- Сэхээтнүүдийн орон зай бол
олон түмний орогнодог газар биш.
НЭГ. ОЛОН НИЙТИЙН ДАВАМГАЙЛАЛ
Испанийн философич Хосе Ортега И Гассетийн “Түмний түрэлт” (The Revolt of the Masses, 1930) номын тухай одоогоос хориод жилийн өмнө МУИС-ийн сэтгүүл зүйн тэнхимийн багш, доктор Б.Болд-Эрдэнэ хичээлтэйгээ холбон маш сонирхолтой өнцгөөс ярьж байсныг мартдаггүй юм.
Тухайн үед ийм өвөрмөц үзэл санаатай өвөрмөц уран бүтээлчийг өвөрмөц өнцгөөс олж харж ярих сэхээтэн ховор байв. Анх энэ философичийн тухай ийн сонсч байлаа. Өмгөөлөгч Ч.Энхээ “Түмний түрэлт” хэмээн уг номыг орчуулсан бол зохиолч Г.Аюурзана тус номын нэрийг “Дорд олонхын бослого” хэмээн орчуулсан нь бий.
Хосе Ортега И Гассетийн үзлээр “Олонх (mass) нийгмийг удирдаж эхлэх үед соёл, оюун санаа доройтдог.” Энэхүү номонд товчхондоо олон нийт хийгээд “дорд олонх” яаж даварч болдгийг ил болоод далд санаагаар өгүүлсэн нь буй. Нийгэм зөв ажиллахын тулд цөөнх гэгддэг сэхээтнүүд хоёргүй сэтгэлээр олон нийтийг удирдаж, олонх дагах ёстой гэж тэрээр үздэг. “Соёл иргэншил дунджуудын гарт орвол устах аюултай” талаар ч өгүүлсэн нь бий. Даварсаар даварсаар Дагвын орон дээр гэдэг шиг орчин үед олон нийт бүхий л талбарт ялж байна.
Шинэ дээрээ соньхон гэдэг шиг 1990-ээд оны сүүл үед ардчилал гэдэг нэршил нэр цэвэр байлаа. Үзэл баримтлал тодорхойгүй учраас ихэнх хүмүүс “эрх чөлөө” хэмээн сэтгэж, эрх чөлөөгөө дураараар дургиж дунд чөмгөөрөө жиргэх гэж буруу ойлгоод он удав. Хариуцлагын тухай бүгд мартав. Тийн бүтээсэн нийгэм нь ундуй сундуй. Ихэнх зүйл тодорхойгүй. Олон нийт гэдэг аливаа зүйлийг тодорхой болгож чаддаггүй, оюун санааны хяналтгүй хөөрөл нь “эрүүл” шийдвэр гаргахад нь саад болдог. Нөгөөтэйгүүр “тодорхой” болгоход эрдэм мэдлэг, боловсрол, туршлага хэрэг болдог.
Сэхээтнүүдийн ялгаа нь үзэл баримтлал, онол, зарчмыг “тодорхой” болгохын төлөө зүтгэдэг. Гуя дагаж хүзүү гэгчээр ардчиллыг дагаж болсон болоогүй олон “бэлэг” ирсэн. Ардчиллыг ашиглаж нэрд гарч төрд бүгсэн олон хүмүүс хумсаа нууж явсныг одоо л ихэнх нь эхнээсээ ойлгож эхэлж байна. Магадгүй тэд ардчиллын үзэл баримтлал биш, зүгээр л “ардчилал” гэдэг сайхан үгээр хоосон лоозон хийж олныг самууруулж самраад дуусах дөхөв.
Гэхдээ тэд хөлөг онгоцыг зөв залуурдаж байгаа юу, ахмад яг ажлаа хийж чадаж байгаа юу? гэдэг хамгийн том асуулт. Биднийг түмэн олон хаашаа аваачиж байна вэ? гэж асуувал хаашаа явж байгаагаа ч мэдэхгүй байгаа нь хамгийн эмгэнэлтэй, харуусалтай. Энэ тэдний хамгийн гол сэтгэлгээний онцлог. “Би чадна” сэтгэлгээ. Гэхдээ чаддаггүй. Олон нийт хоосон ам шалдан гуяараа алдартай. Тэд сонин дээрээ соохолзоно, сониноо буурахаар гоохолзоно. Хөлгийн ахмад байхаар хараахан төлөвшөөгүй, бэлтгэгдээгүй.
