Арслангийн хувьд амьдрал бол жүжгийн тайз юм. Тэр ямагт гол дүрд тоглох дуртай. Дэлхийг удирдах ёстой. Амьдралд уран бүтээлчээр ханддаг тул гоц гойд бодол санаа түүнд дандаа төрдөг. Түүнд хүмүүстэй нягт холбоо харьцаатай байдаг зохион байгуулах, олон нийтийн зэрэг ажлууд зохино. Тийм болохоор театр бол түүний дуртай үйл ажиллагаа юм. Тэр маш сайн жүжигчин, найруулагч болно. Урлаг, оюун ухааны үйл ажиллагаа зэрэгт бие дааж, эрх дураараа, өөртөө зориулж ажиллавал илүү тохиромжтой.
Арслан захирагдах дургүй, аливаа зүйлд тэргүүлэгч байхыг хүсдэг, өөрөө бүгдийг хариуцах дуртай. Захиргааны ажилд чадварлаг. Энэ ордны хүмүүс гарамгай улс төрч, дипломатч, захирал, ерөнхийлөгч нар болно. Их хэмжээний цалинтай байх дуртай. Бүх ордоос ганцхан Арслан маш том амжилтанд хүрдэг бас аймшгийн сүйрэлд ч ордог хүн.
Арслан ихэвчлэн хэт их ачаалалд гомдолдог. Үүнд нь нэг их анхаарах хэрэггүй, учир нь тэр өөрөө хариуцлагын ачаалалд дуртай. Ачаалалаас нь чөлөөлөөд, туслалцаагаа санал болгоод үз тэгвэл тэр татгалзана. Ялангуяа санхүүгийн тусламжинд дургүй. Тэгсэн хэдий ч мөнгөтэй хайхрамжгүй харьцдаг. Жинхэнэ Арслангууд бол мөрийтэй тоглоомонд маш их дуртай. Зугаа Цэнгэл, найр наадамд мөнгө их зарцуулдаг. Бүр хэрэгтэй хэмжээний мөнгө нь байхгүй ч дандаа зээл өгдөг. Өрөө дарахдаа дахиж зээлдэг, Арсланд мөнгө байхгүй байна гэж хэзээ ч байдаггүй.
Тэд ямагт тодорхой зорилготой, сонгосон замаас нь холдуулах маш хэцүү. Тэд их эрчтэй боловч хааяа залхуурах дуртай, буйдан дээрээ хэвтэж юү ч хийхгүй байх сайхан.
Шууд шийдвэр гаргаж чаддаггүй тул Жинлүүр мэргэжлээ сонгоход амаргүй. Түүнд олон боломж, олон саналууд байдаг. Үүнийг сонголтоо хийхэд нь битгий яаруул. Хэрэгтэй зүйлээ ойлгохын тулд эрч хүч болон цаг хугацаа их зарцуулдаг улмаар амархан ядардаг. Түүнд туслах хэрэгтэй, гэхдээ их эелдгээр. Урт удаан, шаргуу, их ажиллах чадвартай боловч харин дараа залхуу нь хүрч амархан ядардаг. Идэвхтэй үеээ амралттайгаа ээлжлэх хэрэгтэй гэдгээ тэр сайн мэдэрдэг. Хамт олны дунд сайн ажилладаг, бусадтай эв дүйтэй харьцдаг. Гэхдээ эргэн тойрны байдал түүнд маш их нөлөөлдөг. Эгэл жирийн эвдүйгүй, бохир, хийрхэг байдлыг тэвчдэггүй. Ийм байдалд байснаараа их зовж шаналдаг. Удирдах чадвартай, тушаал өгөхдөө хөнгөн, албаддаггүи. Хариуцлагатай, ажил хэргийн сайн чанаруудтай.
Жинлүүр бусдын бодол санаагаар гүйцэтгэхийг шаардсан ажлыг маш сайн хийдэг. Ажлын сүүлчийн зураасыг хийх нь түүнд илүү сайн тохирдог. Юүг ч засч, сайжруулж чадна. Хэрэгтэй мөч цаг хугацааны мэдрэмж нь гайхалтай сайн. Гэхдээ бусдын санааг сайжруулснаар сонирхогч болох аюултай.
Мэдлэгийг их өндрөөр үнэлдэг, төрөл бүрийн мэдээлэл, мэдээ баримт цуглуулах хандлагатай. Түүнээс аливаа зүйлийг нуухыг тэр тэвчдэггүй.
