Монголын үндэсний музейд “Буган чулуун хөшөө” нэгдсэн үзэсгэлэнг өнөөдөр нээлээ. Буган чулуун хөшөө нь Монгол нутагт оршин буй хүрлийн үеийн өвөрмөц дурсгал юм. Түүнчлэн Төв Азийн нүүдэлчдийн ертөнцийг үзэх үзэл, урлаг, шүтлэг бишрэл, тэдний нийгэм, аж ахуй, овог аймаг хоорондын харилцаа холбоо зэрэг олон талт ой санамжийн асар их мэдээллийг агуулсан, дахин давтагдашгүй, хосгүй үнэт өвд тооцогддог.
Энэ оны 9 дүгээр сард ЮНЕСКО-ийн дэлхийн өвийн жагсаалтад Монгол улсаас шинээр бүртгэгдсэн “Буган чулуун хөшөө, хүрлийн үеийн холбогдох дурсгалууд”-ыг олон нийтэд таниулах, түгээн сурталчлах зорилгоор тус үзэсгэлэнг дэлгэжээ.
Үзэсгэлэнд бугын дүрслэл бүхий археологийн олдворууд, буган чулуун хөшөө болон түүний хуулбар, бугын дүрслэл бүхий чимэглэлтэй хувцас хэрэглэл, бугын яс, эвэр эд зүйл зэрэг угсаатны зүйн холбогдолтой цуглуулга үзмэрүүд багтаж байна. Буга болон буган чулуун хөшөөний дүр дүрслэлээр зохиомжилсон орчин үеийн дүрслэх урлагийн бүтээл хийгээд буга хэмээх амьтны биологийн төрөл зүйл, онцлогийг харуулсан байгаль амьтны үзүүлэн зэрэг музейн цуглуулга сан хөмрөгийн олон төрлийг нэгэн үзэсгэлэнд сэдэвчлэн багтааснаараа онцлогтой юм.
Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, доктор Н.Уртнасан “ЮНЕСКО-ийн дэлхийн өвийн жагсаалтад бүтээл бүртгүүлэхэд зургаан үндсэн шалгуур тавьдаг. Түүний хоёр шалгуурыг хангаж, Монгол улсаас “Буган чулуун хөшөө, хүрлийн үеийн холбогдох дурсгалууд” бүртгэгдлээ. Тодруулбал, хүн төрөлхтний ур ухаанаар бүтээгдсэн, урлагийн гайхамшигт бүтээл байна гэсэн шалгуурыг хангасан бөгөөд үнэхээр сор, дээж бүтээл байна гэдгийг хүлээн зөвшөөрсөн.
Монголын нутагт эрт ба одоо цагт бүтээгдсэн бүх урлагийн бүтээл дотроос дэлхийн өвд анхны удаа бүртгэгдсэн Монголын бүтээл боллоо. Энэ бол бидний бахархал юм. Өвөг дээдсийн бидэнд үлдээсэн гайхалтай бэлэг дурсгал. Их Эзэн Чингис хаан Их Монгол улсыг байгуулж, бидэнд энэ газар нутгийг үлдээхдээ хөрсөн дээр болон доор агуу их баялаг, уран бүтээлийн өв уламжлалыг үлдээсэн байна. Эдгээр өв уламжлалаас бид дөрвөн бүтээлийг дэлхийн өвд бүртгүүлсэн.
Монголчуудын бүтээлч сэтгэлгээ зөвхөн өнөөдөр биш асар эрт цагаас хөгжиж байсан гэдгийг буган хөшөө дурсгал харуулж байна. Манай залуу үеийнхэн энэ буган чулуун хөшөө дурсгалыг бүтээсэн агуу хүмүүсийн адил сэтгэж, шинэ инновацийн бүтээлч байгаасай гэж хүсэж байна” гэв.
Монголын Үндэсний музейн сан хөмрөгийн үзмэрээс гадна Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музей, Байгалийн түүхийн музей, Уран зургийн галерейн үзмэр цуглуулгаас дээжлэн нийт 100 гаруй биет үзмэр дэлгэгдэж байна. Түүнчлэн буган чулуун хөшөө тэдгээрт холбогдох гэрэл зургийг МҮМ-н ЭША Ч.Баяндэлгэр, Ж.Баярсайхан (Ph.D), ШУТИС-н багш С.Бат-Эрдэнэ (Ph.D) нарын бүтээлээс оролцлоо.
Үзэсгэлэнд буган хөшөөний дүр дүрслэл онцлог хийцийг дижитал технологи VR, AR төхөөрөмжөөр үзэх, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан тайлбар, боловсролын хөтөлбөр, буган чулуун хөшөөг судалсан эрдэмтний олон нийтэд зориулсан лекц, сэдэвчилсэн тайлбарт аялал, гэр бүлийн хөтөлбөр зэрэг арга хэмжээг тэгш хүртээмжтэйгээр нийтэд толилуулна.
Тус үзэсгэлэн ирэх сарын 15 хүртэл олон нийтэд нээлттэй ажиллана.