Эл номын агуулга үе үе бодогддог байсан ч арай ч үгүй байлгүй, арай ч үгүй байлгүй гэж явсаар нэг л мэдэхэд манайхан дунджуудад эзлэгдэж боорлогдсон нь өнөөгийн төрх. Олон нийт, дунджуудын тухай уяран хайлмаар үлгэр, домог зохион хөөргөж, тэдний тухай уянгын халил хэрээс хэтэрч, тэдэнгүй бол улс орон уруудан доройтож балран сөнөх маягтай магтаал сургаал хаа сайгүй эрээлжлэнэ, тэд нэгэнт газар авчээ.
Угтаа сэхээтнүүд нь сэхээтэн шиг олон нийт нь олон нийт шиг аль алиных нь тун таарч байж нийгэм зөв хөгжинө. Гэтэл манайд хэт туйлширч олон нийтийг бараг орой дээрээ залах шахсанаар уруудав, буруудав.

ХОЁР. СЭХЭЭТНИЙ ӨВ
Эрдэм бүтээл, нас хоёрыг тэгш болго
Элдэв зовлонд тэсч бүтээлийг туйлд хүргэ.
Сүмбэ хамба Ишбалжир
Монгол сэхээтнүүд улам л залхуу, аминч, зориггүй болсоор. Үнэнийг хэлэх, таниулах, сурталчлах, бурууг сэрэмжлүүлэх сэхээтнүүдийн үндсэн үүрэг. Юм бүхэнд буруу харж, даруу царайлж олон нийтийн хойгуур орсоор тэдний дүр улам бүдгэрэв.
Өв үлдээх тал дээрээ бүүр хойрго. Бид ардын аман зохиол, аман ярианы уламжлалтай хэмээх зальжин үгээр бамбай хийж ихэнх нь бичгийн өв үлдээхээс хойш суудаг, яриад л байна яриад л байна. Сууж, судалж, зовж шаналж, эрж хайж бичгийн өв үлдээдэггүй. Аман ярианы уламжлалаасаа арай өөрөөр сэтгэх цаг болсон. Тэгдэггүй.
Монголын их сэтгэгч Сүмбэ хамба Ишбалжир (1704-1788) монгол сэхээтнүүдийг алмай залхуу бүү байгаасай хэмээн санаа чилээж захьсан болов уу гэмээр нэгэн чухаг сургаал бий.
“Ном буяны үйлд өдөр шөнөгүй зүтгэн
Ноцсон гал толгой дээр буусан мэт шамд
Бие гэгч гучин зургаан зүйл буртгийн тулам
Гэвч бэртэгчлэн хайрлалгүй эрдмийн төлөө түүнийг талхи
Эрдэм бүтээл, нас хоёрыг тэгш болго
Элдэв зовлонд тэсч бүтээлийг туйлд хүргэ”.
Бичгийн өв үлдээх, бичгийн соёл ямар чухал талаар Доктор Дангаасүрэнгийн Энхбат “Бид аман ярианы "соёлтой" хүмүүс... Харин бусад улсууд маш их бичдэг. Боловсрол бол бичих гээд тэд ойлгочихсон байдаг. Товчоор, тэд бичгийн "соёл"-той хүмүүс. Бичдэггүй учир бид оюуны хуримтлал бага үүсгэдэг. Хуримтлал бага үүсгэдэг учир хэчнээн ухаантай хүмүүс байгаад ч хөгжлийн хүч үүсгэхдээ муу.