Хэцүү, бэрх, хүнд ажлаас тэр айж эмээдэг, ажлаасаа шууд ухарч, хойшоо болдог.
Энэ ордод олон зураач, жүжигчид төрсөн юм. Гоо үзэсгэлэн, зохицол, хөг аялгуу зэрэг нь түүний амьдралд маш том үүрэг гүйцэтгэдэг. Мөн эдгээрийн дунд олон дипломатч, хуульч, өмгөөлөгч, эрх зүйч нар бий.
Мөнгөтэй их болгоомжтой харьцдаг, төсөвөө бодож чаддаг, ингэснээр мөнгөний боол болдоггүй. Тооцоогоо шалгах, өрөө нэхэх, цалингаа нэмүүлэхийг шаардах зэрэг нь түүний занд байдаггүй.
Жинлүүрт тохирох илүү сайн үйл ажиллагааны хүрээ бол - зугаа цэнгэл болон моод. Тэр маш гайхалтай загвар зохион бүтээгч, чимэглэгч, урлагийн эд зүйлсийн худалдагч, эртний эд зүйлс цуглуулагч, шоу - бизнесийн ажилтан мөн шүүгч, өмгөөлөгч болж чадна.
Загас нь бусдын шатсан газар амжилт олж өөрийнх нь шатсан газар бусад хүмүүс амжилт олж байдаг хачирхалтай шинж чанартай байдаг. Энэ нь зүй зохисоор бус зөн совингоороо ажилд ханддагт байгаа юм. Тэд ажил амьдралаа өөрийн дураар зохицуулна.
Загас дуртай ажил мэргэжилээ сонгох нь маш чухал. Яагаад гэвэл энэ ажилдаа үхтэлээ үнэнчээр зүтгэх болно. Тэд ухаантай, ажилсаг, нямбай, үнэнч, замбараатай, гүйцэтгэлтэй ажилладаг.
Тэрээр тухайн нөхцөл байдлыг оновчтой тусган авч саад бэрхшээлийг ямар нэгэн тэмцэлгүй зөвхөн зөөлнөөр хажуу тийш түлхэн даван гарна. Орчин тойрондоо хурдан тохирч чаддаг. /адаптация/ Бусдыг дарангуйлах, сүр хүчийг үзүүлэх дургүй.
Энэ ордыхон урлагийн салбарт ихээхэн амжилт олдог. Тэдний дундаас гайхамшигтай хөгжмийн зохиолч зураач, жүжигчин, найруулагч нар төрдөг.
Тэд төрөлхийн ямар нэгэн ер бусын зүйл рүү татагддаг бөгөөд одон орон судлал, йог, алганы зураасаар мэргэлэх/хиромантия/ г.м. нууцлагдмал сайн судлагдаагүй салбарыг сонирходог. Түүнчлэн Загаснуудын дундаас маш хүчтэй хутагт хувилгаад болон уламжилалт анагаах ухааны эмч нар төрдөг байна.
Бусад ордоос илүүтэй Загасны ордод бас луйварчин, гол гаргагч нар төрдөг гэнэ.
Ажил мэргэжлийн тал дээр Матрууд хоёр эсрэг янз байдаг. Энэхүү хуваагдал нь бага наснаас нь бий болдог.
Эхний янз нь бүр гурваас таван настайдаа юу хүсч байгаагаа, юунд тэмүүлэх ёстойгоо маш сайн мэддэг, тодорхой зорилгодоо хүчээ зориулан хурдан том болдог.
Дараагийн янз нь хэзээ ч юунд ч шийдвэр гаргаж чаддаггүй, шийдвэр гаргахаа тодорхой бус хугацаанд хойшлуулдаг. Эдгээр хүмүүс нь хүч тэнхээ гаргах чадваргүй. Энэхүү хүүхдэрхүү байдал нь бусдыг ашиглан амьдрахад хүргэдэг. Том болох нь удаан, бараг дөчин нас хүртлээ эцэг эхтэйгээ амьдардаг мөн тэд гээрээсээ бүрэн харъяат болдог.
