Өндөр Гэгээн Занабазарын мэндэлсний 390 жилийн ойд зориулсан “Өндөр гэгээний өв” үзэсгэлэнг Г.Занабазарын музейд нээлээ.
Халхын Анхдугаар Богд Жавзандамба хутагт, Өндөр гэгээн Занабазарын мэлмий гийсний 390 жилийн ой энэ онд тохиож байна. Түүний түүхэн гавьяа, үлдээсэн өвийг олон нийтэд таниулах зорилготой тус үзэсгэлэнд урлаг судлалын ухааны доктор, профессор, зураач, уран барималч С.Бадралын хувийн цуглуулгаар байгуулсан “Чингис, Монгол өв соёл” музейн сан хөмрөгөөс оюун санааны өв болох судар ном, соёмбо үсгийн дурсгал, Жанлав Цогзол судрын хуулбар, хөрөг зураг болон бурханы шашинтай холбоотой мянга орчим биет үзмэрийг дэлгээд байна.
Уран баримал бол хүний зүрх сэтгэлээс гарсан хөдөлшгүй, бодитой гал дөл юм.
Урлаг судлалын ухааны доктор, профессор, зураач, уран барималч С.Бадрал, “Өндөр гэгээнтэй холбоогүй зүйлсийг дэлгэе гэж бодсонгүй. Түүний тарни уншлагатай арвайн гурилаар бүтээсэн хонь, Ламын гэгээний шавь өвөг дээдсийн минь буян хишгийн сав зандан хувин, модон ховд зэрэг 17-18-р зуунд хамаарах дурсгал тэргүүтэй 1000 гаруй зүйлсийг дэлгэлээ. Ихэвчлэн цаасан дээр зурсан, барласан бүтээлүүд түгээмэл бий. Хуучин цагт түгээмэл байсан бол одоо ховордсон, нүдний гэм болж буй дурсгалууд олон байна. Үүнийг л хадгалж, тайлбарлаж, хойч үедээ өвлүүлэн явах ёстой юм.
Өндөр гэгээн Занабазарыг анхдугаар богд гэдэг л болохоос, тэрээр зураач, барималч, яруу найрагч хүн юм. Уран баримал бол хүний зүрх сэтгэлээс гарсан хөдөлшгүй, бодитой гал дөл юм. Түүний ур ухаан, урлахуйн эрдэм нь монгол эмэгтэйн гоо сайхан биеийг дотоод гэгээрэлтэй нь хамт илэрхийлж гаргасан. Үүгээрээ ч дэлхий дахинд гайхагдаж байна.
Монголчууд энэ гайхалтай хүнийг төрүүлснээрээ бахархаж явах ёстой. Өөрөөр хэлбэл, бидэнд оюун санааны, урлагийн эх өвийг үлдээсэн гэж баярлаж явах ёстой. Өнөө цагт дэлхийн улс орнууд газар нутгаа булаалдан дайн дажинтай байхын зэрэгцээ эд баялаг, өв соёлоо булаалдаж байна. Мөн цахим орчинд оюун санааг эзэмдэх гэсэн маш их тэмцэл болж байна.
Эдгээр үзмэрийг 1980-ад оны сүүлчээс 30 гаруй жил цуглуулсан. Нийгэм өөрчлөгдөж байсан тухайн цаг үед хүн бүр өөрт хэрэггүй зүйлсээ ТҮЦ, хоршоогоор зарж байх үеэс л содон юм харагдвал сонирхож, боломжоороо авдаг байсан.
Орост оюутан байхдаа авч ирсэн бийр, багс зураг зүйлсээ зарж, Гандангийн ТҮЦ, Нарантуул, Дэнжийн мянга захаас анх авдаг байсан. Сэмэрхий цаас ч байсан авна. Энэ дэлгэсэн дурсгал цаасан бичээс энд харагдаж байгаа шиг ээ сайхан тэнэгээр ирэхгүй. Үрчийлгээд базчихсан, хунирсан, сэмэрсэн зүйлс ирдэг. Эдгээрийг нэг бүрчлэн тордож, арчилж явдаг. "Дуслыг хураавал далай, дуулсныг хураавал эрдэм" гэдгийг үлгэрээр ингэж худалдаж авсаар нэг мэдэхэд нэлээн цуглуулгатай болчихсон.
Миний анхны цуглуулга Дэнжийн мянга захаас авсан хүрэл, төмрөөр хийсэн хас юм. Энэ нь шүрэн эрхиний бөөр, хув, мал амьтан болон шатрын сийлбэр, авдар, сав, зан үйл, угсаатны дурсгал гэж явсаар арвижсан.
Тухайлбал, Өндөр гэгээний тарни уншлагатай арвайн гурилаар бүтээсэн хонь, Ламын гэгээний шавь, өвөг дээдсийн минь буян хишгийн сав, зандан хувин, модон ховд, мөн нагац буурал аав Г.Пэрлийжамцаас үе дамжиж өвлөсөн дурсгалууд ч бий.
Хэрэв би эдгээрийг цуглуулаагүй бол хүмүүс хуучин, сэвтэй, муудсан гээд л галд өргөж, эсвэл устгасан байгаа. Эдгээр ховор нандин дурсгалаа дэлгэж буй нь монголчууд оюун санааныхаа өвийг нандигнаж, суралцаасай гэж хүссэн юм. Өндөр гэгээнтэй холбоотой дурсгал олон хүнд байдаг. Тэдгээрийг ард түмэндээ дэлгэн харуулаасай гэж хүсэж байна” гэв.
“Өндөр гэгээний өв” үзэсгэлэнг энэ сарын 21-нийг дуустал дэлгэх ажээ.