Гадныхан ... яагаад цаасанд дарагдаж, цаас яагаад тийм чухал байдаг вэ? Яагаад гэвэл тэд ажлаа системчилдэг. Харин системийг заавал бичиж ажиллуулдаг. Системчилсэн ажлыг тасралтгүй сайжруулж, туршлагыг хуримтлуулж, өвлүүлж болдог. Аман яриаг тэгэх боломжгүй. Бичгийн соёлын хүч чухам үүндээ. Боловсрол бол бичих чадвар юм.” хэмээн маш чухал санааг логиктойгоор бичсэн нь бий. Даанч манайхан авч хэлэлцэх нь тун цөөн.
Монгол сэхээтнүүд өв бүтээлээ үлдээх гэж гүрийхээс гадна системчилдэггүй. Системийн түвшинд ажилладаггүй. Ихэнх нь хувиа бодож довоо шарлуулах гэж чичирдэг, энэ нь системээ доголдуулдаг. Өнгөрсөн зуунд Б.Ринчен, Ц.Дамдинсүрэн тэргүүтэй эрдэмтэд системийн түвшинд сэтгэж туурвин бүтээсэн. Монгол судлалын хүрээлэнгээс сүүлийн үед өнгөрсөн зуунд МУИС-д багшилж байсан тэргүүлэх сэхээтнүүдийн бүтээлийг хэвлэн түгээж байгаа.
Энэ төслийг санаачлан хэрэгжүүлж яваа эрдэмтэн, судлаачид харин нэг зүйлийг маш сайн ажиглаж байгаа гэж найднам, тэр нь бид цаашдаа системээ бүхэлд нь харах тухай. Цаашдын системээ боловсруулахад өнгөрсөн хугацаанд туурвиж үлдээсэн сэхээтнүүдийн бүтээлийн өгөгдөлд дүн шинжилгээ хийх. Тэд энэхүү төслөө дүүргэх үедээ дүгнэж нэг яриа хийвэл заавал сонсохсон гэж анаж сууна. Маш сонирхолтой дүгнэлт гарна.
Тухайн үеийн сэхээтнүүд ямар агуулга бүхий, ямар форматтай ямархуу өв үлдээсэн стстистик сонирхол татаж байгаа. Монгол сэхээтнүүд дунджаар таван боть л үлдээдэг. 20 дугаар зуун бол орчин цагийн монголчуудын эрдэм мэдлэгээ цэгцэлсэн онцгой зуун байсан. Гэхдээ таван боть 21 дүгээр зуунд хангалтгүй. Бид системээ цэгцэлж шинээр харах цаг тулгарсан.
Өнгөрсөн намар Энэтхэгийн нэрт эрдэмтэн, доктор Локеш Чандра гуайнд очиж сэхээтэн хүн яаж өв үлдээдэг талаар хараад бахдан гайхаж билээ. Манай гэр бүлийг очиход эдлэн газартаа, ажлынхаа өрөөнд номоо бичсээр сууж байлаа. Доктор Локеш Чандра бол аавынхаа үлдээсэн өв болон түүний сургаал, системийн залгамж халаа. Аав нь Рагу Вира гэж нэртэй судлаач байсан. Манай сэхээтнүүд сууж сурахгүй бол, өв үлдээх талаар бодохгүй бол арай л залхуу байна даа гэх бодол өөрийн эрхгүй төрж байсныг нуух юун. Тэрээр энэ жил 99 нас хүрч байгаа ба нийт 600 гаруй ном бичсэн.

ГУРАВ. СЭХЭЭТНИЙ МӨН ЧАНАР
Хонгилын үзүүрт сэхээтнүүд алга, тэд хаачив!
Сэхээтэн хүн гэдэг хамгийн энгийнээр аливаа ухагдахууныг ялгаж салгаж ойлгох чадвартан. Үнэн худал, буруу зөв, сайн мууг ялгаж чадах чадвар гэдэг хамгийн чухал үнэт зүйл. Ялгах чадвартан цөөн учраас энэ нийгэм холион бантан болсон. Үнэн, худал, зөв, бурууг ялгах чадвараа ихэнх нь алдсан.