Эхний Матрууд илүү олон тааралддаг. Гэхдээ ажлаа эхлэхээсээ өмнө энэ Матар нь ч эхэндээ уддаг. Хэдэн цагаар дараалан ажиллаж чадна, бүр хоол, амралтаа умартана. Нэг хэвийн хэцүү ажил ч түүнд ядаргаатай санагддаггүй. Энэ ордны хүмүүсийг " ажилчин морь" гэж нэрлэдэг юм.
Түүнд гоц гойд шинэ санаа байхгүй ч байж болно, гэхдээ өөр сайхан чанарууд бий: нягт нямбай, тэсвэр, тэвчээр, уйгагүй. Нийтийн санаа бодлыг үнэлдэг, ёс заншлыг баримталдаг.
Тэр удирдлагаа хүндэтгэдэг ч зайтай байхыг эрхэмлэдэг. Ажилчидтайгаа түвшин харьцдаг, өөрийгөө хүндлүүлж чаддаг харин тэдгээр нь түүнд итгэх нь ховор.
Ганцаараа ажиллах нь түүнд илүү тохиромжтой. Түүний хамт олонч байх мэдрэмж нь сул хөгжсөн тул бүх ажлаа өөрөө хийхийг эрхэмлэдэг. Өөрийн буулт хийдэггүй зангаасаа болж бусадтай эвтэй харьцахад түүнд хэцүү байдаг. Хөндлөнгийн шуугиан, хүмүүсийн харьцаа, саатуулах хэрэггүй яриа зэрэг нь Матарт саад болдог. Өөрийн офис өрөөнд эсвэл хотоос зайдуу цэвэр агаарт ажиллах нь түүнд илүү тохиромжтой.
Уран дархны болон техникийн ажилд маш сайн, санхүүгийн үйл ажиллагаанд зөв хандлагатай, энэ ордод олон бизнесменүүд төрсөн. Агрономич, фермчин, малчин, замчин, барилгачин, архитектор, механик, цахилгааны инженер, худаг ухагч, газар зүйч, конструктор, математикч, нийгмийн ухаан судлаач,-улс төрч, гүн ухаанч, эрхлэгч, эм найруулагч, хуучны ховор юм худалдагч, цаг засварчин, хуульч зэрэг мэргэжлүүд нь түүнд их тохиромжтой.
Матар нь ажилдаа үнэнч ба ажлаа солих нь ховор, өөрийн үйл ажлаараа амжилтанд хүрэх нь түүнд чухал. Ер нь бол түүнийг өндрөөр үнэлдэг учир нь тэр сольшгүй ажилтан болдог.
Ихэнхи Мэлхий өвөг дээдсийнхээ үйл хэргийг залгамжилдаг боловч эсэргүүцлээ илэрхийлж тэс өөр мэргэжил сонгох нь ч бий. Хурдан нас бие гүйцэж том хүн болохыг яардаггүй. Хувь тавилангаа хүлээн суудаг.
Тэд ажилдаа үнэнч, найдвартай, шинэ зүйлд дургүй, ажлын нөхцлүүдийг сайн баримталдаг. Нямбай. Ажилсаг. Оуюн ухаан ба ой тогтоол нь маш сайн. Ажил сонгохдоо өөрт таалагдсан бол түүндээ байнга сэтгэл хангалуун байдаг.
Энэ ордны хүмүүс ажилдаа ухамсартай, шаргуу, дуулгавартай ханддаг ба оуюн ухааны онц шаардлагагүй хэвшмэл буюу нэг янзын ажил хөдөлмөр ихээхэн тохиромжтой. Түүнд иймэрхүү ажил таалагддаг шалтгаан нь өөрт хэрэгтэй ямар нэгэн юмны тухай бодох цаг гардагт юм. Ямарч ажлыг хийж байхдаа хөнгөвчлөх аргыг тэр олно.
Мэлхийний хүч хөдөлмөрийг сорж болно. Тэр өөрийгөө үнэлж чаддаггүй, хийснийхээ хирээр цалингаа нэмүүлэх гэж зүтгэдэггүй.
Гэрээр маш сайхан хоол хийж чадах бөгөөд хүнсний үйлдвэрлэлд амжилттай ажиллах бололцоотой. Уран зураач, дизайнер, интерьер зохиогч г.м. мэргэжилтэй хүмүүс төрөхөөс гадна зоопарк, циркийн ажилтан, амьтан сургагч, зоогийн газрын эзэн, ой хамгаалагч зэрэг олон ажил мэргэжилд тохирдог. Түүнчлэн Мэлхий нь хүүхдүүдтэй ажилладаг мэргэжилд ихээхэн авъяслаг бөгөөд сайн багш, сурган хүмүүжүүлэгч, сэтгэл зүйч, асрагч, эх баригч болох нь олонтаа.
