрдэггүй юм. Цахилгааны хүчин чадал 3-4 жилийн өмнө гайгүй байсан. Гэтэл манай энэ хавиас урагшаа, мөн баруун тийшээ буюу Баруунсалаа, Зүүнсалаа руу ирж суурьших айлуудын тоо нэмэгдсэнээс хэрэглээ нь өсөн, хүчин чадал нь багассан болов уу. Цаашид энэ хэвээр айлууд нэмж суурьшсаар байвал бид улам л цахилгааны дутагдалд орох байх.
***
Энд нэг зүйл дурдахад, стратегийн гэж тодотгодог эрчим хүчний салбартаа Монгол Улс сүүлийн 40 жил томоохон шинэ эх үүсвэр огт барилгүй өдий хүрлээ. “ДЦС-4”-ийн анхны зуухыг 1983 онд ашиглалтад оруулснаас хойш хувийн хэвшлийнхнийг эс тооцвол шинэ эх үүсвэр барих талаар “мартаж” орхисон гэхэд болно. Суурилагдсан хүчин чадлаа нэмэх зайлшгүй хэрэгцээ манайд бий ч зөвхөн өргөтгөл, шинэчлэл хийж, товчхондоо, “амь тариа”-гаар аргалсаар өнөөдрийг хүрч, эрчим хүчний мега төслүүдийг царцааж ирэв. Хэрэв одоо л шийдлүүдээ ярьж, биелдэггүй амлалтуудаа хэрэгжүүлж, төслүүдээ хөдөлгөхгүй бол нийслэл хот, цаашлаад Монгол Улс цахилгаангүй болж, хөлдөхөд хүрээд байна. Ерөөс өнгөрсөн хугацаанд эрчим хүчний салбараа зээл, тусламжаар аргалсаар ирж, зориглоод төсөл хэрэгжүүлээгүй, хувийн хэвшлээр ч хийлгээгүй, хөрөнгө оруулагчдыг ч хашрааж, хөөгөөд явуулчихсан Монгол Улс алдаагаа давталгүйгээр “Төрөөс эрчим хүчний талаар баримтлах бодлого”-д тусгасан зорилтуудаа, тухайлбал, улс орны өсөн нэмэгдэж буй эрчим хүчний хэрэгцээг тасралтгүй, найдвартай хангах зорилт хэрэгжүүлэхээр зааснаа биелүүлэх шаардлага хэдийн үүсжээ. Засгийн газар нь томоохон эх үүсвэр барина гэж тогтоол гаргачихаад 20, 30 жил болдог улс Монголоос өөр байхгүй. Цар тахлын үед манай улс иргэдийн цахилгааны хөнгөлөлт, чөлөөлөлтөд бараг нэг их наяд төгрөг зарцуулсан нь Эрдэнэбүрэнгийн УЦС, эсвэл Тавантолгойн станцыг ямар ч өр зээл тавилгүйгээр барьчих төсөв байлаа, уг нь. Хэрэв бид энэ мөнгийг халамжид зарцуулалгүй, аль нэг станцаа байгуулчихсан бол 4-5 жилийн дараа иргэддээ ямар ч татаасгүй үнээр хямд цахилгаан нийлүүлэх боломж бүрдчих л байв. Улстөрчид нь халамж тарааж л чаддаг юм бол харин хувийн хэвшлийнхэн сэргээгдэх эх үүсвэрүүд, УЦС, усан цэнэгт цахилгаан станц, батарей нөөцлүүрийн төслийг богино хугацаанд хэрэгжүүлж чадна. Гэвч тарифтай холбоотой асуудлыг төр, засгаас шийдвэрлэх шаардлагатай. Ташрамд онцлоход, СЭХ үнэтэй байгаадаа асуудал байгаа юм биш. Монголд ямар ч эрчим хүчний эх үүсвэр шинээр байгуулсан өнөөдрийн бидний мөрдөж буй тарифаас өндөр үнээр нийлүүлнэ гэдгийг ойлгох хэрэгтэй.
Эрчим хүчний салбарын тэргүүн зорилго нь хэрэглэгчдийг чанартай, найдвартай цахилгаанаар хангах юм. Өдгөө харин үүнийгээ ч биелүүлж чадахгүй салбар болжээ. Гэтэл эрчим хүчгүйгээр бид нэг өдөр байтугай, хэдхэн цаг болоход ч хэцүү цаг шүү дээ. Эрчим хүчний хэрэглээ улам нэмэгдэх нь тодорхой тул олон эх үүсвэртэй болох, хувийн хэвшлийнхнийг дэмжих шаардлага бий.
Ц.Болормаа