Оюунлаг, боловсролтой хүмүүсийн давхарга гэгддэг сэхээтнүүдийн дархлаа өнөө үед сул болсон. Хувиа борлуулж довоо шарлуулж амьдарч байгаа бол яавч сэхээтэн биш! Тэд үзэл санаа дэвшүүлж, нийгмийг шүүмжилж, шинэ санаа боловсруулж, мэдлэг бүтээж, шийдэл санал болгон хүмүүсийн сэтгэлгээг өөрчилж, зөв чигт залж олон нийтийг чиглүүлдэг. Олон нийтийг оюун санааны хувьд түвшин ахихад замчилдаг.
Сэхээтэн хүн үзэл бодлынхоо төлөө тууштай зүтгэдэг. Нийгмийг зөв гольдролоор явуулахад сэтгэлгээний инженерчлэлийн түвшинд гарц зааж, үлгэр дуурайл болох хүн. Хөгжил дэвшлийг залуурдагч, оролцогч, заагч. Нийтийн сайн сайхан, улс орны эрх ашгийн төлөө байж мэдлэг, ёс зүй, зарчмын тал дээрээ үлгэр жишээч.
Жинхэнэ сэхээтнүүд өөртөө өндөр шаардлага тавьдаг, бүтээлч, хариуцлагатай. Мэргэжилдээ эзэн байж соёл, шинжлэх ухааныг хөгжүүлэх талаар зүтгэдэг. Тэд хариуцлага үүрэх чадвартай, ухамсартай байдаг бол олон нийт өөртөө шаардлага тавих битгий хэл үйлдэл бүхэн нь шахуу хариуцлагагүй байх ба хариуцлага бүрээс сүүлээ хавчин зугтаж амьдардаг. Ийм ялгаатай. Хариуцлагаас зугтаадаг олон нийт, дорд олонхын төлөөлөл болж төрд үүрлэсэн олон хүмүүсийг бид мэднэ.
Дундаж хүний бусдаас ялгарах онцлог нь хариуцлагагүй байх. Хариуцлагаас зайлсхийх тал дээрээ мэргэжлийн. Хувь хүнийхээ хувьд өөртөө мөн гэр бүлдээ цаашлаад нийгэмдээ ямар ч хариуцлагагүй ханддаг. Хэн нэгний хариуцлагагүй сонголтыг хариуцлагатайчууд нь үүрдэг цаг үе ирсэн, энэ шударга, ардчилсан нийгэм мөн үү? Яагаад хариуцлагатай хүмүүс нь хохирч, хариуцлагагүй хүмүүс нь хождог нийгэм зөв байх ёстой гэж! Өөрчлөх учиртай!
Дунджууд хийгээд дорд олонхид гүнзгий мэдлэг, боловсрол, соёл шаардлагагүй, бусдынхаа төлөөлөл гэж өөрсдийгөө үзэн бэлэн мэдлэг, соёлын үр шимийг хэрэглэдэг. Дундаж, олон нийт, сайн дурын уран сайханчдыг тахин шүтсэнээр мэргэжлийн бус хүмүүс шийдвэр гаргаж, нийгмийн хөгжил улам уруудна.
“Сүргийн манлай” нөлөөлөгчид ихэсч оюун санаагаар манлайлах сэхээтнүүд дутагдаж, сэхээтний давхарга үгүйлэгдэж байна. Сэхээтний дүр эсгэсэн бэртэгчин сэхээтнүүд шуналд идэгдэж намуудын халаасанд орцгоосон. Сэхээтнийг таних нэг арга нь шунал. Шуналд идэгдэж байгаа бол эхнээсээ сэхээтэн биш байсан гэсэн үг.
Манайд улс орныхоо төлөө нэгэн биеийн жаргалыг хойш тавиад золиос хийж байгаа хүмүүс маш цөөн. Харин өөрийнхөө алгын чинээ эрх ашгийг бүхний дээр тавьдаг хүмүүс олон. Ийм үед сэхээтэн гэж ярих учир дутагдалтай.
Сэхээтэн хүний гол ялгаа бол хувийн эрх ашгаа нэгт тавьдаггүй, ямагт улс орны эрх ашиг нэгт байж нийтийн эрх ашгийн төлөө байж, хар амиа хоохойлолгүй зөв зүйлийн төлөө золиос гаргах зоригтой байх.