Энэ ордыхон дотор ажил хийх дургүй, цагаандаа гарсан тоглоомчин, архичин, дэмий сэлгүүцэгчид бас бий.
Нум нь залуу наснаасаа өөрийн боломж бололцоогоо хэт үнэлдэг хүн. Эхэндээ тэр сэтгэл өндөр байдаг. Амьдралынхаа турш нэгэн хэвийн, эгэл жирийн ажил хийнэ гэж төсөөлж чаддаггүй. Сонирхолтой, нийтэд чухал ажлыг хийх хүсэлтэй. Эрч хүчтэй, идэвхтэй, ажилдаа том амжилтанд хүрдэг.
Нум байнга сурахыг мөн шинэ зүйлийг танихыг хүсдэг. Хамгийн гарамгай гүн ухаанчид энэ ордод төрсөн. Энэ бол дэвшилтэт үзэл бодолтой хүмүүс.
Нумд удирдах ажил илүү зохимжтой. Хэтэрхий хэцүү ажилд тохирохгүй. Ажлаа солих дургүй, ер нь сонгосон ажлаасаа л барина. Дуртай ажилдаа урамтай ханддаг.
Нум - эмэгтэй нь ажил албандаа эрэгтэйчүүдтэй мөр зэрэгцэн урагшилдаг мөн өрсөлдөж чадна.
Хамт олны дунд ажиллах нь түүнд илүү тохиромжтой мөн өөрөө ч дуртай. Захиргаатай харьцах харьцаа нь эсвэл хүндэтгэсэн, эсвэл харшилдаантай байдаг.
Бусад ордыг бодвол хөлсний ажилчид ба эмэгтэй эзэд ихэвчлэн энэ ордныхон байдаг.
Нөгөө талаар тэр сайн цалинжих чадваргүй. Азгүйтэх нь их байдаг. Зөвхөн талхны мөнгөө олж амьдралаа барна гэсэн бодол ч бий. Нум нь булхайтай хөзөрчин, дамын наймаачин байж болох талтай.
Түүнд тохь тухтай байдал ихээхэн хэрэгцээтэй. Харин мөнгөний гачаалд ордог нь өөрийн хэт эрх дураараа зангаас эсвэл мөнгөний асуудалд амарлингуй байдгаас болдог.
Нум амьтанд хайртай тул малын эмч эсвэл гүн ухаанч лам, сүмийн ажилтан ба шашны номлогч болдог байна. Гайхамшигтай сайн уран илтгэгч, лектор, нийгмийн зүтгэлтэн, улс төрч болно.
Нумын үйл ажиллагааны хир хэмжээ их өргөн: гарамгай тамирчин, машины болон морины уралдаанч, анчин, ботаникч, химич, инженер, эмч, мужаан, тогооч, сурвалжлагч, орчуулагч, хуульч, шүүгч, зочид буудлын болон казиногийн эзэн, худалдаачин зэрэг болно.
Ажил Охины хувьд - амьдралынх нь ноён нуруу. Тэд гайхалтай сайн ажилтан албан хаагч, маш хөдөлмөрч. Мэргэжлээ сонгохдоо тун хянуур. Бүх насаараа сурч өөрийгөө хөгжүүлдэг. Бүх зүйлийг төгс хийхийг чармайна. Тэд ганцаараа ажиллахыг илүүд үзнэ. Гэхдээ хамт олны дунд мөн муугүй ажиллаж чадна.
Энэ ордыхон ажилгүй удаан сууж чаддаггүй. Олон талын мэдлэгтэй. Мэдлэгийг үнэлдэг, хүндэлдэг. Сонгуульт ажилд маш идэвхтэй ажиллах чадвартай тул өндөр албанд сонгогдох боломжтой.
Ямар нэгэн төсөл, судалгаа шинжилгээний ажилд ажиллах хүсэлтэй. Бичгийн ажилд сайн бөгөөд хянан - найруулагч /редактор/ хийвэл ихээхэн тохирно. Эрүүлээр сэтгэх, нягтлан судлах, цаг тухайд нь гүйцэтгэх чадвараар хэнийг ч дагуулахгүй. Тэд алдаа бараг гаргадаггүй. Хариуцлага хүлээх чадвартай. Дарга нартайгаа төлөв төвшин эелдэг харьцаатай. Доод хүмүүстэйгээ хатуу чанга, хааяа ивээнгүй байдлаар хандана. Тэд даруу төлөв учир ямар нэгэн урамшуулал, шагнал болон тушаал дэвших талаар ам ангайдаггүй.
Охины ордоос сайн эмч, эх баригч, багш, хэл зүйч, нарийн бичиг, сервис ажилтнууд их төрдөг. Хар бор ажлаас ч айдаггүй.
Хайр дурлалаа илчлэхдээ мөн мөнгө зарцуулахдаа хэт өглөгч байдаггүй. Мөнгөний үнэ цэнийг сайн мэддэг тиймээс илүү төлөхөөс үргэлж айдаг. Маргаашийн өдрийг бодон мөнгөө хадгалдаг. Санхүүгийн асуудал дээр хэзээ ч эрсдэлтэй үйлдэл хийдэггүй. Гуйлгачин хүмүүсийг хэзээ ч өрөвддөггүй ч зовлонд асан найз нөхөддөө тусалдаг. Бусдаас тусламж хүлээн авахдаа дургүй. тусгаар амьдрах дуртай. Ганцаараа байх дуртай тул шуугиантай хороололд биш харин хотын захад цэцэрлэгтэй байшинд амьдарвал түүнд тохиромжтой.
Хэр хөршүүдтэйгээ харьцахгүй байхыг хичээдэг. Өөрийн дур сонирхлоо хэнтэй ч хуваалцдаггүй. Ихэнх Охины ордныхон эртний зүйлс цуглуулах дуртай. Амрахаар явбал үнэтэй амралтад биш харин чимээгүйхэн байгальд амрахыг илүү эрхэмлэдэг. Эдгээр хүмүүсийн ихэнх нь аялах дуртай байдаг.
Үхрийн ордыхон багаасаа л амжилт авчирах цалин өндөртэй мэргэжил эзэмшихийг эрмэлздэг. Үхэр мөнгө хоёр үргэлж хамт удаан боловч найдвартай урагшилдаг. Тэд эд баялаг мөнгийг өөртөө татаж байдаг. Үхэр бол банкны билэг тэмдэг. Уйгагүй шургуу бөгөөд эрэмбэ дараатай ажлаа хийдэг нь түүнд амжилт авчирдаг.
Тэдний дундаас санхүүч, бизнесмэн, жүжигчин, хөгжимчин төрөхөөс гадна зохиолч, яруу найрагч, зураач, багш нар ч төрдөг. Ажлаа бараг солидоггүй.
Хамт олон ньтүүнийг хүндэлдэг. Шинэ сонин зүйлд дургүй. Газарт хайртай учир хөдөө аж ахуй, мал аж ахуй, цэцэг жимс тариалах сонирхолтой. Мөн тогооч, хүнсний мэргэжилтэн бий.
Өөрийн ажил хэргээ эхлэхдээ үндэс суурийг нь сайтар тавьдаг. Мөнгөнд дуртай шигээ эрх мэдэлд бас дуртай. Гэхдээ энэ нь сэтгэл ханамжтай байхын тулд юм.
Бодсон санасан зүйлээ хэзээч орхидоггүй зорилгодоо хүрэхийн тулд уйгагүй хөдөлмөрлөдөг. Бусдын зөвлөлгөөг дагах дургүй. Өөрийн эд хөрөнгөөр бахархах дуртай бөгөөд мөнгийг хямгатай зарцуулдаг. Харамч боловч хүсвэл өгөөмөр байж чадна.
Үхэр уран зураг, дуу хөгжимд уярамтгай. Яль шалихгүй зүйлийг тоодоггүй. Түүнд итгэж болно. Тэр шударга ёсыг баримталдаг.
Сайн чанар нь: байгаагаараа байдаг, тайван зан, халуун сэтгэл тэсвэр хатуужил гэхдээ маш зөрүүд.