Нийгмийн өөрчлөлтийн үед тэргүүлэгч сэхээтнүүд үнэгүйдэн гадуурхагдаж, сэхээтний давхарга золиослогдон, оюун санааны үнэт зүйлс, мэдлэг боловсролын үнэ цэнэ буурч, энэ давхаргын нөлөөлөл суларсан. Улсын хөгжил, иргэдийн соён гэгээрлийн төлөө шаналдаг сэхээтнүүд цөөрч, ийм оролцоо багассанаас болж оюуны хоосрол газар авав.
Жанжин шугам барьдаг, чиглүүлдэг хүмүүс нь чигээ алдвал бүх зүйл нуран унана. Оюун санааны эмх замбараагүй байдал газар авч муу хүн чөлөөнөөр чоно борооноор гэгчээр цөөвөр чононууд ихсэв. Үзэл бодол тогтоогүй олон нийтээр хэн дуртай нь даажигнаж байна.
Монголын өнөөгийн нийгэм бол дундаж болоод дорд олонхид эзлэгдсэн нийгэм учраас ямар ч шийдвэр гарсан тэр нь ажил болдоггүй, ажил урж цаг хугацаа, хөрөнгө мөнгө үрсний хариуцлагыг хэн ч үүрдэггүй, хариуцлага хүлээлгэдэггүй учраас хэн дуртай нь энэ талбарт дураараа дургидаг салбар болсон. Сэхээтнүүдийн оролцоо үгүйлэгдсээр.
Мэдлэг, чадвараас илүү эд мөнгө, эрх мэдэл урьтал болж оюуны үнэ цэнэ унаж, мэдлэгтэн бус харин заль мэхтнүүд давамгайлах нөхцөл бүрдэж нийгмийн тэнцвэр алдагдсаар.
Сэхээтнүүдээ хүлээж найдвар тээсэн олон хүмүүс хүлээнэ. Гэвч тэд сураггүй. 19 дүгээр зууны үеийн төмөр замын хонгилийн ажлаас үүдэлтэй “Хонгилын үзүүрт гэрэл” (Light at the end of the tunnel) хэмээх хэлцээр жишээ татъя. 1830-аад оноос шууд утгаар хэрэглэгдэж байснаа 1870-аад оноос улс төр, нийгмийн хүрээний хэрэглээнд орсон энэ хэлцээр холбон сануулъя!

ДӨРӨВ. СЭХЭЭТНИЙ ДАРХЛАА БА ОЛНЫ ГАДУУРХАЛТ
Эртээ урьдын цагт амар сайхандаа жаргажээ.
Олон нийтэд шахагдаж байна аа гэдэг сэхээтний дархлаа суларсны шинж. Дунджуудын мөрөөдөл бол сэхээтнүүдийг хавчин шахаж гаргаад өөрсдөө тайзан дээр алиа салбадайн ажил хийх. Манайд хөгжиж буй ардчиллын гажуудсан тогтолцоо нь сэхээтнүүдийг шахаж тэднээр доог тохуу хийн үнэгүйдүүлдэг тогтолцоо. Тэд тэнэг биш учраас доромжлуулан доромжлуулан шигдээд байхыг хүсдэггүй. Нэг тэснэ, хоёр тэснэ, гурав тэснэ тэгээд ихэнх нь дайжаад явчихдаг.
Перс–Ойрхи Дорнодын Сүфийн уламжлалт “Солиотны согтоол” (Water of Madness) нэрт нэгэн сургаалт үлгэр бий. Үлгэрт Хидр хэмээх нууцлаг бошиглогч, гэгээнтэн “Удалгүй дэлхий дээрх бүх ус алга болж, өөр ус гарч ирнэ. Тэр шинэ ус та нарыг галзууруулна. Өөрсдийгөө аврахын тулд одоо байгаа усыг хадгалж, нөөцлөөрэй” хэмээн захьдаг.