Ихрийн ордыхон машид авъаслаг. Урлаг, утга зохиол, соёл шинжлэх ухааны ихэнхи салбарын хамгийн олон суутнууд Ихрийн ордод төрсөн байдаг. Ихэнхи нь оюуны хөдөлмөр эрхэлдэг. Сэтгэгдэл, сонирхол нь байнга солигдож байдаг ажилд дуртай.
Бараг бүх Ихэр үг яриа сайтай бодол санаагаа чөлөөтэй илэрхийлж чаддаг тул зохиолч, яруу найрагч болох нь олонтаа. Гадаад хэлийг түвэггүй сурна. Хэрэв өөр юманд анхаарлаа сарниулчихгүй л бол ямарч ажлыг амжуулна. Тэдэнд хурдан шаламгай үйлдэл хийх шаардлагатай оюуны хөдөлмөр маш тохиромжтой. Ихэр асар хурдан шийдвэр гаргаж чадна. Тэрээр шинэ санаа, оновчтой арга зохион бүтээх чадвартай. Шүүмжлэхэд дургүй. Бусад хүмүүсийн салан задгай бохир заваан байдал дургүйг нь хүргэдэг.
Мөн түүнчлэн яриа хөөрөө сайтай тул сүрхий худалдаачин болж чадах бөгөөд техникийн ажилтан, жүжигчин, сэтгүүлч, лам, нарийн бичиг, шүдний эмч болдог. Тайлан, илтгэл, бичиг баримт янзлахдаа сайн. Судалгаа шинжилгээний ажил Ихэрт тун тохиромжтой.
Ихэрт тэвчээр тогтвортой зан маш дутмаг. Өөрийнхөө нэг юмыг хаячихаад өөрөөсөө эрээд эрээд ер олохгүй байгаа юм шиг сэтгэгдэл төрүүлдэг.
уж ыөа
Хилэнц нь шаргуу, ажилсаг, сурах дуртай, ой тогтоол сайтай. Тэр хүч гаргахгүйгээр хүссэндээ хүрч чадна. Түүний хүсэл нь бодит болдог. Энэ нь азтай байхыг илүү санагдуулам. Юм бүхэнд гайхалтай амархан хүрдэг.
Өндөр хөгжсөн оюун ухаан, сэтгэхүй, хүч, зориг шаардсан хэцүү ажлыг маш сайн хийж чадна. Маш сайн мэс засалч, сэтгэл судлаач, уурхайч, далайчин болно. Түүнд физик, хими, техник зэргийн лаборатори дахь судалгаа шинжилгээний ажил бас зохино. Амьдралын утга ухааныг судалдаг гүн ухаанч байх нь ч багагүй.
Энэхүү тэмдэг нь хүч чадлыг билигддэг тул сайн тамирчин болно.
Олон Хилэнцүүд сайн хоолойтой тул эстрад болон дуурийн дуучид болдог.
Хонь нь тушаал дэвшихдээ амжилт олно. Бусад хүмүүс над шиг ингэж ажиллаж чадахгүй гэдэгт итгэлтэй байдаг. Тэд хөдөлмөрч бөгөөд огт залхуурдаггүй. тухайн байдлын голыг нь маш хурдан олдог. Тэд гялалзсан ухаантай боловч ярихаасаа өмнө хийх хэрэгтэй гэдгийг анзаардаггүй. Ихэмсэг зангаа үзүүлэхээ урьтал болгодог.
Энэ ордныхон маш эртнээс мэргэжлээ сонгосон байдаг. Зарим нь бүр дунд сургуульд байхдаа ямар мэргэжилтэй болохоо шийдсэн байдаг. Хонь тэргүүлэгч байх бусдаас бүх юмаараа илүү байхыг хүсч тэмүүлдэг. Хонь хүмүүстэй зөв харьцаж чаддаг түүнчлэн галтай төмөртэй ч адил.
Хонины ордыхонд нэг хэвийн хэвшмэл амьдрал харшилдаг. Тэдэнд өөрчлөлт, хөдөлгөөн, аз туршилт хэрэгтэй. Тэд шинэ зүйл бүхнийг дэмжигч. Хонь удирдагч байх дуртай. Алдартай цэргийн жанжин, хуульч, мэс засалч, уран барималчид түүнчлэн тэд оюуны ихээхэн чадвартай тул зохиолч, сэтгүүлч, эрдэмтэн төрдөг. Тэд маш амжилттай радио, телевиз болон олон нийтийн байгууллагад ажиллаж чадна.