Гэвч зөвхөн нэг хүн л түүний үгийг сонсов. Тэр хүн даруйхан бүх боломжит усыг цуглуулж эхлэв. Гол мөрөн, горхи, нуур, хүрхрээ, цөөрөм гээд хаа сайгүй явж ус хураажээ. Сав суулга, лонх, торх, хувин гээд юу байгаагаар бүх усыг цуглуулж, нууц агуйд хадгалсан бөгөөд энэ тухайгаа хэнд ч хэлдэггүй.
Удалгүй Хидрийн хэлснээр горхи, худаг ширгэж, нуур хатаж, хүрхрээ тасарчээ. Хаа сайгүй усгүй болов.
Хидрийн үгийг хэрэгжүүлэгч нөгөө эр нууцаар агуйдаа орж, хадгалсан усаа ууж эхлэв. Тэр агуйдаа сууж, шинэ ус хэзээ ирэхийг тэнгэр ширтэн хүлээжээ. Удалгүй шинэ ус ирж, нуур, гол, худгууд дахин усаар дүүрэв. Хүрхрээ шуугин асгарч, урьд нь ус байсан газар бүр дахин усаар дүүрчээ. Хүмүүс баярлан ууж гарав. Агуйд байсан хүн бүх зүйл хэвийн болсон гэж бодоод гарч иртэл бүгд галзуурчихсан байгааг олж мэддэг.
Хамгийн аймшигтай нь тэд ганцхан үлдсэн эрүүл хүнээ галзуу хэмээн чичилцгээдэг. Эрүүл хүн тэдний хашгираан, заналхийлэл, хавчин гадуурхах мэдрэмжийг тэсэлгүй ганцаардаж цөхрөөд эцэст нь өнөөх уснаас уугаад тэдний “сүрэг”-т нэгддэг ба солиотнууд түүнд “эрүүл” болсонд баяр хүргэе хэмээн даажигнадаг.
Үнэнрүү тэмүүлэгч, үнэнийг барин хадгалагч, түгээхийг эрмэлзэгч ямар ч үед байнга эсэргүүцэлтэй тулгардгийн тохуурхалтай жишээ энэ буюу. Олонхын шийдвэр бүхэн зөв биш. Цөөн хэдэн сэхээтнүүдийнхээ үнэн үг, ховор мэдлэгийг хэн дуртай нь алиа марзан үгсээр үнэ цэнэгүй болгож өөрсдийн сүрэгт нэгтгэхийг хүсдэг. Бид тамын тогооны үлгэр мэт болсон.
Сэхээтнүүдээ бид “Тэд эртээ урьдын цагт амар сайхандаа жаргажээ” гэж хэлэхэд харамсмаар. Харамсалтай нь тэдний ихэнх нь ичээндээ ороод “амар сайхандаа жаргажээ”. Хэлгүй мэт, дүлий мэт, “сохрын газар сохор, доголонгийн газар доголон” гэх бэртэгчин хэлцээ амандаа үглэсээр дуугүйн мананд алсран ууссаар.
Дундаж олонхийн боловсрол, соён гэгээрэлд анхаарахгүй бол эдгээр хүмүүсийн санал, тэдний сонголт хариуцлагатай амьдрах гэж хичээж, зүтгэж яваа хүмүүсийг балладаг боллоо. Ёс зүйтэй, хариуцлагатай амьдрахын төлөө нэг хэсэг нь бүхнээ зориулж байхад ёс зүй, хариуцлагыг уландаа гишгэгсэд нийгэмд нийтээр нь гай тарьж байна.
Ирээдүй хойч үе жинхэнэ сэхээтнүүдээ үгүйлэн хүлээсээр. Сэхээтний давхарга буюу улс орныхоо хөгжил дэвшлийн төлөө санаа чилээж боловсрол, эрдэм мэдлэгээ нэгэн үзүүрт сэтгэлээр зориулах хүмүүс улам бүр цөөрсөөр, хувиа бодож довоо шарлуулагсад олширсоор. Оюуны хоосрол, нийгмийн доройтол үргэлжилж оюун сэхээ, нийгмийн зөв хөгжил үгүйлэгдсээр...
Луваанжалбын Батнасан
БНЭнэтхэг улс. Дели хот.
2026 оны 04 сар