Алдар нэр ба мөнгө хоёрын алийг нь сонгох вэ? гэвэл, тэр алдар нэрийг сонгоно. Хонь мөнгийг олж ч чаддаг зарж ч чаддаг. Хонь бизнест болон урлагт маш их амжилт олж чадах боловч тэвчээргүйгээсээ болж эхэлсэн үйлсдээ тууштай байж чаддаггүй.
Хонины ордыхний дэргэдэх бусад хүмүүс өөрийн хувь хүний онцлогоо харуулахад тун хэцүү. Тэд биелэшгүй бүтэшгүй зүйлийн төлөө их хөөцөлддөг. Шинэ сонин санаа болгон хонины ордыхноос гардаг. Тэд зохион бүтээх чадвартай бөгөөд өөрийн гэсэн зам харгуй гаргахыг хүсдэг. Хонь голчлон хошигнол маягаар ярих дуртай тэд хурдан уурлаж уцаарладаг боловч мөн хурдан гомдлоо мартдаг. Хэрэв өөрийн буруугаас бусдыг гомдоосон бол дайсныхаа өмнө хүртэл уучлалт гуйж чадна.
Тэд зөвхөн өнөөдрөөр амьдрана. Өнгөрсөн үед гарсан алдаа оноог огт тоохгүй. Хонь өөрийн ялагдлаа хүлээн зөвшөөрөх дургүйгээр барахгүй олж харахыг ч хүсдэггүй. Тэдэнд тухайн цаг тухайн минут л чухал. Тэдний хувьд саарал өнгө гэж байхгүй, эсвэл хар эсвэл цагаан л гэж байдаг. Хонь - туйлшрагчид.
Хонины хэт их энерги нь туйлдаадаг боловч хэрэв хүсвэл бас тайван байж чадна. Тэд гараа хумхиад зүгээр суугаад амжилт олохыг огт санаархдаггүй.
Хонь ихээхэн уудам сэтгэлтэй бусдад бэлэг өгөх сайн сайхныг хүртээх дуртай бөгөөд түүнийхээ хариуг нэхдэггүй.
Тэд хүмүүсийг аз жаргалтай болгож чаддаг.
Бумбын амьдралд ажил мэргэжил чухал байр суурь эзлэнэ. Залуу насандаа ажил албандаа санаа тавих нь ховор. Биеэ тоох нь хожуу хөгждөг. Бумба ухамсартай, хариуцлагатай, журамтай ажилчид болдог. Барьсан ажлаа маш сайн хийдэг.
Тэр жоохон удаан тиймээс ажлаа хойшлуулах хэрэггүй. Эгэл жирийн болон өдөр тутмын ажил түүнд тохирдоггүй.
Хамт олны дунд сайн ажилладаг. Найрсаг, сайныг хүсэж ерөөсөн түүнийг хамт ажиллагсад нь хүндэлдэг мөн удирдлагатайгаа ч сайхан харьцаатай. Бусдын бодол санаанд анхаарал хүндэтгэлтэй ханддаг, атаархуу биш. Санаа төлөвлөгөөгөө сайн биелүүлж чаддаг.
Удирдлага нь түүнийг онцгойлж, албан тушаалд дэвшүүлдэг. Ажлаа хуваарилж чаддаг сайн удирдагч болно.
Хэдий Бумба нь сайн ажилтан ч мөнгө олж чаддаггүй, мөнгөнд бага сонирхолтой бүр эс тоомсорлоно. Ядуу зүдүү байдлын улмаас нас барсан олон алдартай Бумбууд байдаг. Тансаг, баян байдал зэрэгт татагддаггүй. Ажилладаг нь мөнгөний төлөө биш. Даруухан дунд зэргийн амьдралыг болж байна гэж үзнэ. Мөнгөтэй болонгуутаа хураахаасаа илүү дуртайяа үрнэ.
Бумба нь урлаг, багш, боловсрол, уран бүтээл, хууль, нийгэм судлал, сэтгэл судлал зэрэг салбаруудад илүү сайн байна. Нийгмийн ажлыг сайн хийдэг. Кино, телевиз, радио зэрэгт Бумбууд өөрсдийгөө сайн илэрхийлж чадна. Бумба нь агаарын тэмдэг тул агаарын болон нислэгийн салбар нь түүнд их ойрхон. Мэргэжлийн стюардесс болж чадна.